Ардчилсан Намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намаас 2023 оны улсын төсвийн төсөлд хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж, төслийг эргүүлэн татах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат "Ерөнхийлөгчийн төсөв 26 тэрбум байна. Өмнөх Ерөнхийлөгч нарын жилийн төсөв 5-7 тэрбум төгрөг байсан. Гэтэл яагаад У.Хүрэлсүхийн төсөв 26 тэрбум төгрөг болчхов. У.Хүрэлсүх ямар Богд Зонхов бурхан уу, нэг л хүний институц. Зөвлөхүүдийн цалин, Тамгын газрынхны цалин гээд жилдээ таван тэрбумын төсөвтэй ажил хийдэг байсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сарын төсөв хоёр тэрбум, өдрийн төсөв 78 сая байна. Бид үүнийг эсэргүүцэж Засгийн газарт төсвөө татаж ав гэх шаардлагыг 2022 оны аравдугаар сарын 17-нд хүргүүлсэн.
Ан-ын Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж, өнөөдөр дахин шаардлага хүргүүлэх гэж байна. Үүнд төсвөө буцааж ав, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Ж.Болд нарыг ажлаас нь чөлөөлөх гэх зэрэг таван шаардлага бий.
Хариуг нь арваннэгдүгээр сарын 11-н гэхэд өгч, төсвөө татаж авахгүй бол 14-нөөс бүх нийтийн ажил хаялт зарлаж, эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулна" гэж мэдэгдлээ.