“Нэг тэнгэр” олон улсын байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй үндсэн хөтөлбөрүүдийн нэг болох гэр бүлийг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. Тус сургалтад эхний ээлжид нийслэлийн Баянзүрх дүүргийн төрийн өмчит 15 цэцэрлэгийн 30 аргазүйч, багш нар хамрагдаж байна.
Сургалтын гол зорилго нь эцэг, эхчүүдэд хүүхдийн эрүүл, саруул өсөлт хөгжил ямар чухал болохыг ойлгуулахын зэрэгцээ тэдэнд үр хүүхдээ зөв зохистой хүмүүжүүлэхэд туслах практик мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Мөн хүүхдийн хөгжилд гэр бүлийн орчны нөлөө, хүүхдийг хэрхэн дэмжиж, зөв дадал зуршилтай болгон төлөвшүүлэх талаар чиглэл өгдөг.
Хөтөлбөрийн ахлах зөвлөх Сара Клаусын хэлснээр, бага насны хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь зөвхөн хүүхдүүд гэлтгүй, эцэг эхчүүд, багш нарт ч маш том дэмжлэг болдог. Сургалтын үр дүнд оролцогчид эрүүл мэнд, шим тэжээл, хүүхэдтэй харилцах харилцаа, стрессийг бууруулах арга замуудын талаар мэдлэгтэй болж, цэцэрлэгийн боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна.
Сургалт дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.
Эх сурвалж: НЗДТГ