Монгол Улсын СГЗ, “мастер дархан” Жаалын Пүрэв агсны урласан олон бүтээл Дундговь аймгийн музейд хадгалагдаж байна.
Нутагтаа “уран” хэмээн алдаршсан Ж.Пүрэв удам дамжсан унаган авьяастай уран дархан. Гол төлөв төв халх хийцээр хөөмөл, цутгуур, баримлын аргаар алт, мөнгө, зэс гууль, үнэт эрдэнийн чулуу, үнэт мод, арьс ширээр хослуулан урладаг онцлогтой.
Ж.Пүрэв монгол дархны шилдэг урлалын бүхий л аргыг чадварлаг эзэмшин, мөнгөн гүц, домбо, хослол, цар, хундага, мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй бүс, үсний даруулга, бурхан, сангийн войпор, хөөрөг, хүрд, цөгц, очир зэрэг 30 гаруй төрлийн 2400 гаруй бүтээл урлажээ. Түүний урласан уран дархны бүтээлүүд тус бүрдээ өвөрмөц онцлогтой, уран чамин хийцээрээ алдартай.
Бүтээлдээ алт, мөнгө, зэсийг орон нутгийн үнэт чулуугаар чимж, хослол аргаар хийдэг нь өвөрмөц шинжээ хадгалдаг ба түүний урласан монгол эмэгтэйн гоёлын иж бүрдэл, мөнгөн завьяа зэрэг нь музейд тавигдаж, соёлын өвд бүртгэгджээ.