Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцруулах албан шаардлагыг өнөөдөр АН-аас хүргүүллээ.
Энэ тухай АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга Н.Гансүх:
-"Д.Сумъяабазар гэдэг хүн дөрвөн хүн амь насаа адчихаад байхад яагаад албан тушаалтайгаа зууралдаад байгаа юм бэ? Түүнийг хотын даргаар ажиллахыг иргэд дэмжихгүй байна. Хотын даргыг бид сонгоогүй, улс төрийн томилгоогоор гарч ирсэн хүн. Өнөөдрийн байдлаар 18,552 иргэн хотын даргыг огцруулахыг шаардаж, гарын үсгээ зурсан. Энэ бол иргэдийн хүсэлт болохоос АН-ын улс төр биш. Ажлаа хийж чаддаггүй хариуцлагагүй хотын даргыг огцруулах нь шударга ёс болоод байна. Бид 72 цаг тэвчээртэй хүлээнэ. Албан ёсны хариу ирэхгүй бол илүү олуулаа болж дахиж ирнэ.
Үерийн асуудал давтагдсан. Анхны болон дараагийн үер дээр сайн ажилласан бол дөрвөн хүн амь насаа алдахгүй байсан. Хэрвээ хувийн хэвшил байсан бол, төрийн албанд ажлаа сайн хийгээгүй бол огцордог. Гэтэл улс төрийн томилгоо учраас намын бүлэг дээр ярилцсан гэдэг байдлаар хотын дарга нь хуралдаа суудаггүй, ажилдаа ирдэггүй. Тэгсэн мөртлөө хэвлэл мэдээлэлд мөнгө их зарцуулдаг" гэв.
Мөн "Нийслэлийн төсөв түүхэнд байгаагүй дүн буюу 1.7 их наяд төгрөг. Энэ мөнгөний 0.06 хувийг л үерийн гамшигт зарцуулсан байна. Хэвлэл мэдээллээр дандаа хотын даргыг магтдаг. Шүүмжилсэн сэтгэгдэл бүрийн устгаж байгаа. Монгол Улсад үзэл суртлын "дайн" явдал өрнөж байна. Дараагийн хотын даргыг нийслэлчүүд өөрсдөө сонгодог, ажиллаж чадахгүй бол огцруулдаг тогтолцоо руу бид орох ёстой. Шинэ үе учраас ах нараас айхгүй байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "намайг ард түмэн хамгаална" гэж ярьсан. Тэгвэл та одоо ард түмнээ Д.Сумъяабазараас хамгаална уу. Хэрвээ танд шударга ёсны илд байдаг юм бол нэг удаа гаргаж ирж үзүүлээч. Хотын даргад хариуцлага тооцмоор байна" гэлээ.