Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал өчигдөр болж, хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцжээ.
Тус хурлаар Ардчилсан намын бүх шатны сонгуульт гишүүдийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжиж ажиллахыг чиглэл болгосон байна.
Мөн тэмцэгч, иргэн Д.Мөнх-Эрдэнийн асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний Эрхийн Үндэсний комисст асуулга хүргэх, Ардчилсан намын гишүүний ёс зүй, сахилгын журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан намын гишүүнчлэл, бүртгэл, шилжих хөдөлгөөний тухай журмын нэмэлт өөрчлөлт хийх тухай асуудлыг хэлэлцжээ.
Дашрамд, хэвлэлээр цацагдаж буй Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөрийг огцруулах тухай асуудал огт яригдаагүй гэдгийг Ардчилсан намаас мэдэгдэв.