Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Намрын ээлжит чуулганаар бие даасан хууль 18, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 271, УИХ-ын 38 тогтоол баталлаа. Бүхэлдээ намрын чуулган тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүллээ.
ШИНЭ СЭРГЭЛТ-ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ийн хүрээнд эдийн засаг, нийгмийн бодлого, засаглал-улс төрийн реформ, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийт 10 чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх зорилт тавьж байна.
Чуулганы завсарлагаар УИХ-аас “Ард түмнээ сонсъё” аяныг хэрэгжүүлж, УИХ-ын гишүүн бүр зөвхөн тойргоор хязгаарлахгүйгээр нийт ард иргэдтэйгээ уулзаж, ШИНЭ СЭРГЭЛТ- ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-ийн зорилгоо танилцуулж, ярилцан зөвшилцөх нь нэн чухал.
Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёс тогтоохыг ард иргэд маань шаардаж байгаа. Зүй ёсны энэ шаардлагад бодит хариу өгөхөд эрх зүйн шинэчлэлийн үндсэн зорилго чиглэж байгаа билээ. Энэ чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэн баталсан.
Уул уурхайн биржийн тухай хууль болон түүнийг дагалдан гарсан тогтоолоор эх орны баялаг, эдийн засгийн өсөлтийг хангагч уул уурхайн бүтээгдэхүүний дээрэм тонуулыг таслан зогсоох, олборлолт, үнэ, гэрээ, тээвэрлэлт нь ил тод байж, түүнийг ард түмэн хянах нөхцөлийг хуулиар бүрдүүллээ.
УИХ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан хянан шалгах чиг үүргээ шинэ түвшинд гаргахад онцгой анхаарч байна. Энэ хүрээнд 2021 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэж байна.
Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны эхний шатны сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, эргэн төлөлт, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, шинжээчдийн дүгнэлтийг сонслоо. Сонсголыг 3 үе шаттай хийнэ.
Хөгжлийн банкны асуудлаар 77 зээлд холбогдох 3,5 их наяд төгрөгийн асуудал хөндөгдөж байгаа юм. Монгол Улсын жилийн төсвийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө завших, цавчих замаар орсны учрыг олж, гэмт этгээдүүдэд хуулийн хариуцлага ногдуулах ёстой.
Хөгжил дэвшлийн шинэ ирээдүйн зүгийг тодорхойлох, тулгамдсан олон асуудлыг эрэмбэлэх, шийдэх арга замыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгын зорилго чиглэнэ.
Монгол Улсынхаа нийт ард иргэд та бүхэндээ сайн сайхныг хүсэж, удахгүй тохиох уламжлалт Цагаан сарын баяраа хотол олноороо тэгш дүүрэн угтахын ерөөл өргөе.
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье" гэлээ.