Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш Төрийн ордонд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх УИХ-ын Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөл, Үндэсний статистикийн хорооны төлөөлөл мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, Т.Доржханд мөн мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Олон нийтийн сүлжээнд тархаад байгаа Үндсэн хууль өөрчлөх гэж байна гэдэг зүйлд тайлбар хэлье. Тусгаар тогтнолд хамаарах зүйлийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хасах гэлээ гэж байгаа нь худлаа. Зөвлөлдөх санал асуулгад Шинэ Үндсэн хуультай холбоотой зүйл огт байхгүй.
Харин тухайн асуултад Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тулгамдаж буй асуудлыг үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд ярих юм.
-
Иргэний болон улс төрийн эрхтэй холбоотой асуулт;
-
Парламентын ардчиллын тухай;
-
Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах;
-
Нийгмийн бодлогод тулгамдаж буй олон асуудлыг тусгасан билээ.
Зөвлөлдөх уулзалт гэдэг нь ард түмнийхээ саналыг тэнцвэртэй мэдээллийн хүрээнд сонсох үйл явц юм. Тиймээс Зөвлөлдөх уулзалтад Шинэ Үндсэн хууль хэлэлцэх асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
УИХ-аас Зөвлөлдөх зөвлөлийн дотоод үйл ажиллагаанд нь оролцохгүй, зөвхөн дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй" гэлээ.