Зарим хэвлэлээр УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Сонгуулийн ерөнхий хороонд УИХ-ын ээлжит бус сонгуулийг ирэх намар зохион байгуулахтай холбоотойгоор бэлтгэл ажлаа хангахыг үүрэгдсэн мэдэгдэл явуулсан тухай мэдээлэл гараад буй.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэл гаргасан байна.
Мэдэгдэлд, "УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн” гэсэн нь ор үндэслэлгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, ХАРААТ БУС, БИЕ ДААСАН байгууллага болно.
Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглодог" хэмээжээ.
Дашрамд, саяхан "Шилэн нам" хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намуудын төлөөлөлтэй уулзахдаа "Хэрэв Үндсэн хууль өөрчлөгдөж, холимог тогтолцоонд орвол намар сонгууль болж болно. Өөрөөр хэлбэл та бүхэн дэмжиж, тогтолцоог өөрчилье, намар сонгууль хийе гэвэл татгалзах зүйлгүй" гэж байсан юм.