"World Ballet Grand Prix Tokyо" уралдааныг энэ сарын 2-4-нд Японы Токиогийн Митака хотод амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус уралдаанд "Монголын балетын хөгжил сан"-гийн суралцагчид өндөр амжилттай оролцлоо. Тухайлбал, 6-8 насны ангилалд А.Лхагватуяа багштай баг алтан медаль, 9-10 насны ангилалд Ч.Ганчимэг багштай баг алтан медаль, 12-15 насны ангилалд Ц.Жаргалан багштай баг алтан медаль тус тус хүртжээ.
Түүнчлэн гоцлол бүжгийн төрлийн "При жуниор" ангилалд Г Энхсондор алт, Б.Лагшимгара хүрэл медалийн эзэн боллоо. Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг тус уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж ажиллав.
Уралдааныг ЮНЕСКО (UNESCO) болон Олон Улсын Балетын уралдаануудын холбоо (FIBC)-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.