Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн 2012 онд МҮОНТВ-ийн шууд ярилцлагад орж, сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулж байсныг хүргэж байна.
-Тэгэхээр өнөөдөр их онцлогтой өдөр байлаа. Арванхоёрдугаар сарын 21-нийг зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ хүлээж байсан. Чухам энэ өдрийг та яаж хүлээж байв аа. Үнэндээ таныг энэ өдрөөс зугтаах нь гэдэг цуу яриа гадуур тархсан байлаа?
-21-ний өдрийн талаар дэлхий нийтээрээ ярьж байсан. Янз бүрийн таамаглалууд хөвөрч байлаа. Тийм учраас хүмүүс ч их анхаарал хандуулсан. Тэдний нэг адилаар анхаарал хандуулж байлаа. Сүүл рүүгээ 21-ний өдөр дөхөөд ирэхэд үнэхээр янз бүрийн асуудал гарах вий гэж санаа зовж байсан. Твиттерээр жиргээчидтэй ярьсан л даа. "Шинжлэх ухаанд итгэ. Тайван байцгаа. Өөртөө итгэ, амьдралын туршлагадаа итгээрэй" гэсэн санаануудыг хэлж байлаа.
Ер нь бол цуурхал хурдан тардаг. Үнэн бол удаан үлддэг шүү дээ. Тийм учраас цуурхал маш хурдан тарж, хүмүүст айдас болгоомжлол бий болсон байх. Телевизийн сэтгүүлчид надаас ярилцлага авъя гэж хүсдэг. Харин өнөөдөр та нарт ярилцлага өгч таарлаа. 20-ны өдөр ярилцлагад орох урилга авсан л даа. Тэгээд 21-ний өдөр ярилцлагад орвол зүгээр байх гэж бодоод ирсэн. Үнэндээ энэ өдөр 14.00 цагаас эхлээд харанхуй болно гээд байсан ч тийм зүйл болсонгүй шүү дээ.
-Ерөнхийлөгч ярилцлага өгнө гэхээр нь "Заавал 21-нд байхдаа яахав дээ" гэж бодож байлаа. Та дэлхий сүйрэхгүй гэдэгт итгэлтэй байв уу?
-Би дэлхий сүйрнэ гэдэгт итгээгүй. Ер нь 21-нд гэртээ хүүхдүүдтэйгээ, гэр бүлийнхэнтэйгээ байхад сайхан л байх болов уу. Хэрэв гэр бүлийнхэн маань үнэхээр дэлхий сүйрч магадгүй гэж болгоомжилж байгаа бол шүү дээ. Гэхдээ би төрийн тэргүүнийхээ хувьд монгол хүн бүрийг тайван байлгах үүднээс хажууд нь очоод сууж чадахгүй учраас телевизээр айл бүхэнд оръё гэж үзсэн нь энэ. Тиймээс ард иргэддээ тайван бай, маргааш болдгоороо болно, шинэ өглөө эхэлнэ гэж хэлье. Харин 2013 онд хүмүүс дэлхийгээ илүү их хайрлаж, амьдралын үнэ цэнийг мэдэрсэн байх болов уу гэж бодоод байгаа юм. Аливаа зүйл хоёр талтай. 21-ний өдрийн сургаар алс хол яваа хүүхэд нь буцаад ирсэн ч тал байж магадгүй. Удаан уулзаагүй хүмүүс уулзаж, нэг гэртээ цуглах зэргийн сайн талууд ч гарсан байх. Ямартаа ч хүмүүсийг буруутгах аргагүй.
-Цуурхал их хүчтэй явсан учраас тэр үү, ахмадуудын бие муудахаас эхлээд сөрөг үзэгдлүүд нэлээд гарсан дуулдсан. Үүнээс үүдэж хариуцлага тооцох асуудал ч яригдаж байх шиг байна...
-Цуурхлыг далимдуулаад хулгай ч юм уу, хүний эрх, эрх чөлөөнд халдсан зүйл гарсан бол тэртэй тэргүй хуулийн дагуу арга хэмжээ авах байх. Хууль хяналтынхан ажиллаж байгаа. Би ч тэдэнтэй өнгөрсөн өдрүүдэд уулзсан. "Хараа хяналттай байгаарай, хэрэв цахилгаан тасарвал "Өвлийн ачаалал нэмэгдсэнээс болж техникийн саатал гарлаа" гэдэг үүднээс тайлбарлаж, олон нийтийг тайван байлгах арга хэмжээ аваарай" гэж хэлсэн. Онцгой байдлын газруудад ч анхааралтай байхыг захисан. Чоно борооноор гэгчээр 21-ний өдрийг далимдуулж муу хүмүүс буруу юм хийх вий гэдэг үүднээс хаа хаанаа сэрэмжтэй байхыг анхааруулж байлаа. Ер нь Захиргааны хэргийн хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулна. Амьдрал баян учраас өмнө нь тооцоолж байгаагүй гэнэтийн зүйлүүд тохиолдвол хариуцлагын асуудлыг яаж шийдэхийг эдгээр хуулиудад оруулах хэрэгтэй юм байна.
-Таны 21-ний өдөртэй холбоотой уриалга гаргасныхаа дараа Хөвсгөл рүү явна гэсэн мэдээлэл байсан л даа?
-Ерөнхийлөгчийн хувьд надад тавьсан нэг зорилго бий. Тэр нь бүх аймгаар явах юм. Хөвсгөл рүү явна гэж аль ноднингоос төлөвлөсөн. Тэгээд 21-нээс өмнө явна гээд төлөвлөчихсөн байсан ч больж, энэ өдрийн дараа явахаар шийдсэн. Тэнд очоод цаатнуудтай уулзах бодол бий.
-Орон нутгийн байдалтай танилцаад ирэх байх. Энэ жил өвөлжилт нэлээд хүндхэн байх шиг байна...
-Орон нутгийн байдалтай танилцана. Одоогоор арав гаруй аймагт зудтай байна гэсэн ч цаашлаад 100 гаруй суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Гэхдээ манай малчид зуд болдгийг мэддэг. Тиймээс урьд өмнөхөөсөө илүү зудад бэлтгэлтэй болсон байх. Би салбар чиглэлийн хүмүүстэй уулзаж, Засгийн газрынхантай байнга ярьж байна. Цасанд дарагдсан газрыг яах вэ, яаж бэлчээр гаргах уу ч гэдэг юм уу. Тулгамдсан асуудлын талаар ярихад малчдын бэлтгэл нэлээд сайн байгаа юм билээ. Гэхдээ энэ өвөл хүндэрч магадгүй. Тэгээд ч манай малын тоо толгой 50 саяд хүрчихлээ. Уг нь 30-аад сая толгой малтай байхад л болдог. Гэтэл үүнээс давахаар бэлчээрийн даац ч хэтрэх төлөвтэй болоод ирлээ.
-Орон нутгийн бие даасан байдлыг хангах талаар та УИХ-ын чуулганд үг хэлдэг байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бид одоо сонгож авсан замаа төгс хэрэгжүүлэх хэрэгтэй. Монголын төрийн эрх мэдэл Төрийн ордонд төвлөрчихөөд байна. Үнэндээ ардчилсан иргэний нийгэм бий болгоё гэж байгаа бол эрх мэдлийг иргэддээ өгөх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ийм зүйл алга. Суманд эрх мэдэл байна уу, байхгүй. Сумын Засаг дарга нь боловсон хүчний, төсвийн мэдэлгүй байгаа. Харин одоо төсвийн шинэ хуулиар орон нутагт эрх мэдэл очиж байгаа. Сум хамгийн багадаа 200 гаруй сая төгрөгийн төсөв жилдээ авна. Олон хүн амтай сум бол 700 гаруй сая төгрөг авах юм билээ. Ингээд иргэдээ цуглуулж, сумандаа ямар асуудал шийдэхийг ярилцдаг болно. Улаанбаатар хотод гэхэд хүн явдаггүй газар шал дэмий гүүр барьчихсан тохиолдол байдаг. Яагаад гэхээр дарга нар дангаараа шийддэг учраас тэр. Харин цуглаж ярилцвал үр ашиггүй зүйлд мөнгө зарцуулахгүй, сургууль, цэцэрлэг рүүгээ хөрөнгө оруулалт хийх байх.
Тийм учраас иргэд шийдвэрийг нь гаргаж, ИТХ нь хөрөнгөө хуваарилдаг шийдэл рүү оръё гэж байгаа. Төлөөллийн ардчиллаас шууд ардчилал руу явъя гэсэн нь энэ. Би ингэж боддог. Хүүхэд нь Улаанбаатар хотод сайхан сургууль төгсөөд мэргэжил эзэмшээд иржээ. Ийм олон шинэ боловсон хүчин хөдөөд ажилгүй байгаа. Тэгвэл сумандаа ямар нэг ажлын байр гарвал сонгон шалгаруулалт явуулж, мэдлэг боловсролтойг нь ажилд авч байвал болоо шүү дээ. Ийм чиглэл рүү явъя гээд байгаа юм. Сүүлийн үед энэ Засгийн газар нэг хууль оруулахаараа босоо бүтэц оруулна, сайд нь томилдог болно гэх юм. Энэ бол буруу. Тиймээс ийм асуудлуудыг Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулан нэг мөр шийдэх хэрэгтэй.
-Иргэд шууд ардчилалд хэр бэлтгэлтэй байгаа бол?
-Би сая нэг хуралд суулаа. Тэнд улсууд орон нутгийнхныг "Доод шатныхан" гэж нэрлээд байна лээ. Тэгэхээр нь "Та нар дээд шатныхан юм уу" гэж тэднийг шүүмжилсэн. Үнэн хэрэгтээ орон нутгийнхан бол дээд шатныхан байхгүй юу. Төрийн ордон юм уу, энэ телевизийн байранд төрсөн хүн байхгүй шүү дээ. Монгол хүн бүр орон нутагт л төрсөн байдаг. Тиймээс хүний үндсэн эрх тэнд хэрэгжиж байх ёстой. Монголд хамгийн дээд эрх мэдэл Ерөнхийлөгчид ч, УИХ-д ч байхгүй. Зөвхөн ард түмэнд бий. Дараа нь мэдлэг боловсролтой холбоотой асуудал байна. Хүмүүст эрх мэдлийг нь өгч байж мэдлэгтэй болгоно. Хүмүүс өөрсдөө цуглаж, эхлээд хурлаа хийнэ. Тэндээс алдаа оноо гарна. Тэгж байж шийдлээ олно. Эрхийг нь өгвөл хүмүүс өөрсдийнхөө амьдралаа шийддэг. Олон оронд ингэж шийдээд ирсэн тухай гарын авлага бий. Ерөнхийлөгчийн Тамгын газраас маш олон зүйлийг гаргасан. Бид Иргэний танхим байгуулаад ажиллаж байна. Цаашдаа энэ танхим сум, аймаг бүрт бий болох хэрэгтэй. ИТХ-ын нарийн бичгийн дарга нь иргэний танхимыг ажиллуулдаг л хүн болно. Цаашид хуулийг гаргаж ажиллана.
Түүнээс биш нэг Ерөнхийлөгч гарч ирээд Иргэний танхим нээдэг. Дараагийн Ерөнхийлөгч гарч ирээд болиулдаг байж болохгүй. Бидэнд сайн тогтолцоо хэрэгтэй. Энэ бол миний Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ ард түмэнд үлдээх өв. Хэдхэн дарга асуудал шийддэг биш, ард түмэн өөрсдөө шийддэг болно.
-Ер нь хариуцлагын тогтолцоог яаж шийдэж байгаа вэ?
-Эрх мэдлийг нь өгөөд ирэхээр хариуцлага нэхдэг улсууд нь ард иргэд. Албан тушаалтнууд бие биеэсээ хариуцлага нэхэж чаддаггүй. Жишээ нь Засгийн газрын нэг гишүүнийг огцруулна гээд УИХ-д гурав, дөрвөн удаа оруулаад чаддаггүй биз дээ. УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн байж магадгүй гэхээр хамгаалсаар байгаад аваад үлддэг. Нөгөө хүн дараа нь сонгуульд нэр дэвшчихсэн явдаг. Хааяа нэг хүнд үзүүлэн маягаар хариуцлага тооцсон болоод өөр албан тушаал руу дэвшүүлчихдэг. Тэгэхээр ард түмэн өөрсдөө эрх мэдлээ авч, хуралдаад төлөөллөөрөө дамжуулан ажил хийлгэ. Тэгээд чадахгүй бол хариуцлага тооцоод яваг гэсэн юм.
Манай хуулиудад нэг дутагдалтай зүйл байдаг нь хариуцлагын тогтолцоо. Албан тушаалд хүн тавих заалт хуульд хангалттай байдаг мөртөө хариуцлага тооцох асуудлыг нь орхигдуулчихдаг. Тийм учраас бүх хуульд хариуцлагын тогтолцоог тусгаж өгье. Дарга нарын эрхийг биш төрийн үүргийг зааж өгье. Ийм маягаар өөрчлөлт хийх хэрэгтэй байна.
-Та Ерөнхийлөгч болсноосоо хойш хэдэн хууль өргөн барьж, хэд нь батлагдаад байна. Ямар ч байсан шүүхийн тухай багц хууль батлагдлаа...
-Шүүхийн багц хууль дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжээд эхэлнэ. Ямар ч байсан зургаан хууль гарчихлаа. Үүний дараа дахиад арваад хууль бэлтгэж байгаа. Шүүх эрх мэдэл, цагдаагийн тухай гэхэд 18 хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газар бол хүнд урамшуулал өгдөг газар болчихсон байсан. Хууль зүйн яамтайгаа ярихаар бүх өөрчлөлтийг хийчихсэн, ийм хууль хэрэггүй гэдэг байлаа. Ийм маягаар хоёр тийшээ харсан байдалтай явж ирлээ. Харин өнөөдөр шинээр томилогдсон Хууль зүйн сайдтай нэг ойлголт дээр ажиллаж чадаж байгаа. Өмнө нь хууль хүчний байгууллага зөвхөн эрх мэдэлд үйлчилдэг байсан.
Үүнийг өөрчилж иргэнд үйлчилдэг болгох гээд байна. Үүний тулд хуулиудыг бүтнээр нь өөрчлөх хэрэгтэй байна. Манай сонгосон энэ замыг сонирхож Киргизээс хүмүүс ирээд судалж байна. Сая манай Тамгын газрын даргыг тэд урьсаар байгаад аваачсан. Тэгээд Шүүхийн тухай багц хуулийг орос, киргиз хэлээр орчуулж байгаа. Тиймээс бид өөрчлөлтийг сайн хийж чадвал бусдад үлгэр дуурайлал болно. Ард түмний нурууг тэнийлгэж, албан тушаалтнуудын нурууг бөхийлгөдөг ийм хууль эрх зүйн шинэчлэл рүү бид шилжиж байна.
Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Намрын чуулган завсарлахаас өмнө нэгдүгээр сардаа багтаад төслөө өргөн барих байх. 2004 онд намайг Ерөнхий сайд болоход хамгийн их авлига авдаг газраар Гаалийн газар тодорч, даргаасаа эхлээд асуудал дэгдээж, бөөн юм болж байлаа. Харин одоо Ерөнхийлөгч болчихоод гаалийн дарга нартай уулзахад авлига багассан байна. Ингэж үр дүн гарчээ. Саяхан УИХ-ын гишүүн С.Ганбаатар надтай уулзаад "Үнэхээр үр дүн гарчээ. Миний танил компанийн захирал сая хоёр тендер авсан байна. Тендер авахад нь мөнгө нэхсэн хүн гарсангүй гэнэ. Ном журмынх нь дагуу шударгаар тендер аваад бөөн баяр болж байна лээ" гэж ярьсан. Бид ийм л өөрчлөлтийг хийх гэж байна.
-Шүүхийн шинэтгэлийг ард түмэн дэмжиж байна гэх. Гэтэл Ерөнхийлөгч шүүх, прокурорыг өөрийн мэдэлдээ байлгаж, далайсан газар бүртээ хүмүүсийг асуудалд оруулаад байна гэдэг шүүмжлэл ч таныг дагах юм. Та ямар тайлбар хэлэх вэ?
-Ерөнхийлөгч бол хүмүүст зовлон учруулаад байгаа зүйлийг шийдэхийн тулд ажиллаж байгаа юм. Ерөнхийлөгч болоод ирсэн хүний гарт бүх хууль, шүүхийн байгууллага орчихдог. Тэр нөхрийг явчихаар дараагийн Ерөнхийлөгчийн гарт бүх зүйл орно. Тэгэхээр ард түмэнд ямар ч ашиггүй биз дээ. Бид ард түмний хүсэн хүлээсэн тэр ажлыг хийх ёстой. Энэ зорилго, үнэт зүйлээ ойлгочих юм бол болоо.
Ерөнхийлөгчөөр дөрвөн жил болоод явна уу, тэрнээс олон жил байна уу хамаагүй. Хамгийн гол нь илүү шударга нийгмийг үлдээх ёстой. Шаардлагатай хуулиудыг нь баталж, шударга тогтолцоог бий болгох ёстой. Удирдагч гэдэг бол үнэлэмжийг бий болгодог байх ёстой. Үнэлэмж гэдэг бол цас бороотой л адил. Цас, бороо орсноор цэцэг, ногоо ургадагтай адил. Үүний төлөө л ажиллах ёстой.
-Цагдаагийн дарга нарыг хорилоо. Экс Ерөнхийлөгчийг хорих руу ачаад явлаа. Тэднийг хэлмэгдүүлж байна гэдэг шүүмжлэл гарч байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?
-Нэг л зүйлийг хэлье. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Өнөөдөр энэ зүйлүүдийг хүн талаас нь ойлгодог юм уу яадаг юм хүн болгон нэг юм ярьж байна. Мөн хүн болгон өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэхдээ нөгөө талаас хэн ч бай хэрэг хийж, хуулийн байгууллагаар шалгуулж байгаа бол хуулийн өмнө ижил тэгш байх ёстой. Ерөнхийлөгч ч ийм үүрэг хүлээдэг. Ерөнхийлөгч хууль хяналтын ажилд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Үүнийг хуульд заагаад өгчихсөн. Түүнээс биш жирийн хүний хувиар байр сууриа илэрхийлээд сэтгэл зүрх ярьж болно. Гэхдээ би хуулийн дагуу явж байгаа.
-Хууль, шүүхийн салбарын шинэчлэлийг та юу гэж харж байгаа вэ?
-Нэг үеэ бодоход шүүхийн байгууллагаар иргэд ордог болсон. Шүүх бүр вэб сайттай болсон. Шийдвэр бүхэн энэ сайт дээр гардаг болж. Гаргасан шийдвэрүүдээ эмхэтгэл болгон гаргадаг боллоо. Шүүхээр хувь заяагаа шийдүүлж байгаа хүмүүс тэр шийдвэрийг харж, буруу зөвийг нь тунгааж байна. Үүнээс гадна шүүгчтэй холбоотой олон асуудлыг шийдсэн. Шүүх рүү асуудал очоод буцаад байдаг. Мөрдөн байцаалтад очоод хоёр, гурван жил явдаг. Тэгвэл одоо шүүх дээр очсон л бол шууд шийддэг байя. Шүүх хуралд иргэдийн төлөөлөгч оролцдог шүү дээ. Одоо иргэдийн төлөөлөгч шүүх хуралд суугаад анхан шатны шүүх дээр тухайн хэргийг таслах эрхтэй оролцдог болсон. Шүүгчтэй адилхан ийм том эрхтэй болж байна гэсэн үг. Нөгөө талаас шүүхийн төсвийг бие даалгаж байна. Шүүх төсвөө Сангийн яамаар хянуулдаг байсан. Харин одоо шүүхийн төсөв Засгийн газраар дамжилгүй шууд УИХ-д орж ирнэ. Аймаг болгон тусдаа шүүгчтэй байдаг. Тэгвэл одоо хүн амынх нь тоог харгалзаж, аймгуудын дунд нэг шүүгч гаргаж байгаа. Тэгэхээр нэг аймгийн Засаг дарга "Чи манай аймгийн шүүгч шүү" гээд машин, орон сууцаар хахуульддаг зүйл үгүй болно. Энэ тогтолцоог бид үлдээх гээд яваад байна.
-Ерөнхий сайд энэ сарын 27-нд Оюу толгойн ажилтай танилцана. Энэ компани, ордтой холбоотой асуудал одоо ч яригдсаар байна. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад гэрээгээ хурдан байгуулаад ажлаа хурдан эхлээч гэдэг шаардлага тавьдаг байсан. Гэтэл энэ гэрээ Монгол Улсын Үндсэн хуулиас илүү хугацаанд яригдсаны эцэст сая батлагдсан. Гэхдээ Оюу толгойн гэрээ маш их ярих юмтай. Бид ярьж болдоггүй гэрээтэй үйлдвэртэй байсан. Тухайлбал, социализмын үед "Эрдэнэт" үйлдвэр байгуулагдаж байсан. Тэр үед Монголд гурван хувийн ашиг ирж, Зөвлөлтөд 97 хувийн ашиг очдог байлаа. Монгол Улс "Эрдэнэт" үйлдвэрээс татвар авахгүй 20 жил явсан шүү дээ. Бидний ахмад үе "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж, Эрдэнэт хотыг бий болгосон. Тэдний дараагийн үе нь энэ үйлдвэрээс татвар авдаг болоод явж байна. Тэгэхээр 30 жилийн дараа бид "Эрдэнэт" үйлдвэрээс ашиг хүртэж эхэлж байна.
Өнөөдөр бүх зүйлийг зөв буруу болгох гээд зүтгэх нь чухал биш. Улс орны эрх ашигтай холбоотой зүйлийг бодож, яримаар байна. Улс төрийн асуудал гэж бий. Ард түмний амин эрх ашгийн асуудал байна. Сонгууль ч байна. Улстөрчдийн дураараа ярьдаг үзэгдэл ч байна. Ард түмний нэгдсэн эрх ашгийг ярьдаг асуудал бий.
-Ерөнхийдөө гэрээнд өөрчлөлт оруулна гэж ойлгож болох уу?
-Оюутолгой бол Монголын бүтээн байгуулалт. Тийм учраас Оюутолгой дээр ярих зүйл зөндөө бий. Оюу толгойд ханган нийлүүлэлт хийж байгаа компаниуд бий. Тэдэнд Монголын компаниуд зуучилдаг. Ийм маягаар асар их зардал гарч байна. Ийм байж болохгүй. Тэгж яривал Оюу толгой зарим бүтээгдэхүүнээ Францаас татдаг, махаа Хятадаас авдаг гэж сонссон. Махаа зөвхөн Монголоос ав л даа. Оюутолгойн хажууд махны хамгийн сайд үйлдвэр байгуулъя. Элс хайргаас эхлээд хэрэгтэй бүх зүйлээ Монголоос ав. Оюу толгойд эдэлж хэрэглэж байгаа бүхнийг Монгол хийг. Бид үүнийг л шаардах ёстой. Усны асуудлыг тодорхой болгох ёстой. Хэдэн жил хаанаас ус аваад яах юм. Монгол Улс хөдөө аж ахуйн орон учраас Оюу толгой ордын тэр хавьд арьс ширний үйлдвэр байгуулах хэрэгтэй. Монголд аялал жуулчлал, аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад Оюу толгой оролцох ёстой.
-Уучлаарай. Та тэгэх ёстой гээд яриад байна л даа. Хэзээ энэ бүхнийг хэрэгжүүлэх юм бэ?
-Үүнийг ярих шат дамжлагууд зөндөө байгаа. Оюу толгой дээр ярих өөр нэг зүйл бий. Говьд бүтээн байгуулалт явж байна. Гол хөрөнгө оруулагчид нь Лондонд байна. Гэтэл Монголын улстөрчид Улаанбаатарт байна. Ингээд Оюу толгой тойрсон хүмүүс ямар ч хэлхээ холбоогүй ажиллаж байна. Байдлыг газар дээр нь очиж үзээгүй, тэр гэрээг гүйцэд хараагүй хүмүүс цээжний бангаар ярьж байна. Ажилчидтай нь уулзаад учир начрыг нь үнэнээр олох ёстой. Оюу толгойг "Эрдэнэс Оюу толгой" гэдэг компани хариуцдаг гэдэг. Гэтэл тэр нь асуудлаа яамны сайддаа танилцуулдаг тогтолцоо бараг алга. Өнөөдөр энэ асуудлыг хэн хариуцах юм. Д.Ганхуяг сайд юм уу, Х.Баттулга юм уу. Д.Ганхуяг сайд хариуцаад Оюу толгой дээр гарч байгаа асуудлыг УИХ, Засгийн газарт шууд танилцуулдаг. Шаардлагатай бол асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү оруулж ирдэг байх ёстой. Гэтэл ийм зүйл алга. Вакуум үүсчихсэн орчинд гурав, дөрвөн газар тарж суучихаад телевизийн камерын өмнө мэдэгдэл хийгээд байгаа шүү дээ.
-Олон нийтийн шүүмжлэлтэй хандаад байгаа зүйл нь Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх асуудал л даа...
-АН-ын дарга байхдаа ярьж байгаад 30-аад хүний дунд санал хураасан. Оюу толгойд Төрийн өмчийн оролцоо хэрэгтэй юу, үгүй гэдэг асуудлаар. Тэгэхэд нэг л хүн төрийн оролцоо хэрэгтэй гэдэг санал өгч байсан юм. Би жишээлбэл 34 хувийг шаардлагагүй гэж үздэг. Өнөөдөр Оюу толгой 100 гутал нийлүүлэхэд 34 гутал нь Монголд өр болно. Арван мянган хуушуур нийлүүлэхэд 3400 хуушуурын үнэ нь Монголд өр болж байна. Энэ ямар хэрэгтэй юм. 34 хувийн цаана Монгол ямар ашиг олох юм. Ер нь хөрөнгө оруулагч эрсдлээ үүрээд хөрөнгөө оруулчих. Харин олсон ашгаас нь бид хувь авъя. Газрын тос их гаргадаг Норвеги улс хөрөнгө оруулагч компанийнхаа ашгийн 78 хувийг авдаг юм билээ.
Оюутолгой хөрөнгө оруулагч компанийн ашгийнх нь 70 хувийг бид татаад авчихъя л даа. УИХ-ын гишүүдээс "34 хувийг та нар өр болгоод байна" гэж ярьдаг. Тэгвэл энэ өрөө яагаад 50 хувь болгох гээд байгаа юм бэ" гэж асуудаг. Төрийн хувийг нэмнэ л гээд байна. Тэр чинь төрийн сайдын хувь л болж үлдэнэ шүү дээ. Сайдын компани Оюу толгойд бизнесээ шахна. Ингээд ашиг хэдэн дарга нарын халаасанд орно. Татвараа аваад, УИХ-аа хянаад явбал өөр шүү дээ. Ийм л асуудал байгаа юм.
Монгол 34 хувиа нэмэгдүүллээ гэж бодъё. Тэгвэл хөрөнгө оруулагч тал зардлаа нэмээд алдагдлаа шингээчихнэ шүү дээ. 34 хувийг 50 хувь болгох гэхээр биднийг дээрэм хийлээ гэж байгаа. Энэ нь Монголын нэрийг хугалахаас цаашгүй байна. Үүний оронд татвараа нэмье гэж ярих хэрэгтэй. Монгол ажилчдынхаа асуудлыг тавих хэрэгтэй. Бүтээгдэхүүн нийлүүлдэг асуудлаа ярих хэрэгтэй. Угаасаа анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 34 хувиа 50 болгоно гэж яриад байгаа. Тэгвэл энэ асуудал тав, зургаан жилийн дараа яригдана. Ийм байхад заавал өнөөдөр улсынхаа нэрийг дээрэмчнээр нь дуудуулж, унагах хэрэг юу байна. Би ингэж боддог. Монголын нэр унаснаас миний яс хугарах ёстой. Тийм биз дээ. Төрийн улсууд ийм хатуу байх ёстой. Бид тавих ёстой асуудлаа хэзээ тавих вэ гэдгээ бодох ёстой.
Оюутолгойн асуудлыг тавьсаар байгаад гурван зүйлийг шийдүүлчихсэн биз дээ. Түүн шиг миний ярьсан энэ олон асуудлыг Монголын эрх ашгийн төлөө шийдүүлж болно. Татвар, усны асуудал, ханган нийлүүлэлтийн асуудлыг яривал тэр хүмүүс Монголын нэр хүндийг унагахгүй. Монголчууд шударга зүйл ярьж байна л гэж хэлнэ.
Бид өөрсдийнхөө юмыг булааж авах гэж байна, төрийн хувийг нэмэх гэж байна гэхээр социализм, коммунизм руу яваад байгаа юм. Хувь хэмжээгээ нэмье гэж хашгирснаас болоод манайхаас сар бүхэн 120 сая ам.доллар гараад явчихаж байна. Тийм учраас танай телевиз сэтгүүлчдийнхээ цалинг нэмж чадахгүй байгаа юм. 70-хан ажилтантай жижиг компанийн захирал над руу ярьж байна. "50 ажилтнаа хална. Ямар ч хөрөнгө оруулаад явахаа байлаа" гэж байна. Оюу толгойг дагаад орж ирсэн бүх хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргасан учраас ийм асуудал болж байна шүү дээ. УИХ стратегийн асуудлаар нэг хууль гаргасан. Санаа нь зөв боловч гаргасан хууль нь буруу. 80 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг төр хянадаг болчихвол Монголд ямар хөрөнгө оруулагч орж ирэх юм. Дэлхий нийтээрээ наашаа харж байтал өөдөөс нь ус цацчихаж байгаа байхгүй юу. Монгол өөрөө чөмөгжмөөр байна. Бид өөрсдөө тосоо хийдэг болмоор байна. Хажуу талынхаа хоёр айлтай юм ярьдаг болъё. Монголын нэг хүнд Хятадын 4800 хүн ногдож байгаа шүү дээ. Хоёр талын айлын газар нутгийг аваад үзье. Хашааны газар нь хичнээн том гэж бодож байна. Оросынх Монголын газар нутгаас 11 дахин том. Хятадынх 6.1 дахин том хашаатай. Бид өөсдөө далай руу гарсан хаалгагүй. Хаалгаараа гарахаараа хүний нутгаар явдаг. Тиймээс төмөр замын асуудлаа ярья. Эрчим хүч, гэрлийн асуудлаа зохицуулъя. Хоёр хөрштэйгээ энэ асуудлаа ярих хэрэгтэй байна. Ингэхийн тулд гурав дахь хөршийн бодлогыг оруулж ирэх хэрэгтэй. Магадгүй Оюутолгой гэдэг нэг "охиноо" бид буруу хүнд өгчихсөн байж магадгүй. Тэр охин хүний эхнэр болчихсон бол алдааг засах ямар ч боломжгүй. 17 настай "охиныг" маань анх байсан байдлаар буцаагаад өгөхгүй шүү дээ. Тиймээс дараагийнхаа "охидуудад" анхааралтай хандъя. Нэг зүйлтэйгээ зууралдаад байхаар гадныхан "монголчууд хэлсэндээ тууштай байдаггүй юм байна" гэнэ. Хэдүүлээ улсынхаа нэрийг ингэж унагааж яах юм бэ.
Өнөөдрийн улс төрийн соёлд би дургүй байгаа. Манайхан хэвлэлийнхнийг цуглуулаад мэдэгдэл хийдэг. Нэг л их хэвлэлийн хурал зарласан хүмүүс. Монгол гэдэг айлыг аваад үзье. Гурван сая гаруй хүнтэй. Тэгээд л архи уусан, хоорондоо зодолдсон хүмүүс. Гэрээсээ гарахаар хэвлэлийн хурал хийхээс өөр ажилгүй болчихлоо шүү дээ.
-Монголд болж байгаа бүх асуудлыг улстөрчид яриад байдаг. Яг асуудлаа мэддэг хүмүүс нь хаана байгаа юм бол?
-Үүнийг бид өөрчлөх хэрэгтэй. Өмнө нь Ерөнхий сайд байхдаа бараг долоо хоног болгон ярилцлага өгч зурагтаар гардаг байсан. Ерөнхийлөгч болоод Цагаан сараар нэг ярилцлага өгсөн. Одоо ингээд ярилцаж байна. Ерөнхийлөгчийн хувьд өдөр бүхэн зурагтаар гараад, бүх асуудал руу ороод байх шаардлагагүй. Засаг төр хийдэг ажлаа, сайд нь хариуцсан зүйлээ хийг. Хүн болгон хариуцсан хариуцсанаа аваад явах хэрэгтэй байна. Реклам шиг өдөр болгон уралдаад зурагтаар гарахаа больё. Ийм л зарчмыг би баримталдаг.
-Оюутолгойн 34 хувь ард түмний биш улстөрчдийн хувь болж харагдаад байгаа юм л даа. Оюутолгойд очиж байгаа зөвлөхүүд нь улстөрчид байдаг. Таван толгойд энэ алдааг яаж давтахгүй байх вэ?
-Чили улсын Уул уурхайн сайд надтай уулзахад нь би "Бид нэг ийм гэрээ хийсэн. Өөрчилье гэж бодож байгаа" гэхэд тэр ганцхан зүйл хэлсэн. "Танайх анхны алдаагаа засах гэж битгий оролдоорой. Хоёр дахиасаа зас. Хуулиа сайжруул. Анхны шийдвэрээ засах гэвэл улс орныхоо нэр хүндийг алдана" гэсэн. Оюутолгойд хөрөнгө оруулж байгаа хүмүүс үйлдвэрээ хаагаад яваг. Оронд нь хэн орж ирэх вэ. Сурснаараа хоёр хөршийнхөн орж ирэх байх. Тэднийгээ л ноолно доо. Богд хааны үеийн Ерөнхий сайд, төрийн тэргүүн нар юу бодож явсныг би уншсан. Улсынхаа тусгаар тогтнолыг зарласны дараагаас манай улсыг дэмжиж өгөөч гэж гадны улсуудтай ярьж байсан юм билээ. Бидний бие даасан байдал эмзэг. Тиймээс үүнийг эдийн засгийн аргаар засах өөрчлөх ёстой.
-Монгол гэдэг бол нэг гэр. Хашаан дотроо зодоонтой байгаа гэж та хэллээ. Аав нь эзгүй байгаа учраас ингээд байгаа юм болов уу?
-Ер нь аавынх нь хийдэг ажил хуулиар хумигдах нь ч юу юм, ямар ч байсан өөрийн гэсэн үүрэгтэй. Гэхдээ бид хийх ёстой зүйлээ хийж л байгаа. Сая жишээ нь бондын мөнгө орж ирлээ. Бод доо, бонд гаргасан нь буруу, он гарсны дараа болох байсан, эсвэл төслөө боловсруулчихаад бонд гаргах байсан, ийм их өр тавих ёсгүй гэсэн байр сууриудыг хүмүүс илэрхийлж байна.
Нөгөө талаас бондын тухай сайн талаас нь ярьж байгаа хүмүүс бий. Бид аливааг дандаа сайн талаас нь ярьсаар байгаад дараа нь үр дүн дээр нь муулдаг байхгүй юу. Тэгэхээр энэ улс оронд аавын үүрэг бол харуулын цэрэг. Би бол харуулын цэрэг л гэж өөрийгөө боддог. Хүний эрхийг зөрччих вий. Энд авлига байх вий, Монголын нэр хүнд уначих вий гэж хэлж суудаг. Бонд оруулж ирээд мөнгийг нь цацаад эхэлсэн бол яах вэ. Бондын мөнгө орж ирэхээс өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, шийдвэрийг ард түмэндээ танилцуулсан. Орж ирсэн мөнгөө нэг төсөлд хийгээд шатвал яах вэ. Нэг төсөлд хөрөнгө оруулалт хийхдээ төслийн үнэлгээний1/3-ээс илүү мөнгө гаргаж болохгүй. Бонд худалдаж нэг төгрөг гаргасан бол хөрөнгө оруулагчаас хоёр төгрөг авах зарчмаар явах хэрэгтэй. Уг нь бид бонд хөөцөлдөлгүй хөрөнгө оруулалтын салбараа сайжруулсан бол эрсдэлгүй байлаа. Ирэх жилээс нэмээд 3.5 тэрбум ам.долларын бонд гаргах гэж байна. Ингэхээр өр улам нэмэгдэнэ. Ингэж улсаараа, тусгаар тогтнолоороо дэнчин тавьж өр тавьж байснаас хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах хэрэгтэй байсан.
Гэхдээ бондоос орж ирэх мөнгөө зөв зүйлд зарцуулбал инфляци багасна, эдийн засаг тэлнэ. Гэсэн ч ашигтай зүйлийн шалгуурыг хэн тавих юм, явж явж УИХ шийдэх байх. Энэ чиглэлээр баахан үүрэг өгсөн л дөө. Тиймээс энэ их хурал завсарлахаасаа өмнө хууль гаргах ёстой. Ер нь бонд гаргаагүй улс орон дэлхийд байхгүй байх. Тэгээд ч манай улсын нэр хүнд гайгүй байна. Олон янзаар улс орныхоо нэр хүндийг зарим улстөрчид популизм хийж унагасан. Сая бонд гаргах үеэр ч унагасан. Бондын хүү эхлээд арай бага байсан ч яг мөнгө нь орж ирэх үеэр өссөн байна лээ.
-Бондыг хавар гаргах байсан гэж ярьж байгаа...
-Хаврын улирал гаргахыг хүлээнэ гэхээр дэлхий дээр байгаа санхүүгийн нөхцөл байдал, Монголын нэр хүнд юу ч болоо билээ. Засаг төрийнх нь байдал яагаа ч билээ. Засагт хамтарч байгаа хоёр намын нэг нь гарлаа гэж дуугарахад л бондын хүүд өөрчлөлт орж байгаа шүү дээ. Өмнө нь монголчууд хэдэн аж ахуйн нэгжээсээ Сангийн яаман дээр мөнгө цуглуулаад түүнийгээ тойрч хэрэлддэг байсан. Тэгвэл өнөөдөр улсынхаа нэр хүндээр дэнчин тавьж өр тавилаа. Тиймээс хариуцлага нэмэгдэж байна.
Одоо "Засгаас гарлаа, орлоо, Оюутолгой ийм тийм байна" гэж ярих тоолонд бондын хүү арван сая ам.доллараар нэмэгдэнэ. Тэгэхээр хариуцлагатай байя. Улстөрчид, хэвлэлийнхэн аль аль нь хариуцлагатай байя. Хэлэх гэж байгаа нэг үгээ бодож хэл. Нэг товч хийж үзээгүй улстөрчид өнөөдөр ганц мэдэгдэл хийгээд 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хөөгөөд гаргачихаж байна шүү дээ. Монголд яагаад инфляци хөөрөгдөөд байгаа юм бэ. Гаднаас орж ирдэг хөрөнгө оруулалт багассаных шүү дээ. Монголчууд хэдэн бор төгрөгөө дотроо эргэлдүүлээд сууж байгаа учраас үнэ хөөрөгдөж байна.
-Улс төрийн соёлын тухай та яриад өнгөрлөө. Парламент дахь тэнцвэртэй байдлын тухай, улстөрчдийн ёс зүйн талаар юу хэлэхийг хүсч байна вэ?
-Хуулийг нь чангалж өгөх ёстой. УИХ өөрсдийнхөө хариуцлага, соёлын тухай заалтуудыг хуульд оруулахдаа тун хойрго. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол яах вэ гэдэг асуудал Үндсэн хууль зөрчсөн гэдэг шалтгаанаар байхгүй болж хувирсан. Та нар намайг мэднэ. Би дээрээ долоон ахтай, айлын найм дахь хүүхэд. Хэрэв манай гэрт аав, ээж ёс журмыг тус тусад нь хэрэгжүүлсэн бол хамгийн бага нь гэдэг утгаараа би хохирох байсан байх. Гэвч тийм байгаагүй. Гэр бүлийн бүх гишүүд ижил тэгш эрхтэй байсан. Аав, ээж хүүхдүүдтэйгээ ижил тэгш харьцдаг. Алдаа гаргавал адилхан шийтгэдэг байлаа. Намайг 1994 онд хууль зөрчсөн гэдэг асуудлаар хууль хяналтын байгууллагаас шалгаж байлаа. Тэгэхэд тэр өдрөө би УИХ-ын дарга Н.Багабандид өргөдөл өгч "Намайг хуулийн байгууллагаас шалгана гэсэн. УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү" гэсэн. МАХН-ынхан үдээс хойш хуралдаад маш баяртайгаар намайг чөлөөлөөд явуулж байлаа. Маргааш нь би байцаалтад орж, 30 минут үг хэлээд л нэр төрөө цагаатгаад гарч ирсэн. Ер нь ямар ч даргыг хуулийн байгууллага дуудахад хувцсаа өмсөөд яваад оч. Тэгэхгүй "Би очихгүй" гээд яваад байвал өөрийгөө тойрсон харуулуудын тоог улам нэмэгдүүлээд байна шүү дээ. Эцэст нь хуулийн байгууллага араас чинь очно. Улс төрийн өндөр албан тушаалтнууд энэ тал дээр соёлтой, зөв хандах хэрэгтэй.
-Одоогийн УИХ, Засгийн газартай хэр хамтарч ажиллаж байгаа вэ. Та их олон хууль санаачилдаг боловч, зарим нь хэтэрхий удаад байгаа юм шиг санагддаг. Түүний нэг нь Ашигт малтмалын тухай хууль...
-Ерөнхий сайд байхад цуглаан жагсаал их болдог байлаа. Одоо харин тайван болчихсон байна. Тэр үед газар нутгийн 46 хувийг лицензээр өгчихлөө гэдэг шүүмжлэл явдаг байсан. Үүнийг бодсоор байгаад Ерөнхийлөгч болохдоо хайгуулын лицензийг зогсооё гэсэн юм. Лиценз олгох хугацааг зогсоох шийдвэрийг гурван удаа сунгаж байна шүү дээ. Хамгийн сүүлд энэ хугацааг нэг мөр Ашигт малтмалын хууль гартал сунгая гэсэн боловч УИХ хэлэлцээд энэ оны арванхоёрудаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Би сая дээрх хугацааг Ашигт малтмалын хууль гартал сунгая гэлээ. Хамгийн гол нь лиценз гэдэг хуудас цаасаар өөр хоорондоо мөнгө угаагаад байгаа явдлыг зогсоох ёстой. Лицензийг дагаад ямар ч ажлын байр алга, хөрөнгө оруулалт алга. Лицензийг гадаад руу гаргаж, баахан мөнгө угааж байна. Ашигт малтмалын хууль маш том хууль байгаа. Үүнийг дагаад Газрын хэвлийн тухай багц хууль яригдаж байна. Үүнтэй ноцолдсоор байгаад гурав, дөрвөн хуулийн төсөл оруулж ирж байна. Энэ төслүүдийг вэб сайт дээр тавьчихсан байгаа. Хүмүүс үүнийг тойроод хэлэлцэг. Тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх гэж байгаа бол ард иргэдээс нь асуу. Иргэд эсэргүүцвэл хайгуулаа зогсоодог байх ёстой. Дээрээс нь хайгуул хийхийнхээ өмнө тэр суманд ямар ашиг өгөх юм, байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй байх юм гэдэг бүх тооцоо төлөвлөгөөгөө гаргасан байх ёстой. Энэ сургамжаар л явуулах гэж байна.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар асууя. Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ төслийг хэлэлцээд унагалаа. Сэтгүүлч хүнийхээ хувьд энэ хуульд хэр анхаарсан бэ?
-Энэ хуулийг унасан гэж бодохгүй байна. Зүгээр хойшилсон болов уу. Энэ хуульд маш их анхаарал тавьсан. Аль болох хэвлэлийн эрх чөлөөний байдлыг нь баталгаажуулж өгье. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой Эрүүгийн хуульд заасан хоёр заалтыг хүчингүй болгоё. Тэглээ гээд сэтгүүлчид дураараа авирлаж болохгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө ёс зүйн дүрэмтэй, түүнийг хариусан байгууллага нь алдаагаа залруулдаг болох хэрэгтэй. Сэтгүүлчийг заавал эрүүдэн шүүх хэрэггүй. Бусад оронд ийм л жишиг үйлчилдэг юм билээ. Ер нь төр эрхээ өгсөн шиг өгөөд үзэх хэрэгтэй. Тэгээд хариуцлагыг нь үүрүүлээд явъя гэж байгаа.
-Хариуцлагатай уул уурхайг судлах зорилгоор улстөрчид гадны улс орноор явдаг байлаа. Энэ хүмүүс өнөөдөр туршлагаа хаана хэрэгжүүлээд байна вэ?
-Оюутолгой үнэхээр том компани. Гэхдээ хувь хэмжээ ярьж хөрөнгө оруулагчдыг үргээж байснаас тэднийг Ханбогд сумынхантай хэл амыг нь ололцуулъя. Цогтцэций сумынхантай хэл амаа ололц. Дараа нь Монголын нийгэмтэй хэл амаа ололц л доо. Юу хийх гээд байгаа юм. Монголын говьд урсч байгаа тэр ганц голыг хааж газар ухах гээд байх шаардлага алга. Баялгийг нь ашиглавал ашигла. Гэхдээ байгаль орчноо нөхөн сэргээгээд, хот улсыг нь хөгжүүлээд өг. Үүнийг л бид хүсч байгаа. Ингэж байж л бид хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ. Санхүүгийн тал дээр тэртэй тэргүй Монгол төрд мэдэл байхгүй шүү дээ. Харин хийж байгаа ажлыг нь хянаад шаардлага тавиад сууж байх ёстой. Оюу толгойгоос шаардах ёстой зүйлээ жагсаачихаад шаардаад сууж байя. Оюу толгойн зөвлөлийнхнийг, ахмадуудаа, Засгийн газрынхныгаа суулгаад бүгдээрээ ярилцъя. Хоёр гурван өдөр байсан ч хамаагүй бүх юмаа ярья. Үнэхээр дэлхийд гуравт орох том төсөл юм бол хамаагүй, бүгдээрээ буруу зөвийг нь ярья.
-Хойд аавдаа зодуулсан долоон настай хүүхдийн тухай нэг хэсэг яригдлаа. Таныг олон хүүхэдтэй болохоор өргөөд авчихдаггүй юм байх даа гэж ч ярьж байсан?
-Тэр хүүгийн тухай сонсолгүй яахав. Манайх 21 хүүхэд өргөж авсан. Өөрийнхөө хүүхдүүдийг нэмэхээр 25 хүүхэдтэй. Яагаад ийм олон хүүхэд өргөж авсан бэ гэхээр би өөрөө олон хүүхэдтэй айлд өссөн болохоор олуулаа байя гэж боддог. Манай хоёр дахь хүүхэд 1989 онд төрж, гурав дахь нь 1999 онд гарсан. Энэ хооронд арван жил завсардсан байсан. Хувьсгал хийж явсан болохоор завгүй байж л дээ. Тэгээд гэнэт харсан чинь нэлээд хөгширчихсөн байлаа. Тиймээс олон хүүхэдтэй болох боломжгүй болчихсон байсан. Ингээд л хүүхэд өргөж авъя гэж шийдсэн. Тиймээс асрах газрын нэг ангийг аваад тохижуулж өгсөн. Хүүхдүүд өсөөд асрах газрынхаа сургуульд явтал их хэцүү болсон л доо. Тэгэхээр нь хүүхдүүдийг өөр дээрээ аваад аав, ээжтэй нь холбогдсон. Ингээд есөн айлыг хашаа гэртэй болгоод хүүхдүүдийг нь буцааж өгсөн.
Харин үнэхээр гэр оронгүй, гудамжинд байсан, аав, ээжгүй хүүхдүүд нь бидэнд үлдсэн. Үүнээс хойш арав гаруй жил өнгөрчээ. Хоёр жилийн өмнө ч хоёр хүүхэд өргөж авлаа. Эхлээд нэг их олон бужигнасан хүүхэдтэй санагддаг байлаа. Гаднаас ирсэн хүмүүс ч "Яаж байдаг байна аа" гэж боддог байсан байх. Гэтэл хүүхдүүд өсөөд ирэхээр ямар ч дарамтгүй болдог юм байна. Нэг компани ирээд жилийнх нь сүүг өгчихдөг. Нэг компани хүүхдүүдийг чинь зөөдөг автобус өгье гэдэг. Тэр долоон настай хүүхдийг эмээ нь авсан байна лээ. Би боддог. Ер нь аятайхан амьдарч байгаа хүмүүс дор хаяж хоёр хүүхэд өргөж аваад амьдралд зөв хөл тавихад нь тусалдаг байгаасай гэж.
-Та хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг уу?
-Хамтдаа л байна шүү дээ. 11 охин, бусад нь банди шүү дээ.
-Хүүхдүүддээ ямар нэр өгсөн бэ?
-Бүгдэд нь өөр өөр нэр өгсөн. Аминаа, Сүминаа гэх зэргээр нэр өгсөн байдаг.
-Хүүхдүүдийнхээ гутлыг зэрэгцүүлээд тавьчихсан зургаа интернэтэд тавьчихсан байсныг харсан...
-Ам халсан учраас нэлээд ярьчихлаа. Ер нь бол манай гэр бүлийн хүн бид хоёр энэ тухайгаа гадуур нэг их ярьдаггүй. Зүгээр л бид ажлаа хийж байгаа шүү дээ. Хүнд тус хүргэлээ гээд яриад байх дургүй. Телевизийнхэн манайд очоод зураг авъя л гэдэг юм. Сая твиттер дээр хүүхдүүдийнхээ гутлынх нь зургийг тавьсан юм. Хүмүүс гайхаж байна лээ. Хорин хэдэн хүүхдийн гутлыг зэрэгцүүлээд тавихаар 40- өөд гутал болно биз дээ.
-Хүүхдийг гадныхан их өргөж авдаг юм билээ. Энэ нь их асуудал болох юм...
-Бид гадагшаа хүүхдээ үрчлүүлмээргүй байгаа юм. Манай мөнгөтэй хүмүүс морь худалдаж аваад байх юм. Харин асрамжийн газрын нэг ангийг аваад тэр хүүхдүүдийг 20 нас хүртэл нь анхааралдаа авчихад болохгүй юм байхгүй. Тэр бол аз жаргал болно шүү. Манайх чинь орой гэртээ "Тэр тавын шүд уналаа, тэр гахайн хавдар туслаа, эмнэлэгт хэвтлээ, тэр муу дүн авлаа, тэр хальтирч уналаа" гээд л яриад бужигналдаж гарна шүү дээ. Зовлонтой амьдралд төрсөн хүүхдүүд учраас суурь өвчинтэй байх зэрэг асуудал гардаг л юм. Гэхдээ хүүхдүүд өсөөд сайхан л болдог юм билээ.
-Есүгэний өдрийг та гаргасан. Ер нь ард түмний өдөр гэж байдаггүй. Тэгэхээр энэ сайхан зүйл болсон л доо?
-Ийм зүйл дээр үнэлэмжийн тухай ярих ёстой. Хүний амь нас хохирлоо гэхэд нэг байгууллага хохирлыг нь үнэлээд дуусдаг. Гэтэл төрийн байгууллага яадаг ч үгүй хоцордог. Гэтэл аюулгүй байдлыг хянадаг төрийн байгууллагын ажил хангалтгүй байна. Төр эхлээд өөрийгөө засах ёстой. Юм хийж байгаа хүмүүс рүү дайраад өмч рүү нь халдаад байхаа урьтал болгомооргүй байна. Гэр бүлийн сэдэв рүү орох гэсэн юм. Хүн ямар нөхцөлд аз жаргалтай байх вэ. Эхлээд хүүхэдтэй болох нь аз жаргал. Дараа нь тодорхой хэмжээний орлоготой байх хэрэгтэй. Тийм учраас хүүхдийн мөнгийг бий болгож байна. Цалинтай оюутан хариуцлагатай байна гэдэг үүднээс оюутны цалинг бий болгож байна. Боловсрол руу оруулах хөрөнгө оруулалтаа сайн зарцуулах хэрэгтэй байна.
Сая ахмадуудын асуудлыг аятайхан шийдчихлээ. 1990 оноос ажилласан жил тасарсан хүмүүсийн асуудлыг шийдэж, нийгмийн даатгалыг нөхөн тооцдог боллоо. Хүүхэд нь мөнгөтэй, оюутан нь цалинтай, ахмад нь тэтгэвэртэй. Гай таараад хүүхэд нь хэрэг төвөгт орвол тэр нь шударгаар шийдэгдчихдэг, заавал нэг орон шоронд оруулаад байхгүйгээр шийтгэдэг ийм л шударга нийгмийг бүтээхийн төлөө бид ажиллаж байна. Аливаа гэм буруутныг Ерөнхийлөгч өөрийнхөө хүслээр шоронд хийгээд байгаа юм биш. Зүгээр л хуульд тэгээд биччихсэн байгаа юм. Авлига, албан тушаалын гэмт хэрэг дээр хатуухан үзье. Харин санамсаргүй үйлдсэн гэмт хэргийг заавал шоронд оруулах хэлбэрээр шийтгэдэг байхаа больё. Ядуу хүний хүүхэд, баян тарган, дарга нарын хүүхэд ч гэм хийсэн л бол адилхан шийтгүүлдэг зарчим руу шилжье гэж байгаа юм. Энэ л ажлыг хийх гэж бид гарч ирсэн юм.
-Ирэх зургадугаар сард монголчууд бид Ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг сая баталлаа. Та сонгуульд нэр дэвших үү?
-Би цэргийн үүрэг гүйцэтгэж байгаа хүн. Тэгэхээр нэг талаар сургуулийн сурагчтай адил. Хичээлийн даалгавраа сайн хийгээд явах ёстой. Түүнээс биш сонгууль хэзээ болох бол, түүнд дэвших үү, үгүй юу гэдгээ цаг хугацаанд нь шийдэх байх. Надад дүн тавьдаг дарга нар бол ард түмэн. Ерөнхийлөгч болоод хийе гэвэл ажил зөндөө байна. Нөгөө талд жирийн иргэн байгаад гэр бүл, байгаль орчинд тус хүргэх ажил ч их байна. Зүгээр л хийх ёстой ажлаа сайн хийгээд ард иргэдэд тулгамдаж байгаа зүйл олон байна. Төмөр зам салбайгаад уналаа. Төмөр замаасаа болж Монголын эдийн засаг нурах гээд байна. Улаанбаатар хотод цахилгаан станц барилаа гэхэд нүүрсээ яаж оруулж ирэх нь асуудал болчихсон байна. ОХУ-д яваад байгаа вагоны дундаж хурд 67 км цаг байна. Гэтэл манай вагоны хурд 37 км цаг байна. Бидний ахмад үе их зүйл хийжээ, хөөрхий. Гэтэл одоо тэр бүх зүйлийн эдэлгээ, цаг хугацаа нь дуусчихаж. Сууриар нь өөрчлөх цаг болчихжээ. Монголчууд бүтээн байгуулалт хийх гэхээр өр тавиад байна. Тэгэхээр бусадтай хамтраад нэг ам.доллараа өсгөөд цаашаа явах юмсан гэж бодож байна.
-Та Ерөнхийлөгч болсон анхны шинэ оныг архигүйгээр тэмдэглэн өнгөрүүлье гээд сүү өргөж байлаа. Энэ уриалга нэлээд үр дүнгээ өгсөн шинжтэй харагдаж байна...
-Айлын өрхийн тэргүүн гэр бүлийн гишүүд, ард иргэдээсээ гарч байгаа сайн саналыг хэрэгжүүлэхэд туслах үүрэгтэй. Үнэндээ архитай холбоотой зүйл миний амлалтад байгаагүй. Энэ талаар хууль, зарлиг гаргасан юм байхгүй. Зүгээр л бид ярьж байгаад архи гэдэг юм үнэхээр хэтэрлээ, энэ буруу соёл боллоо. Айлд очиход архиар дайлдаг, архиар бэлэг барьдаг боллоо. Үүнийг өөрчилье гэсэн үүднээс уриалга гаргасан. Эхэндээ хүмүүс жаахан жиг жуг гэж ярьж байгаад сүүлдээ хурим найраа архигүй хийдэг болжээ. Үүнээс болж хүлээн авалтын зардал хоёр дахин хэмнэгдсэн гэнэ лээ. Хүлээн авалтын цаг ч тавин хувиар богиноссон гэсэн. Архи уугаад л согтоод шүлсээ гоожуулаад сунжраад суухаа больсон. Идэх уух юмаа уугаад баярын бичгээ солилцоод гараад явдаг болсон байхгүй юу. Архинаас хамгийн их хохирдог хүмүүс эмэгтэйчүүд, хүүхдүүд. Тиймээс санаа зовоосон бүх зүйлийг сайн судалж байгаад хууль болгох хэрэгтэй байна.
-Энэ жил он солигдох мөчид та яах вэ?
-Сүүгээ л барьж мэндчилгээ дэвшүүлнэ" гэв.
Тэрээр ярилцлагын төгсгөлд "Нийт телевиз үзэгч, радио сонсогчдодоо баярлалаа. Өнөөдөр сэтгэл өвдөж, санаа зовсон зүйл та бүхэнд байсан байж магадгүй. Энэ үед нь та бүхэнтэй хамт байж, бие биедээ сэтгэлийн дэм өглөө. Ер нь Монголын ирээдүй аятайхан харагдаж байгаа, сайхан болно. Бид урагшаа явах болно. 21-ний өдрийн маргаашнаас эхлээд хүн болгон эх дэлхийгээ, гэр бүлээ хайрласан, хууль журмаа хүндэтгэсэн, улс орныхоо эрх ашгийн төлөө зүтгэх болно. Бид ийм улс орон болно. Монголын цаг ирж байгаа" гэж хэлье гэсэн юм.
Өдрийн сонины 2012 оны архиваас...