УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үхрийн махны квотын талаар үг хэллээ.
Тэрээр "2019 оноос хойш Монгол Улсын 21 аймгийн хамгийн их хүн амтай сумдад уулзалт хийж байна. Сая 19 дэх аймаг буюу Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд уулзлаа. Сумын Засаг дарга тойргоосоо сонгогдсон гишүүдийг тус суманд ирж ажиллахыг хүссэнийг дамжуулж байна. Мал авдаг хүн алга. Махны үнэ 40 хувиар уналаа. Үүн дээр ямар арга хэмжээ авах юм. Үхрийн махны квотыг зарлахгүй удлаа. Асуудал боллоо. Ер нь нэг үхрийн маханд 150 мянган төгрөгийг квотын авлигад ашигладаг. Үхрийн махны квотыг болих хэрэгтэй байна. Энэ жил зөвхөн үхрээс 875 мянган төл авсан. Үүний 10 хувийг л экспортлоход 12 мянга орчим үхрийн мах гаргах боломж байна. 24 сая толгой мал буюу социализмын үеийн бүх малын тоо энэ жилийн зөвхөн төлийн тоотой л тэнцэж байна. Гурван сая үхэртэй байхад квот тавьж байсан одоо зургаан сая болсон байхад квот шаардлагагүй. Малчдынхаа амьдралыг дэмжих бодлого барихгүй бол болохгүй" гэлээ.