Японд өнгөрсөн онд зээлийн карттай холбоотой цахим залилангийн хохирол 55.5 тэрбум иен буюу 370 сая ам.долларт хүрч, 1997 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн талаар NHK агентлаг мэдээлэв. Зээлийн карт гаргагчид, тэр дундаа Aeon Financial Service компани гэхэд л ганцаараа 66 сая ам.долларын алдагдал хүлээжээ.
Эдгээр гэмт хэргийн 92 хувьд хулгайлагдсан картын мэдээллийг ашигласан ба хуурамч цахим хуудас ашиглан карт эзэмшигчдийн хувийн мэдээллийг залилан авдаг болсон нь хохирол нэмэгдэх шалтгаан болж байна.
Цахим орчин дахь залилангийн эсрэг тэмцэхийн тулд зээлийн картын холбоо болон холбогдох компаниуд 2025 оны дөрөвдүгээр сараас хиймэл оюун ашиглан хууль бус гүйлгээний схемийг таних, хуурамч вэбсайтыг илрүүлэн интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдэд хаах хүсэлт хүргүүлэх систем нэвтрүүлж эхэлжээ. Мөн хуурамч худалдааны платформуудыг илрүүлэх, мэдээллийг блоклох арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: NHK