"No double standard" хөдөлгөөн, "Урбан" иргэдийн форумын төлөөллүүд Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх гэж буй асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Иргэн Э.Одбаяр "Өнөөдөр Монгол улсад тулгамдсан асуудал бол Үндсэн хууль биш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө. Удахгүй ил болгоно, шаардлагатай бол зарлана гэх мэт явсаар байна. Ерөнхий сайдын гараас гарсан зүйл алга. Бурууг бусдаас үргэлж хайдаг. Одоо түүний Засгийн газрын гол буруутан нь Үндсэн хууль болчихлоо. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулиа шинэчлэхийн тулд сүүлийн үед тогтолцооны өөрчлөлт гэх гоё үгийг ашиглаж байна. Нийгмийн хүнд хэцүү шилжилтийн цаг үед үүргээ гүйцэтгэсэн сайн хууль. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр удаа ухаж төнхлөө. УИХ нь Үндсэн хуулиасаа давсан хууль баталдаг.
Цаашлаад хууль тогтоох эрх мэдлээ шилжүүлдэг. Ковидын хууль харуулж байна. Манай улс Орос, Хятад биш. Үндсэн хуулиа хамгаална гэдэг зөвхөн Цэцийн асуудал биш. Төрийн бүх шатанд Үндсэн хуулиа сахин биелүүлж байж эрх мэдлийн хувиарлатыг алдагдуулахгүй байх нь чухал юм.
Шинэ Үндсэн хууль гэх төслийн тухайд 2022 оны долдугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайдын захирамж гарсан байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй ажлын хэсгээс УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх агуулгатай төслийг хүргүүлсэн байна. Эдгээр ажил нь Засгийн газрын захиалгатай хийгдсэн.
Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын 80 дугаар тогтоолд зөвхөн нийгэм, эдийн засгийн асуудлын агуулгаар санал асуулга авахаар болсон. Санал асуулга явуулахаас өмнө эрдэм шинжилгээний хурал, мөн нийгэм эдийн засгийн зөвшилцлийн чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Энэ үеэр Шинэ Үндсэн хуулийг хэвлэж, тараасан байна.
Гэвч Зөвлөлдөх санал асуулгад Шинэ Үндсэн хуулийн агуулгатай асуулт оруулж ирснийгээ Зөвлөлдөх зөвлөлөөс өчигдөр няцаасан. Ард нийтийн санал асуулгын журмаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. УИХ-ын тогтоолоор бүрдүүлсэн ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, Засгийн газар нь Шинэ Үндсэн хууль батлуулахаар зэрэгцэн ажиллаж байна.
Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульт байгууллагын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, Шинэ Үндсэн хуулийн асуудлыг Зөвлөлдөх зөвлөлийн санал асуулгатай зориуд холбон шургуулах гэж оролдсон. Түүнчлэн Шинэ Үндсэн хуулийг хэвлүүлэх зардал болох 1.2 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаагүй юм бол Ерөнхий сайд хувиасаа гаргасан уу эсвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гаргав уу? Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ сайд аа эхлээд "Бамбарууш" кафегаа нээчхээд дараа нь Үндсэн хууль яримаар байна" гэлээ.