x

"Монгол бол дэлхийн хамгийн толерант нийгэм"

-Зургаадахь Ерөнхийлөгчийнхөө сонорт! Эсвэл гэгээн мэлмийд!-

Ямааны мах халуун дээрээ гэж. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлээгүй байхад халуун сэргэг дээр нь гурван нэр дэвшигч нөхдийн халуун сонорт нь хүргэе!

Юу өгүүлэх гээд ийм этгээд гарчиг, гадаад үг оруулаад ирэв. “Tolerance” гэж хүлцэл тэвчил, хүлээцтэй гэсэн утгатай үг. Би энд шууд утгаар нь бус тэр нь хэтэрчихсэн, бүр толерансын парадокс болчихсон гэдэг утгаар буулгалаа. 

Эхлээд нэг эшлэл авъя: –...Өнөөдөр Монголын төрийн үзэл суртлын гол зорилго нь зөвхөн мөнгө. Хүсэл нь хэзээ ч ханашгүй тансаг хэрэглээ болчихсон учраас бид ингэж доройтож, талцаж байна. Дээр нь дэлхийд бараг хамгийн ёс суртахуунгүй ард түмэнд тооцогдож байна. Өнөөдөр манайд шинээр эмхлэгдсэн УИХ ч, шинээр бүрэлдсэн Засгийн газар ч, түүний удирдлага тэргүүнүүд юу гэж боддог вэ гэхээр “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засгаа л босгоно” гэдэг. Гэтэл үгүй шүү дээ. Ерөөсөө л хүнийхээ ёс суртахууныг ариусгаж бид хөгжил дэвшлийн замд орно. Үнэнийг хэлэхэд, өнөөдөр монголчууд бид бие биенээ тойрч хулхидаж, бие биеэ залилж мэхэлсээр байгаад дуусах дөхөж байна хэмээн нэрт хуульч эрдэмтэн С.Нарангэрэл анхааруулжээ.

Яг иймдээ тулчихсан учраас л би ээлжит нийтлэлдээ санаа оноо сэдэл олоод авсан хэрэг. Монголд болохгүй, бүтэхгүй, бүтээхгүй юм гэж нэг ч байхгүй, бүх юм болно гэх афоризмыг гадаад дотоодын олон хүний амнаас сонсож явлаа. Гоё хэлц үү, буруу хэлц үү, эсвэл биднийгээ доромжилсон үг үү, ёстой бүү мэд?

Үнэхээр ч өглөө гарч яваад, өдөржин сэлгүүцээд, орой ороод ирэхэд ертөнцөөр аялаад ирсэн мэт баялаг сэтгэгдэл дурсамжтай үлдэх үе бий нь бий. Би Улаанбаатараараа ярьж байна шүү.

Монголчууд маш гүйлгэн ухаантай, маш элдэвтэй, дасан зохицох чадвар сайтай, бүх үзэгдэл юмсыг өөриймшүүлж авч чаддаг, бүх асуудлыг (мэдэх мэдэхгүй) өөрийнхөөрөө тайлбарладаг, оролцохгүй ажил, хэлэлцэхгүй асуудал гэж байхгүй, ёстой ам ажил нь зэрэг халчихсан, ийм л үндэстэн билээ. Тэнгэрээс заяатай сондгой үндэстэн гэж цуурдаг нь үнэн ч юм шиг. Ер нь ямар ч тодорхойлолт өгөхөд хэцүү, стандарт бус үндэстэн. 

Гүйлгэн хар ухаанаараа хөшиж тогтсон ямар ч үзэл суртлын хана хэрмийг (ямар ч шашин, марксизм-ленинизм, коммунист үзэл суртал) нураагаад хаяж чадна. Заримдаа хэт фанат, хэт зөрүүд, тэгэхээс тэгэх гэж зүтгэдэг чанар нь хэтэрчихнэ. Хэлж таахад хэцүү, гэнэт яаж ч мэднэ. Заавал тэгнэ гээд тулгачихвал монгол хүнийг давж дийлэх өөр үндэстэн байхгүй. Тэгснээ прагматик ухаанаараа гарц олоод авчихна. Голдуу амин хувийн эрх ашигтаа гарц өлхөн олно. 

Ийм л цөлх нүүдэлчин монголчуудад ХХ зуун эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, европжил, ардчилал, хүний эрхийг нь авчирсан. Тэр бүхнийг монгол цөлх гүйлгэн ухаанаараа монголжуулаад өнөөг хүргэсэн. 

Үндэсний ёс заншил, үндэсний босоо худам монгол бичиг, үндэсний соёл урлаг, Чингис хаан, бурхны шашин нь сэргээд сүйд болох нь уу гэтэл “Халтар царайт” хэмээх хаа байсан латин америкийн сериалд улс үндэстнээрээ нурж унаж байсан түүх бодлыг минь орвонгоор нь эргүүлчихэж билээ. Ёстой гайхмаар. Хотын төвд (УИД-ийн баруун урд) гэрээсээ гараад Оросын соёл-ШУ-ны ордон ортол алхахад ганц ч хүнтэй тааралдаагүй, эл хуль, төв гудамжинд автобус, тролейбусууд эзэнгүй ярайтлаа зогсчихсон, хаалга нь дэлгээтэй, дэлгүүр хоршоо, үсчин, төв шуудан хаалгаа барьчихсан, юу үзэх нь энэ вэ, ямар дайрлага дайрчихав аа хэмээн би орь ганцаар балмагдаж явснаа сайн санаж байна. Гэгээн цагаан өдрөөр шүү дээ.

Ёстой хариулж хүчрэхгүй асуултын өмнө монголчуудыг “Халтар царайт” авчирсан даа. Харийн гэж хатуу үгээр хэлэх нь юу юм, гадаадын урлаг уран сайхан, ялангуяа олон ангит кинонд монголчууд унаж үхдэг юм байна, солонгос сериалууд, түрэг сериалууд, одоо оросын эрүүгийнхнийг үзүүлдэг орос сериалууд, байнга үзүүлдэг Холливүдын элдэв кино гээд Монголын зурагтаар гаргахгүй юм гэж алга. Ямар ч хаалт хяналт, цаанаа зохиогчийн эрх энэ тэр гэж алга. Ихэнхийг нь интернэтээс хулгайлаад хөрвүүлээд тавьчихдаг. 

2009 онд Кувейтэд албан ажлаар очоод байхад монголын олон суваг тэндхийн сателлитэд баригддаг, Холливүдын шинэ кинонуудыг Танай монгол сувгаас хэл мэдэхгүй ч байнга үзэж байна гэх гадаадын Элчин сайдтай учирч байв. Би гайхах (бас бахархах) сэтгэл тэр хоромд төрөөд өнгөрсөн. 

Кино ч дүүрч. Энэ талаар Монголын төр иргэддээ хяналт тавьдаггүй юм аа гэхэд лав цэгцэлж дийлэхээсээ өнгөрсөн. 

Улс төрийн итгэл үнэмшил, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх (ярих!), эвлэлдэн нэгдэх эрх чөлөө гэж жинхэнээсээ толерант гэхэд хэтэрчихсэн үзэгдэл юмс байнаа. Амтай болгон шаагина. Хамар дор хагархай нь дэндчихсэн. Aлив юмыг унтраах, гутаах бэлэн зэлэн үгс нь ямагт зэхээстэй. Мэргэн үгсийн цуглуулгаас бүтсэн толгой олонтой. Дундговь аймгийн Дэрэн сумын нэг эмгэн тээр жил “Саддам Хусейн яасан бэ?” гээд УИХ-ын гишүүн Ж.Наранцацралтыг сумын төвийн хурал дээр ээрч байсныг дурсахад аатай. Ийм толерант хүн их олонтой. Бахдмаар ч юм шиг.

Хэнээс ч айхгүй, юунаас ч эмээхгүй хэлж ярина, шүүмжилнэ, голж гоодно, дайсагнана, шүүхдэнэ, тэмцлийн бүх хэлбэрийг олж чадна, ичнэ гэж даан ч байхгүй. Ёстой доозоо жинхэнээсээ хэтрүүлжээ. Хувь хүн, хамт олон, бүр намаараа “болохгүй юм гэж байхгүй”, “юу ч болно”, “юу ч нээлттэй” гэсэн зарчмаар үзэж таарч үсэрч наалдаж байна. Цөхөрдөггүй юм байх даа гэж би гайхдаг. 

Би ямагт “гуравхан сая” гэдэг тодотгол хийдэг болчихсон. “Гуравхан сая” монголчуудад маань даан ч хэтэрч, ахдаж, одоо больё гэтэл, бүр пологттол нийгэм-улс төрийнх нь эрх чөлөө оволзож байна. Улс төржихгүй сэдэв улам бүр хумигдана. Хийх бүтээх, босгох, мөнгө босгох дээрээ ингэж оволзоосой гэж би мөн ч их бичлээ дээ. Үзэг минь мохдоггүй ээ!

Хаана ч очсон, аль ч дэлгүүр зах, олон нийтийн газар, хүн цугладаг бүх газар очоод үз дээ. Цаашдаа юу болдог бол хэмээн айсан бэргэсэн нэг ч монгол хүнийг олж үзэхгүй. Юу олж үзэх вэ, тэгээд? Эрх чөлөө нь хэтрээд цагаа барж ядсан, хөлхөж хөшилдсөн, дэмий чалчсан монголчууд ялаа батгана шиг шавна. Эсвэл үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнана. Хаашаа л харна, хэнд ч захирагддаггүй, захирагдахыг хүсдэггүй шаагилдсан олон залуус, хүүхнүүд, хөгшин залуу эр эм монголчууд. Зам чигжээстэй, хийж бүтээх босгох ажилд давхиж яваа машин гэж бараг байхгүй. 

Энэ их цаг зав, энэ их холхилдоон, энэ их түгжрэл, энэ их яриа хөөрөө (шүүмжлэл!), энэ их аз жаргалыг нь яаж барагдуулна даа, төр-засаг минь, удахгүй 6 жилээр сонгогдох 6 дахь Ерөнхийлөгч минь? 

Сэхээтэн, эрдэмтэн, их сургуулийн багш, сэтгүүлчид гээд надад ойр дөт нийгмийн давхарга бас байнаа. Толерант гэхэд хангалттай толерант. Болохгүй бүтэхгүй юм гэж тэдэнд нэг ч байхгүй. Бичихгүй ном, хамгаалахгүй сэдэв гэж байхгүй. Хамгаалсан болгон нь улсад, эх оронд хэрэгтэй гээд сүсэглэчихнэ. Сурталчилна, бүр болохгүй бол шавь нартаа шахна. Адаглаад өөрийгөө шүтээд, эхнэр хүүхдээрээ шүтүүлчихнэ. 

Шүлэгч яруу найрагчид нь өөрийнх нь бичсэн бүх шүлгийг ард түмэн нь уншсан цээжилсэн байх ёстой гэх бардам нүүртэй. Сэтгүүлчдийн мэдэмхийрэл нь “Ган үзэгтэн”, “Гавьяат”-ын гялтгар шар тэмдэгний үнэтэй. Нэр нүүртэй, хүндтэй нөхөд маань “МУСТА”, хэвлэл мэдээллийн “Тэргүүний” цол авчихаад хөөрцөглөх вий гэхээс би сүүлдээ айдаг болчихсон. Ичиж үхдэггүйн л гай шүү дээ.

Болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй. Эрдэмтэн, доктор, академич болох зам гэрэлтэж харагдана. “Гавьяат” гэх гялтгар шар тэмдэгний үнэтэй тэдний амьдрал нүдний өмнө жирэлзэнэ. “Гавьяат”-аа аваад замаа харъя (үхэхэд гомдолгүй гэж арай хэлээгүй, гэхдээ дөхсөн!) гэсэн мөн ч олон эрдэмтэн, багш нарыг би мэднэ дээ. “Гавьяат”-ын төлөө юу ч хийхээс буцахаа байчихсан эрдэмтэн, багш нөхөд минь олон газрын олон удаагийн тодорхойлолт албан бичгээр ЕТГ-ыг дарж ханахгүй юмдаа. Тэд миний бичсэнийг уншаад харааг л дээ. 

Арван мянгуулаа “Гавьяат” болчиход ичиж зовохгүй нэг хэсэгтээ явах шинжтэй. Таван мянгыг нь “Ардын” болгочиход бас л ичиж зовохгүй. Харин ч бүр даврана. Цикл тогтчихсон. “Гавьяат” болчихвол заавал “Ардын” болно гэнэ. “Ардын” болчихсон бол Чингисийн одон зүүдлээд унтахгүй, тэр нь бүтчихвэл Хөдөлмөрийн баатар нойргүй хонуулна. Тийм жим гарчихжээ. Лоббидоод байх нь тэр, зурагтаар гараад л, номын нээлтүүд (хэрэгтэй хэрэггүй маш олон бүтээл?), Ордон руу нүд бэлчээстэй. ЕТГ-т таньдаг хүн байна уу гээд л хоргоогоод байх нь тэр. 

Ичиж үхдэггүйн гай. Нөгөө тэр цикл нь санаснаар бас бүтэхгүй ээ, учир нь тэгж хөөцөлдөж яваа маш олон (хэдэн зуу өлхөн) хүн байдаг тул нэг шатанд нь саатал гарна, сэтгэлээр унаад шалчийгаад амь нь хаана явна вэ гэмээр болчихсон нөхөр ч тааралдаж байх шиг. Ордноос сураг байна уу хэмээн нулимстай нүдээрээ асуугаад л.

Нэг хэсэгтээ ийм зам туулах нь байна, сэхээтнүүд минь. Яадаг ч юм билээ дээ, чухам арав хорин жилийн дараа юу юм гэхээс, шар тэмдэгний төлөө социалист уралдаан зогсоно гэж байхгүй шүү. Гэхдээ 6 жилээр сонгогдох 6 дахь Ерөнхийлөгч минь, гялтгар шар тэмдэг нэмж тараана гэсэн чин хүсэлтэй битгий тийшээ очоорой доо! 

Зарим үед нууцлах, зарим үед толерантаа хэтрүүлж болдоггүй салбар гэж бас байнаа. Гадаад харилцаа, төрийн гадаад бодлого дээр туйлшрал байж тэр бүр боломгүй. Өмнөхөө үзэн ядах сэтгэлдээ хөтлөгдөөд Монгол төрийн гадаад бодлогыг үгүйсгэх харлуулах (Төвийг сахих, АСЕМ гэх мэт), гадаад харилцаанд олон түншийг мөргөлдүүлэх, худал амлах, худал ярих, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтад толерант байх гээд хамаг булхай луйврыг ухаж төнхөж бүх бурууг тохож хэвлэлээр шуугиулж хэлэлцүүлэх гэх мэт манайхны хийж хэлж байгаа ньертөнцийн чихийг дэлдийлгэж дууслаа! 

Mонголчуудыг ийм л болохоор гадаад ертөнц дөлнө, цэрвэнэ, хөрөнгөө татна, хилээ хааж үзнэ, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах гээд бүр цөхөрнө. Тэгэхдээ биднийгээ хаяхгүй ээ. Ийм их толерант ардчилалтай Монгол учраас!

Энэ сайхан эрх чөлөөт, толерант нийгэм маань ингэхэд хэр бат бөх вэ? Арилж өгдөггүй нэг ядууралтай. Ядуурлыг дийлдэг ялдаг тийм төр-засгийг лав маний үеийн өнгөн дээр үзэхээсээ өнгөрсөн. Ядуурал Монгол Улсыг алж дууссан ба Үндэсний аюулгүй байдлыг дороос нь мэрж эхлээд дотроос нь ид хөнөөж байна. Аюулын харанга дэлдлээ!

Гэтэл болоогүй ээ. Манай улсын насанд хүрсэн иргэдийн 4-хөн хувь нь цоо эрүүл хэмээн НЭМҮТ-ийн ерөнхий захирал доктор Д.Нарантуяа гэх бүсгүй “Ковид ба архаг суурь өвчин” сэдвээр ярихдаа дэлгээд тавьчихжээ. Нууцлах мэдээлэл байсан юм биш үү, дарга нар аа? Насанд хүрсэн монгол хүн амын маань 96 хувь нь өвчтэй болж таарлаа! Нөгөө толерант нийгэм маань явж явж ийм юман дээр буулгах байсан юм гэж үү?

Цаашдаа юу болдог бол...

Ямар ирээдүй хүлээж байна даа...

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 29 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 30 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 31 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 32 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 34 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 35 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 37 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 39 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 40 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 41 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 43 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 1 цаг 44 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 1 цаг 45 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 1 цаг 46 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 1 цаг 47 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 1 цаг 49 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 1 цаг 50 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 1 цаг 52 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 1 цаг 53 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 1 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top