УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нууц амраг, араар тавилтаас болж жилд 6,000 хос салж 10,000 хүүхэд хагас өнчин болж байна. Араар тавилтын гэмт хэргийн улмаас хүүхэд маш их хохирч байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь араар тавиад аль буруутай нь хохирол төлж байгаа зарчим энэ хуульд орсон байна. Гэтэл тэр тогтвортой байсан гэр бүлийг салгасан хүнд хариуцлага тооцох механизм энд огт байхгүй байна. Сайхан амьдраад явж байсан гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагийг Эрүүгийн хуулиар яллаж, ийм гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийг нийгэмд бий болгомооргүй байна" гэв.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Хайр сэтгэл хуульчлагддаггүй. Энэ бол цэвэр ёс суртахууны асуудал. Хуульчилж огт болдоггүй харилцаа гэж байна. Гэр бүлийн хосын нэг нь гуравдагч хүн лүү харсныг хайр, шохоорхол, дурлал юм уу гэдгийг дотор орсон юм шиг мэдэхгүй шүү дээ. Гуравдагч хүнийг харж болохгүй гэж хууль бичиж болохгүй" гэлээ.