x

ЖДҮ: #3айлуулъя, гэхдээ ингэж гоё зайлуулъя

Зайлцгаа! Өнгөрсөн урт амралтын турш нийгмийн сүлжээнд хамгийн олонтаа бичигдсэн үг. Артгаагийн ийм нэртэй бичвэрийн хандалт түүхэн дээд амжилт тогтоожээ. Бөөгийн догшин сахиусны тамлага шиг энэ нийтлэл Монгол бахархалын өдрүүдээр бачимдуулав. Ямартаа ч монголчууд “ЖДҮ-ийнхэн”-ийг зайлуулъя гэдэг нэг саналтай байна. Зайлуулах төрөл бүрийн санаачлага ч гараад эхэлжээ. Сэтгүүлч У.Болортуяа “Бид уучлахгүй” цахим жагсаал сэдэв. Түүний араас “Чингис” бондоос зуу зуун саяын зээл аваад хэрэг мандуулж, хэл ам таталсан “Эксклюзив Мааяа” ганцаараа “жагсаад”, бас “баривчлагдлаа”. Facebook-т нам бус залуучуудын “Нэхүүл” хөдөлгөөн асар хурдан сүрхий видео хийж. Залгаад 2000-аад оноос Сүхийн талбайг ажлын байраа болгосон хэд ч “жагсав”. “Хохирогчдын нэгдсэн холбоо”-ны Х.Оюунцэцэг нар үгээ хэлсэн цомхон цуглаанд ЖДҮ эрхлэгч нараас оролцсон эсэхийг мэдэхгүй. Шинэ хүн гэвэл “Чингис хаан”. Бид ямар нэг юм хийх гээд л байна, гэхдээ яг юу?!?

Хуулиа л дагана даа

ЖДҮ эрхлэгчдийн, ядаад шударга ёс нэхсэн иргэдийн нэгдэл үүсэх нь тодорхой харагдсан. Иргэд ЖДҮДС-аас авсан зээлээ эргүүлж төлсөн УИХ-ыг гишүүдийг ч #Уучлахгүй, улмаар шударга шүүхэд аваачих хүсэлтэй. Арга ядвал ирэх сонгуулиар тооцоо бодчих санаатай “Мартчихав аа” хэмээн өрөөлд битгий хэл өөртөө ч байн байн сануулж сууна. Ядахад өдөр бүр “ЖДҮ-ийнхэн” нэмэгдээд байдаг. Асуудал ганц ЖДҮДС биш ТЭДС, Мал хамгаалах сан гээд Засгийн газрын бүх тусгай сангуудыг хамрах нь тодорхой болоод ирлээ. Хэвлэлүүд аль нэг сангийн булхайг илрүүлэх далд уралдаанд ч орж мэднэ. Гэхдээ эзнийх нь эрх ашиг чухал учир уяаныхаа хирээр л явна. Харин иргэдийн сайн дурын нэгдэлд энэ удаа илүү найдъя. Зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох зам урт бөгөөд хүнд гэж Х.Тэмүүжин ярьжээ. Тэгэхээр “мэргэшсэн тэмцэгч” нарт санаачилгаа алдчихалгүй, алсын бараандаа юунд ч хүргэж мэдэх жагсаал цуглаанаас арай ухаалгаар тэмцэцгээе.

Ухаан нь, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийг яамдаас шаардах ёстой. 2011 онд батлагдсан энэ хууль хэрэгждэгсэн бол өнөөдөр бид ЖДҮДС-аас зээл авсан улстөрчдийг “илрүүлэх” гэж, тэд ч “илэрчихвий” цагаа үрж, мэдрэлээ зовоохгүй байлаа. Энэ хуулийг бид “мартчихсан” учраас тэд авгай хүүхэддээ тэрбум тэрбумаар зээл өгчихсөн хэрэг. Хуулийн 7.1.9 зүйлд “Салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээллийг цахим хуудсандаа байруулан тухай бүр шинэчлэх” гэж бий. Мөн “Төсөв, санхүүгийн ил тод байдал” хэмээх есдүгээр хэсгийн нэгд зааснаар санхүү нь Шилэн дансны тухай хуулиар зохицуулагдах учиртай. Бас уг хуулиар тодорхой төрийн байгууллагуудыг эс тооцвол бүгд тушаал шийдвэрээ нэг бүрчлэн сайтдаа байршуулах ёстой. Тэмцлээ эндээс ч эхэлсэн болно. Та төрийн байгууллагуудын сайт руу ороод “Тушаал, шийдвэр” хэсгийг нь үзээрэй. Сайд даргынх нь тушаалууд алаг цоог, нэр төдий бий. Уул шугамандаа бол бүх тушаал шийдвэр дэс дарааллаараа тавигдах учиртай юм.

Энэ хууль номоороо явдаг болчихвол одоо тачъяадуулаад байгаа бүх мэдээлэл ил болно. Үүнд ч бас цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ #Уучлахгүй, #Уучлахгүй, #Уучлахгүй гэж хий бувтнахтай үр дүн нь харьцуулшгүй. Яамд зөвхөн тусгай сангийнхаа мэдээллийг хууль ёсоор дэлгэхэд л “системийн хямрал” хаана байсан нь аяндаа харагдана. Эзэн холбогдогч нь ч тодроод ирнэ. Тэр цагт яах вэ гэж үү? Эрх зүйт төрийн иргэд хуулиа л дагана даа, толгойг нь тасдаж тойрон бүжихгүй шүү.

Тэдэнд гишгэх газар үлдээхгүй

“ЖДҮ-ийнхэн” бас дээр нь бусад сантай холбоотой 2006 оноос хойш мэдээлэл ил болбол нэгдсэн сан үүсгэх хэрэгтэй. Түүнд түшиглээд эзэн холбогдогчийг зургаар таниад сангаас мэдээллийг нь гаргаад ирдэг аппликэйшн бүтээх ажил үлдэнэ. Технологийн ийм шийдлээр авилгатай тэмцэх ажлыг санаачилсан хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Бразилийн Reclame AQUI компани Cannes festival of creativity 2018 наадмын “Каннын арслан” хүртсэн юм. 2017 оны 10 дугаар сард болсон сонгуулиар тус компаний бүтээсэн Corruption Detector-ийг хамгийн олон хүн татаж авсан учир дээрх шагналын эзэн болсон.  

Нэг зуун хорин сая сонгогчтой Бразилд энэ аппликэйшнийг долоо хоногийн дотор 400 000 гаран хүн утсандаа суулгажээ. Тиймээс Apple Store-ийн Бидний дуртай, Google Play-ийн Хамгийн эрэлттэй апп-аар тус тус шалгарсан. Харин мэндлээд удалгүй хэл ам дагуулсан нь тодорхой. Авилгач улстөрчид есөн шидийн л арга саамаар зогсоох гэж оролдоод бүр шүүхэд өгөх гэж ч үзжээ. Гэхдээ сонгогчид улстөрчдийн багийг хуу татах зэвсэгтэй болсон хойно улс орны нүүр царай ч өөрчлөгдөх нь дамжиггүй.

Бид өнөөдөр #Уучлахгүй гэж хичнээн үглэв ч үлдсэн хоёр жилийн хугацаанд ганц бүдрэхдээ л өөр юм яриад явцгаачихна. Харин технологи бидний богинохон ой санамжийг нөхнө. Тэр цагт сонгуулиар төрсөн эх нь ч танихын аргагүй “хувирдаг” авилгач, шамшигдуулагч, луйварчин, дүр эсгэгч нарыг андахаа болино. Түүнээс одоо #Уучлахгүй гэж хөмхий зуулаа ч хуулийн цоорхойг тэд олж таарна. Эсвэл зүгээр л цоолчихно. Бас ялгахын эцэсгүй хоёр луйварчны нэгийнх нь хатгалгаар нөгөөг нь “цээрлүүлсэн” ч шударга ёс тогтчихгүй. Тэгээд ч шударга ёс гэгч нь та бидэнд таалагдах шийдвэр биш хуулиар тогтдог эд. Түүний оронд Төөрсөөр төрөлдөө-ийн Балт шиг “Больцгоо, үхэх гэж хэвтэж байж яадаг муусайн сэгнүүд вэ. Гуравхан хоноод ингэж байгаа юм чинь сар болбол бүр алалцах нь ээ. Хэрвээ та хоёрыг зүгээр байхгүй болбол байна шүү чамд энийг, чамд энэ. Мэдэв үү!” гэсэн шиг зогсвол бидний зоо тэнийнэ дээ.#Зайлцгаа! 

Б.Батбаяр /newspress.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт эхэллээ 11 цаг 32 мин Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн тоо нэгдүгээр улиралд 164-д хүрчээ 12 цаг 37 мин “Хангарди” уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 52 дахь жилдээ амжилттай боллоо 12 цаг 44 мин "ABU Робокон 2025" үндэсний аваргууд өнөөдөр тодорно 13 цаг 30 мин Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв 13 цаг 33 мин Дэлхийн Банкны төлөөлөгч, “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай танилцлаа 13 цаг 52 мин Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мөнгө угаасан, завшсан хэрэг нэмэгдэв 13 цаг 57 мин Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ 14 цаг 50 мин Жилд таван мянган тонн хар тугалганы батарейг дахин боловсруулж байна 15 цаг 48 мин Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг санхүүгийн чадамжтай компаниар хийлгэнэ 15 цаг 52 мин Гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай 15 цаг 57 мин Б.Бэйсан: Гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд дахин нэмэгдэх магадлалтай 16 цаг 2 мин Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ 17 цаг 25 мин ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно 17 цаг 27 мин Европын Холбоо Apple, Meta компаниудад анх удаа торгууль ногдууллаа 17 цаг 27 мин “Tesla”-гийн ашиг 71 хувиар буурч, хувьцааны үнэ огцом унажээ 17 цаг 29 мин “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд боллоо 17 цаг 32 мин Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-г 2 сая хүн ашиглаж байна 19 цаг 5 мин Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан 19 цаг 18 мин Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 19 цаг 50 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене...
Top