УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хурлын дараа мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ковидын төсвөөр нийтийн сонсгол хийхийг дахин шаардах болно" гэдгийг онцлов.
Тэрээр "УИХ дахь АН-ын зүгээс 2006 онд Хөгжлийн сан, 2009 онд Хүний хөгжлийн сан гээд Эвслийн засгийн газар байх үед бүх санаачилгыг гаргаж ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ирээдүйн өв сангийн хуулийг өргөн барьж батлуулж байсан нь өнөөдөр үйлчилж байна. Энэ хууль зарчмын хувьд зөв хууль мөн.
Гэхдээ үүний цаана уул уурхайн баялаг төрийн өмчит компани гэдэг нэрээр улс төрчдийн өмч болдогыг харсан. Иймээс бид төр нь баян биш, иргэн нь баян, гэхдээ халамжаар угжуулдаг биш хөрөнгө оруулалтыг арга хэрэгслээр эзэмшдэг болох хэрэгтэй. Ирээдүйд "өр" биш "өв" үлдээдэг, эдийн засгийн тусгаар тогтнолыг томьёолсон хуулийн төслийн өргөн барихад бэлэн болсон.
Ирэх долоо хоногт УИХ-ын даргатай тов тогтоож уг хуулийг өргөн барина" гэлээ.