Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгахаа мэдэгдлээ. Тэрбээр “Төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай бүтэц байлгаж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой” хэмээгээд зарим төслийн нэгжийг ч мөн татан буулгах ажлыг эхлүүлнэ гэдгээ хэллээ.
Эдгээр байгууллагууд нь тус бүрдээ тодорхой чиг үүрэг хүлээн ажилладаг бөгөөд:
-
Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйлчилгээг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлдэг бол
-
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцан төрийн бодлого, үйл ажиллагааг уялдуулах чиг үүрэгтэй.
Гэвч дүүрэг бүрт дээрх чиг үүргийг давхар гүйцэтгэж буй нэгж, хэлтсүүд ажиллаж байгаа нь чиг үүргийн давхцлыг бий болгож, төсөв, хүний нөөцийн үр ашгийг бууруулж байгааг онцолжээ.
Хуульд зааснаар, эдгээр байгууллагыг татан буулгах үйл ажиллагааг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой. Үүнд:
-
Хуулийн этгээдийг татан буулгасан тухай мэдэгдэх
-
Бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх
-
Улсын бүртгэлд татан буулгасныг бүртгэх
-
Хуулийн этгээдийг бүртгэлээс хасах
Энэхүү шийдвэр нь төрийн хэмнэлт, бүтцийн оновчлолыг хангах, чиг үүргийг төвлөрүүлэх, үр ашигтай зохион байгуулалт бий болгох зорилготой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ.