Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хийж буй холбогдох тооцоо, судалгаа дуусаагүй тул хэлэлцүүлгийг хойшуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн юм. Ингээд УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.