Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн гэр бүлийн 2024 оны нийт орлого 15.3 сая гривен буюу 340 мянга орчим евро болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд мэдээлжээ. Үүний 8.5 сая гривен нь улсын зээллэгийн облигациас, үлдсэн нь цалин, хадгаламжийн хүү, үл хөдлөх хөрөнгө түрээсийн орлого аж.
2023 онд тэдний орлого 12.4 сая гривен байсан бөгөөд түрээсийн төлбөрийг бүрэн хэмжээгээр авснаар өсөлт гарсан байна.
Харин Германы төрийн тэргүүнүүдийн хувьд Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер сар бүр 23 003 еврогийн цалинтай бол Канцлер асан Олаф Шольц депутатын нэмэгдэлтэйгээр 32 788 еврог сар бүр авч байсан тухай Focus сонин мэдээлжээ.
Forbes сэтгүүлээс гаргасан төрийн тэргүүнүүдийн цалингийн жагсаалтад Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг жилд 1.56 сая еврогоор тэргүүлсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден 400 мянган долларын орлоготойгоор дөрөвдүгээрт бичигджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 110 мянган еврогийн жилийн цалинтайгаар 28 дугаарт жагссан байна.
Путин 2023 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өгсөн мэдүүлэгтээ 2017-2022 оны хооронд 67.59 сая рублийн орлого олсон гэж дурдсан байна.
Эх сурвалж: DW, Focus, Forbes.