Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж байгаатай холбоотой асуудалд үр дүн гаргаж ажиллана. Амандаа орсноо хэлдэг, худлаа ярьдаг сайд байхгүй.
Хүчирхийллийг дэвэргэсэн, сурталчилсан мэдээлэл түгээхээс би хувьдаа шууд түдгэлзэнэ. Учир нь энэ төрлийн мэдээллүүд цахим орчноор их тархах тусам хэрэг ихсээд байна. Тухайлбал, өнгөрсөн 7 хоногт гэр бүлийн хүчирхийлэл өмнөх 7 хоногоос 3.5 дахин огцом нэмэгдсэн байна.
Тийм учраас хүчирхийллийн сэдэвтэй аливаа мэдээллийг хэдэн лайкийн төлөө түгээгээд байх тусам энэ төрлийн зөрчил, гэмт хэргүүд огцом нэмэгдээд байгааг хүн болгонд хандаж хэлмээр байна.
Хүчирхийлэлтэй эвлэрэхгүй л гэж байгаа бол энэ тухай мэдээллийг бүү түгээ" гэлээ.