Ардчилсан Намын ҮБХ-ны ээлжит бус хурал өнөөдөр болж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын даргыг сонгох юм.
Намын даргад нэр дэвшигч Л.Гантөмөр мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Тэрээр “Өнөөдрийн хурлыг би эв нэгдлийн хурал гэж харж байна. С.Эрдэнэ, Х.Баттулга нарыг ирээсэй гэж хүссэн. Миний намын даргад өрсөлдөж байгаа шалтгаан бол бөөнөөрөө ард түмнээсээ дараагийн сонгуульд санал авахын тулд хүчээ нэгтгэх. Ардчиллыг буцаан сэргээе гэж бодож байгаа бол өнгө мөнгөнд битгий хууртаарай. Би Сүхбаатар дүүргээс дөрвөн удаа УИХ-д сонгогдохдоо мөнгө тарааж байгаагүй. Харин ард түмэнтэйгээ гар барьсан.
Өнөөдөр хэвлэлгүй бол би өрсөлдөгч рүүгээ илүү хатуу үг хэлэх байсан байх. Зургаан жилийн дараа АН-ын дарга болохоор явж байгаа нь миний амбиц биш. Би нэгдлийн төлөө зогсож байна. Би та бүхэнд сонголт өгөхийн төлөө зогсож байна. Би та нартай хамт ардчиллаа авахын төлөө зогсож байна. Бид улс орноо шударга байлгахын тулд ядаж л нам дотроо шударга байя" гэлээ.