x

Б.Лхагважав: Компаниуд татвараа төлөхгүй байх нь хулгайч-төртэй хийх тэмцлийн эхний алхам

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн билээ. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа. 

-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүн, сайд дарга нарт хариуцлага тооцохгүй бол татвар төлөхгүй гэж танхимаас мэдэгдлээ. Гэхдээ татвар төлөх бол Үндсэн хуульд заасан үүрэг. Төлөхгүй гэж уриалах нь хууль зөрчихгүй юү?

-Төр нийтийн санхүү буюу татвар төлөгчдийн мөнгийг төрийн институциуд, төрийн албан тушаалтнуудаас хэрхэн хамгаалах вэ гэдэг хамгаалалт Үндсэн хуульд байдаггүй юм. Үүнийг нь далимдуулсан булхай луйварын нэг хэсэг нь ЖДҮХС-гаар илэрч байна. Энэ сангаас УИХ, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд албан тушаалын давуу эрхээ ашиглан, хууль зөрчин зээл авсан нь тодорхой боллоо. Одоо бид нар яах вэ? Үндсэн хуулийн 2.1-д шударга ёс, ардчилсан ёс, тэгш ёсыг зарчим болгож ажиллана гэж төрийн үндсэн зарчмыг тусгасан. Мөн 5.1-д, төр нь өөрөө нийтийн сайн сайхны төлөө нийгэм, улс төр, эдийн засагт зохиуцуулалт хийж болно гэсэн байдаг. Зохицуулалт хийнэ гэдэг нь өөртөө давуу эрх бий болгоно гэсэн үг биш шүү дээ. Өнөөдөр ААН-үүдийн төвлөрүүлэх татвар нэг их наядаар давсан байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгө болох нийтийн санхүү хамгаалалтгүй байгаа нь тодорхой боллоо. Иймд хамгаалалттай болгох механизмаа танхим дээр төвлөрүүлж, хамтран ажиллах санал хүргүүллээ. Хэрвээ хамтран ажиллахгүй, хариуцлага хүлээхгүй гэвэл бид дараагийн алхмаа хийнэ.

-Тэр нь татвараа төлөхгүй байх явдал уу?

-Иргэн Үндсэн хуульд зааснаар дөрвөн үүргийг заавал биелүүлнэ. Үүний нэг нь хуулиар тогтоосон албан татвар төлөх үүрэгтэй. Мөн төр нь иргэнийхээ эрхийг зөрчсөн байвал иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нь төр өөрөө барагдуулна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл төр өнөөдөр өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байна. Хэрвээ төр өөрөө ингэж Үндсэн хуулиа зөрчиж болдог юм бол, иргэн ч гэсэн энэ хулгайч нараас нийтийн санхүүг хамгаалахын тулд  татвар төлөх журамт үүргээсээ татгалзах эрхтэй. Бид эрх баригчдыг шийдвэрийг харж хүлээж байна, илүү нарийн яривал ирэх улирлын сарын татварыг төлөхгүй, ААН, иргэд өөрсөддөө зарцуулъя гэж байгаа. Төлсөн татвар маань нэгэнт л хулгайч нарт очоод байгаа юм бол компаниуд дотроо, ядаж ажилчиддаа зарцуулъя л даа. 2018 оны төсөв нэгэнт биелсэн, дээр нь нэг их наядаар давсан учраас Засгийн газар бидэнд гомдлоод байх шаардлагагүй.

-Хэрвээ аж ахуйн нэгжүүд нэг сар татвараа төлөхгүй гэвэл улсын татварын орлого хэчнээн төгрөгөөр багасах вэ?

-Хэрвээ нэг сар татвараа төлөхгүй бол улсын орлого 600 тэрбум төгрөгөөр тасарна. УИХ  ирэх жил татварын орлогыг 1.2 их наядаар өсгөнө гэж төсвөө баталсан. Энэ тохиолдолд татвараа төлөхгүй зөвхөн нэг сар болоход ирэх оны төсвийн орлого жилийн дүнгээрээ биелэхгүй, тасалдах эрсдэл үүснэ.

-Өнөөдрийн байдлаар танхимд хэчнээн аж ахуйн нэгж бүртгэлтэй байна вэ. Бүгд татвараа төлөхгүй гэдэг дээр санал нэгдэж байгаа юу?

-Танхим бол хуулиар байгуулсан ТББ. Бизнесийг хамгаалдаг гэдэг утгаараа бүх татвар төлөгчийг өмгөөлөх үүрэгтэй. Тиймээс манайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 157 мянган аж ахуйн нэгж хамаарна. Танхимд бүртгэлтэй 3600 компани бий. Үүнээс топ 100 компани нь ДНБ-ий 93 хувийг үйлдвэрлэж байгаа. Энд төрийн өмчит 16 компани багтаж байгаа. Гэхдээ энэ 16 компани ДНБ-ий 37 хувийг үйлдвэрлэдэг. Ер нь улсын татварын гол орлогыг 500 компани бүрдүүлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн маань татварын орлогын хоёр хувийг бүрдүүлдэг боловч идэвхтэй ажиллаж, 800 мянга гаруй хүнийг ажилтай, орлоготой байлгадаг том салбар. Ийм олон хүнийг ажилтай, орлоготой байлгаж, нийгэмдээ үйлчилж байгаа маш том хариуцлага.

-Гэтэл үүнээс ч илүү олон ажлын байр бий болгох  зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлд хуваарилсан хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд дээгүүрээ хуваагаад авчихсан байгаад нийгмээрээ бухимдаж байна. Танхимын мэдэгдэл ч энэ бухимдлын нэг хэлбэр байх, тийм үү?

-Манай мэдэгдэл бол бухимдлаас гадна тэмцлийн нэг хэлбэр. Татвараа төлөхгүй гэдэг нь тэмцлийн эхний л алхам. Үндсэн хуулийн 2.1-д зааснаар төр тэгш байдлыг хангах үүрэгтэй. Төрийн гол зарчим нь энэ. Төр тэгш бололцоог бизнес эрхлэгчдэд хангаж өгөх үүрэгтэй. Тиймээс лицензээр, татвараар, татаасаар энэ үйл явц илэрдэг. Шударга бус байвал ийм байдал бий болдог. Ирэх жилийн баталсан төсвөөр 22 санд нийтдээ 3.7 их наяд төгрөг суулгаснаас 90 орчим хувийг нь эрүүл мэндийн сан, нийгмийн даатгалын сан аваад буцааж хэрэглэдэг. Гэтэл энэ сангуудаар дамжиж байгаа татвар төлөгчдийн мөнгө өөрөө хамгаалалтгүй, хяналтгүй байна гэсэн үг. Үндсэн хуульд зааснаар төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэний эрх хохирсон бол хохирлыг төр барагдуулах үүрэгтэй. Хэрвээ ЖДҮ-ийг дэмжих сангаас 100 аж ахуйн нэгж зээл авсны 90 нь төрийн албан тушаалтан байгаа  бол дараагийн 90-д нөхөж олгох ёстой гэсэн үг. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын аль, аль нь энхийн цагаан тагтаа болох гэж, өөрсдөө буруугүй мэт болж гарах гэж зүтгэж байна. Бие биедээ ял өгөх гэж зүтгэж байна. Энийг шийддэг газар нь Цэц. Даанч Үндсэн хуулийн Цэц өнөөдөр унтаа байгууллага болсон. Тийм л шударга ёс тогтоох гээд байгаа бол УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ өг. УИХ-ын  гишүүд холбогдсон энэ асуудал нь Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү, огцруулах үндэслэлтэй юу гэдгээр УИХ-ын дарга өөрөө шууд Цэцэд хандаж болно. Ерөнхий сайдад ч ийм эрх бий. Иргэд ч ингэж хандаж болно. Хамгийн гол ялгаа нь, УИХ-ын дарга, эсвэл Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг Цэц ажлын таван хоногт багтаан хянаж, дүгнэлтээ гаргах хуультай. Энгийн иргэнийх бол хэдэн сар сунжирна, аягүй бол шийдэгдэхгүй мартагдана. Бас Ерөнхийлөгчөөс прокурорт хүсэлт гаргах, Цэцэд хандах эрх бас бий.

-Хариуцлага тооцох гэхээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрт эрх мэдэл нь байхгүй юм биш үү. Бид хоёр шүдгүй арслан шиг байна гэж Ерөнхий сайд хэлсэн?

-Ерөнхий сайд өөрийгөө шүдгүй арслан гэх юм. Гэтэл хариуцлага тооцоход ашиглах, хуулийн үндэслэл болгох “шүд” Цэц, Цэцийн дүгнэлт шүү дээ. “Шүдгүй” биш, харин байгаа “шүд”-ээ  бүрэн ашиглах улс төрийн сонирхол байна уу, үгүй юү гэдэгт л учир бий байх. Уг нь нийгэмд өнөөдрийнх шиг, ЖДҮ-гийнх шиг асуудал үүссэн тохиолдолд Үндсэн хуулийн Цэц өөрийнхөө санаачилгаар ажиллах ёстой юм. Харамсалтай нь, манай Үндсэн хуулийн манаач нар тэгж ажиллахгүй байна.

Төр нь өөрөө нийтийн мөнгөнөөс хулгайлж байгаа тохиолдолд Цэц өөрөө санаачилгаар ажиллах ёстой. Дахиад хэлэхэд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүч нь байгаа шүү. Та нарын “соёо шүд” чинь Цэц шүү.

-Гэхдээ Үндсэн хуулийн Цэцэд хандлаа ч гишүүдийнх нь томилгоо улс төрийн нам, Ерөнхийлөгчөөс хараат байгаад байгаа тохиолдолд Цэц шударга шийдвэр гаргах уу?

-Төрийн аудитад итгэхгүй байна. Яагаад гэвэл ерөнхий аудитор нь зээл авсан хэрэгт холбогдсон. Бас прокурорын орлогч холбогдлоо. Тиймээс цэвэр үлдсэн ганц байгууллага нь Цэц байна. Тиймээс одоо л Цэцийг харъя.  Үндсэн хуулиа хамгаалж чаддаг эсэх, улстөрчдөөс хараат бусаар ажиллаж чаддаг эсэхийг харъя. Хэрвээ Үндсэн хуулиа, эрх зөрчигдсөн иргэдээ хамгаалж чадахгүй бол, уучлаарай, ард түмэн бүгдийг нь солих эрх нь нээлттэй. Ард түмнээсээ хулгайлдаг, Үндсэн хуулийн зарчим биелүүлдэггүй төрийн байгууллагууд, төрийн зүтгэлтнүүд бидэнд хэрэггүй. Тэдэнтэй хуйвалддаг Цэц ч хэрэггүй.

Ер нь нийтийн өмчийг хамгийн өндөр албан тушаалтнууд улс төрөөр дамжиж хувааж авдаг. Дээр нь, нийтийн санхүүг бас хуваадаг боллоо. Энэ нь манайхыг цэвэр мафийн систем рүү оруулсан. Үүнийг засах, зогсооход Үндсэн хуулийн Цэц хамгийн их үүрэгтэй.

-Цэц зогсоож чадахгүй бол яах вэ?

-Хамгийн энгийн арга нь ААН-үүд татвараа төлөхгүй байх. Төрийг өөрийг нь мөнгөгүй болгох хэрэгтэй. Ард түмэнд эрх нь бий. Татвараа төлөхгүй гэдэг бол бидний хамгийн том давуу эрх. Төрийг мөнгөгүй болгоод, дараа нь хяналтын механизмаа тавина. Хамгийн гол нь бүх хариуцлагыг үүрүүлэх ёстой. Сүүлийн зургаан жилийн их мөнгөний хэргүүдийг шийдэх ёстой. Одоогийн УИХ-ын гишүүн, сайд дарга нарын зээл авсан асуудал, өмнөх Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөр, таван тэрбум ам.долларын бондыг хуваасан этгээдүүдэд ч хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Асуудлын хойно, хөшигний ард нуугдаж, шударга царайлж үлдэнэ гэсэн ойлголт байж болохгүй. ЖДҮ-гээр далимдуулж, өмнөх том хэргээ нуух гэсэн санаархал маш их явж байна. Нэгэнт гал асаасан бол эцсийг нь хүртэл дүрэлзүүлээд дуусгах ёстой.

-Гэхдээ том мөнгө, том улстөрчдийн цаана том аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг нуугдаж байдаг. ААН-үүд өөрсдөө улстөрчдийг лоббидож, мафийн системийг үүсгэхэд өөрсдөө оролцдог. Энэ хамаарлыг яаж, хэрхэн таслах юм бэ?

-Нэг талаар энэ үнэн. Төрийн бизнест бүх аж ахуйн нэгж оролцож байгаа. Тиймээс аж ахуйн нэгжүүдэд ч бас шударга тоглох бололцоог нь олгох ёстой. Би Татварын багц хуулийг баталчихаач гэж олон жил ярьж байна. Хэрвээ энэ хуулийг баталчихвал 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тоглоомын дүрмээ шударга болгоё гэж байгаа юм. Зах зээл дээр шударга өрсөлдөөнөөр л ажиллая. Нийтийн мөнгө, нийтийн санхүүгээс хулгайлдаг механизмаа хаагаад өг. Нийтийн мөнгийг нийтэд нь хэрхэн зөв зарцуулж чадсан нь орчин үеийн улстөрчдийн гол шалгуур болсон. Хулгайгүй, хулхигүй, шударгаар хуваарилж, захиран зарцуулах нь чухал. Энэ бол нэг тал. Нөгөө нь, бид ардчиллаар олж авсан үнэт зүйл, эрх чөлөөгөө хамгаалах хэрэгтэй болсон байна. Эдийн засгийн эрх чөлөө, дээр нь ардчиллаар бий болсон парламентын засаглалаа авч үлдмээр байна. Энэ чинь сүүлийн 27 жил бий болгосон бидний үнэт зүйл. Энэ үнэт зүйлээ хамгаалах нь иргэн болгоны үүрэг. Хэрвээ Цэц энэ асуудлыг дийлэхгүй бол ард түмэн нэгдэнэ. Ялангуяа нийтийн мөнгөний хуваарилалт буюу сангуудын ил тод байдлаар танхим дээр төвлөрч яръя гэж уриалж байна. Өнөөдөр УИХ, энэ Засгийн газарт найдахгүй байна. Яагаад гэвэл, аль аль нь  дотроо хулгайчтай байгаа  учраас эд нарын дэргэд зөвлөл, ажлын хэсэг байгуулж, биесээ шалгана гэдэг үлгэрт итгэх хэрэггүй. Үүний оронд танхим дээр зөвлөл байгуулаад, гаднын аудитын байгууллага авчраад шалгалт хийлгэеУчир нь, төрийн аудит нь өөрөө хулгайч болсон. Бид ОУВС-д хүсэлтээ тавиад тэдний мэргэжилтнүүдийг авчраад хамтран ажиллах гарц бас байна. Нөгөө талд, ОУВС-д итгэхгүй асуудал байж болно. Учир нь манай арилжааны банкууд руу шалгалт орлоо гэсэн чинь үр дүн нь маш эргэлзээтэй гарсан. Тиймээс тэднээс өөр экспертүүдийг дуудаж ажиллах боломж танхим дээр нээлттэй. Гаднын аудитын байгууллага урьж авчраад төрийн 21 санг шалгая, төрийн концесс, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгуулах бүрэн боломжтой.

Манай улстөрчдийн увайгүй, ёс зүйгүй нь ард түмний өгсөн ташуурыг ойлгохгүй юм. Өмнө нь өөрсдөө улсаа дампууруулсан хэрнээ энэ дүйвээн дор дараагийн сонгуульд эрх мэдэл авна гээд мөрөөдөөд давхиж яваа. Ард түмэн, татвар төлөгчдөө битгий басамжил, тэд мартаагүй гэдгийг хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: iToim.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 11 цаг 43 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 11 цаг 44 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 11 цаг 44 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 11 цаг 46 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 11 цаг 48 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 11 цаг 49 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 11 цаг 51 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 11 цаг 52 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 11 цаг 54 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 11 цаг 55 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 11 цаг 56 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 11 цаг 57 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 11 цаг 59 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 0 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 1 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 2 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 3 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 5 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 6 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 7 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top