Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ сарын 22-нд эхлэх тус тэмцээнд эмэгтэйчүүд 1800, эрэгтэйчүүд 2000-аас дээш олон улсын чансаатай бол оролцох боломжтой бөгөөд бүсийн хүчирхэг орнуудын шилдэг шатарчид оюун ухаанаа сорихоор хуран чуулах юм.
Тэмцээний онцлог нь олон улсын чансаагаа ахиулах, шатрын цолны болзол биелүүлэх, улмаар Дэлхийн цомд оролцох эрх авах зэрэг өргөн боломжийг оролцогчдод олгож байгаа явдал юм. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 шатарчныг сонгон шалгаруулж оролцуулах бөгөөд тус шалгаруулалтын тэмцээн энэ сарын 7-9-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд нээлттэй хэлбэрээр зохион байгуулагдана.
Сонгон шалгаруулалтын эхний 20-д багтсан шатарчид 3.3 бүсийн аваргад оролцох эрхээ авах бөгөөд олон улсын шатрын ертөнцөд өндөр чансаатай Сингапурын 2600 рейтингтэй супер их мастер Тинг Жинг Яо тэмцээнд оролцохоо мэдүүлсэн байна.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо.