Монгол Улсын үндэсний брэнд болох төгрөгийн картыг БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонгконгийн төлбөрийн сүлжээнд ашиглах боломж бүрдлээ. Тодруулбал, ₮ логотой худалдаа, үйлчилгээний цэгүүдэд уг картыг хэрэглэж болох бөгөөд цаашид метро, такси, түргэн үйлчилгээний дэлгүүр зэрэг өдөр тутмын хэрэглээнд өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Монголбанк энэхүү боломжийг нээхийн тулд Хонгконгийн EFT Solutions компанитай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан. Ийнхүү олон улсын сүлжээнд холбогдсоноор төгрөгийн картын хэрэглээ хилийн чанадад өргөжиж байна.
Мөн 2012 онд анх нэвтрүүлсэн төгрөгийн карт 2024 онд Apple Pay үйлчилгээнд холбогдсон нь хэрэглэгчдэд ухаалаг утсаар дамжуулан төлбөр тооцоо хийх боломжийг олгосон.
Эх сурвалж: Монголбанк