Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр Зөвлөлийн гишүүн, хуульч О.Мөнхсайхан "Ардчилсан Үндсэн хуулийг халж, Шинэ Үндсэн хууль батлах уу гэсэн завсрын томьёолол байсан уу гэвэл байсан. “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” гэдгийг хуульч Б.Чимид багш хэлсэн байдаг. Үүнийгээ бүхлээр үгүйсгэх эсвэл халаад шинээр батлах нь хууль эрх зүйн хувьд ч бусад зүйлд ч байх боломжгүй.
Монгол Улсын Үндсэн хуульд зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулах, тодруулга хийх л боломжтой гэсэн үг. Энэ асуудал хөндөгдөж байсан учир байнгын хорооноос хянаж үзээд эргэн ярилц гэсэн чиглэл өгсөн.
Шинэ Үндсэн хууль батлах агуулгаар Зөвлөлдөх санал асуулгад асуулт оруулаагүй. Тодорхой нэг асуудал дээр нь шинэчилсэн найруулга, өөрчлөлтийн зүйл байх уу, үгүй юу гэсэн ганц л асуулт бий. Үүний цаана шинэ Үндсэн хууль гэсэн утга байхгүй" гэлээ.