БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон аравдугаар сарын 12-ны өдөр Парис хотын Элизейн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтан авлаа.
Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгч нарт хандаж, хамтарсан мэдээллээ хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал асуудлаар санал бодлоо солилцож, түншлэлийн түвшингээ ахиулан онцгой эрхт түншлэлийн харилцаа тогтоосноо хамтран тунхагласан. Танай сайхан оронд хийж буй энэхүү төрийн айлчлал нь гуравдагч хөршийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, хамтарсан тунхаглалын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэгдэж байна.
Монгол Улс, Европын Холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна.
Нэн чухал ашигт малтмал, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, гамшигтай тэмцэх, байгаль орчин, гамшигтай тэмцэх, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл их байна.
Монгол, Франц улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгоход энэ удаагийн төрийн айлчлал зохих үүрэг гүйцэтгэж, манай хоёр орны онцгой эрхт түншлэлийг бататган бэхжүүлж, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
Нант хотод дэлгэгдэх "Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн" үзэсгэлэн нь манай хоёр улсын түүхэн харилцааг Франц улсад төдийгүй дэлхий нийтэд сурталчлан таниулахад ач холбогдолтой.
Түүх соёлын арга хэмжээг дэмжсэн эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон Засгийн газарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье" хэмээн хэллээ.
Мэдээллийн дараа гарын үсэг зурсан зургаан баримт бичиг:
-
Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт Францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан
-
Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт Францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан
-
Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Орано групп”-ийн ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт
-
Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНФУ-ын “Thales Alenia Space” компанийн хоорондын харилцан ойлголцлын тухай Санамж бичигт Францын талаас “Thales Alenia Space” компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй, Монголын талаас Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал
-
Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай чиглэлээр хамтран ажиллах тухай Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо болон Монголын Үндэсний геологийн алба хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү
-
Бүгд найрамдах Франц улсын Геологи уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Геофизикийн ерөнхий компанийн Геологийн шинжлэх ухааны менежер Никола Салаун, Монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар гарын үсэг зурлаа.