Мьянмарт 7.7 болон 6.4 магнитудын дараалсан хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 1700 гаруй хүн амиа алдаж, 3400 орчим хүн шархаджээ. Олон зуун хүн сураггүй алга болсон талаар тус улсын эрх баригчид ням гарагт мэдээлсэн бөгөөд АНУ-ын Геологийн албаны загварчилсан үнэлгээгээр энэхүү гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 10 мянгаас давж болзошгүйг Reuters онцолжээ.
Газар хөдлөлт Мандалай хотоос 17 км-ийн зайд, газрын 10 км-ийн гүнд болж, хамгийн ойр байрлах 300 мянган хүнтэй Сагайн хот хамгийн хүнд хохирол амссан байна. Дараагийн газар хөдлөлт олон улсын нисэх буудлын ойролцоо бүртгэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
НҮБ энэ гамшгийг хамгийн их үхэл дагуулсан байгалийн аюулт үзэгдэл хэмээн тодорхойлсон бөгөөд:
-
Мандалай хотод шашны байгууламжууд нурж, олон хүн нурангид дарагдсан, Иравади голын нэг гүүр эвдэрсэн.
-
Таунгу хотод сургуулийн барилга нурж таван хүүхэд амиа алдсан.
-
Нейпьидо хотод 1000 ортой эмнэлэг нурсан, зам гүүр, цахилгаан, холбоо тасарч, тус улсын зургаан районд онц байдал зарлаж, олон улсын тусламж хүссэн байна.
Бусад улс орнуудад мэдрэгдсэн нөлөө:
-
Тайландын нийслэл Бангкокт барилга хүчтэй ганхаж, гудамжинд олон хүн гарч, барьж байсан байр нурж 10 хүн амиа алдсан.
-
Хятад болон Энэтхэг, Вьетнамд газар чичирхийлэлт бүртгэгдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.
Энэ удаагийн газар хөдлөлт нь Мьянмарын газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Сагайн хагалбарын дагуу гарсан бөгөөд тус улс өмнө нь 2012 онд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд өртөж байсан түүхтэй. Одоогийн байдлаар аврах ажиллагаа үргэлжилж байгаа ба нурангид дарагдсан иргэдийг илрүүлэх тусам амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж байна.
Эх сурвалж: OfficeLife.media, Евроньюс, Reuters.