x

Угаасаа дипломат албыг онилоод байсан юм биш үү?

Дипломат алба, дипломатч гэхлээр чих нь сортойгоод, нөгөөх нь ч хэл аманд өртөмхий, нийгмийн сүлжээнд амин чухал нэг сэдэв байх нь байнаа. Хэн хаашаа томилогдох нь вэ гэдгийг ард түмнээрээ гярхай ажин суудаг мэт ойлголтыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн хэргээр тараадаг. Бүр дагнасан сэтгүүлч ч байна.

Тэгэх нь ч бас буруу биш. Хэтрүүлчихгүй бол бичиж ярьж шүүмжлэхийг нь хүлцэж болно. Зөв шударга ёсны төлөө дуугарч байгаа бол хүлээн авч л таарна. Ажил сайжруулахын төлөө, үнэн хэрэгтээ ГХЯ-ны ажил сайн сайхан байгаасай хэмээн хэлж ярих, шүүмжлэхийг ялгаж салгах хэрэгтэй. Харин бүх ажил алба нь тунгалаг, ил тод, шилэн байхыг шаардах нь арай хэтэрнэ. Монгол Төрд чинь бас нууцлах, адаглаад тодорхой үед нууцлах юм гэж байлгүй яахав.

Гадаад харилцааны өргөн боломж салхинд хийсчих вий хэмээн бичсэн маань ГХЯ-аар хамаг ажлаа хийлгэж хийлгэчихээд, бүтээлгэчихээд тэр алтан боломжуудыг (ялангуяа гадаад худалдаан дээр) ашиглахгүй байгааг л шүүмжилсэн хэрэг шүү дээ. Арав гаран мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг чинь гаалийн татваргүй, эсвэл нэн хөнгөлөлттэйгээр дэлхийн 40 орчим улсын зах зээлд борлуулаад өгье гэлээ, түүнийг шүүрээд авахын орондөлөв долов хийгээд ГХЯ-ны дотоод тогоо руу өнгийхийг нь ёстой тэвчишгүй.

“Хэн хаашаа томилогдох нь вэ”, “Хэн хаашаа”, “Хэний хүүхэд”, “Хэний хүн” гэдэгт түүхэн тайлбар хайж дор ганц нэг түүхэн баримт цухуйлгая.

Хөөрхий муу нэртэй социалист нийгмийн (эсвэл сайн нэртэй?) үед ГЯЯ-ыг ар өврийн хаалгагүй, боловсон хүчний гажилтгүй явуулах гэж эрх баригчид бас ч үгүй чинээндээ тултал тэмцдэг байжээ. Хоцрогдсон буйд, хаалттай социалист Монголд дипломатч гэдэг сэрүүн зүүдлээд ч олдохгүй хүршгүй гэрэлт цамхаг. Хосгүй тэр албанд ороод гадаадад явчихсан нь төрөл арилжихна гэж айгаад нам-засгаас хатуухан гараар үздэг байжээ. ГЯЯ-ных нь сайдаар агрономич хүн хөдөө аж ахуйн салбараас хэргээр авчирч тавьсан (Л.Ринчин), НҮБ-ын дэргэд БТГ-т хэл амгүй ажиллаад ирсэн залуу нөхрийг ямар ч шалтгаангүй малчин айлд 45 хонуулж мал маллуулсан (Б.Дашцэрэн), хэл ам татлаад ирсэн дипломатчийг Өмнөговь аймагт сум-нэгдлийн орлогч болгосон (И.Очирбал) гэх мэт чангалсан баримтууд байдаг юм билээ.

Тэр үед ямар ч өө сэвгүй, шударга нийгэм байгаагүй учраас л тэр үеийн эрх баригч ганц нам–МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөс, бүр 1-р нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нь гарын үсгээ зурж байгаад ГЯЯ-ны элсэлт сонголт руу ширүүхэн ханддаг байсан баримт олон хуудсаараа ярайж байна. Ганцыг онилъё.

Юу гэвэл Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд (МГИМО) оюутан элсүүлэхдээ ар өврийн хаалга, хууль бус (арай ч хэтрүүлчихэв үү?) бусармаг явдал хэрээс хэтрээд Намын Төв Хороо, түүний Улс төрийн Товчооны сонорт хүрч халуухан юм болж байжээ.

Ардын хүүхэд конкурсээр дамжаад явчихаж болдог Москвагийн ОУХДС-д нь Улс төрийн Товчооны гишүүдийн хөвгүүд, охид, Сайд нарын Зөвлөлийн дарга нарын хүүхдүүд, Төв Хорооны хэлтсийн эрхлэгчийн хөвгүүд охид, Төрийн яамны сайд, Улсын хорооны дарга нарын хөвгүүд охид ёстой цувж өгсөн юм байх. Доозоо хэтрүүлсэн хэрэг л дээ. Төрийн сайд нэгэн гэр бүлийн 4 хүүхдийн 3 нь тэр чухал сургуульд нь жил дараалаад явчихлаар хэл ам татлахгүй яах юм. Бусад нь мэдээж атаархана.

Явуулсан хөвгүүд охид нь түрүүчээсээ төгсөж ирээд ГЯЯ-нд шууд ажиллана, тэгснээ тэр үедээ хаалттай Монголд хэн ч төсөөлөмгүй тэрхүү гадаад томилолт (хамгийн ховор эд) гэдгийг өвөртлөөд хэдэн жилээр барууны өндөр хөгжилтэй орнуудад ЭСЯ-нд ажиллачихна. Тэднийг би буруутгах гэхгүй. Алба ажлаа хал балгүй хийгээд нэр цэвэр, төлөв төвшин явсан олон нөхдөө би огтоос буруушаах гээгүй байна. Явуулсан эцэг эх, улс орноо төлөөлөөд сайн сайхан ажилласан Элчин сайд, бүр Гадаад хэргийн сайд нар ч хожмоо төрцгөөсөн. Арын хаалгыг зөв ашиглаад өөрийгөө зөв хөгжүүлээд, төлөв төвшин яваад ирсэн, одоо ч амьд сэрүүн олон сайхан нөхөд маань байна.

Ю.Цэдэнбал тэргүүтэй Намын Төв Хороог санаа зовинуулсан ямар асуудал өрнөв гэхлээр тэр үеийн ГЯЯ ба дипломатчид нь тухайн нийгмийнхээ бодит хөрснөөс тасраад, баян хоосны ялгааг (тэгшхэн байх ёстой соц нийгэмд тэгш бус ялгаа) харуулаад, нийгэмдээ атаа жөтөө төрүүлээд, тэр нь хэрүүл болж дээшээ дэгдээд Ю.Цэдэнбал даргын сонорт хүрсэн бололтой юм билээ. Дээр ганц нэгийг жишээлсэн. 

Өөрөө толгойлоод сууж байгаа Улс төрийн Товчооных нь хэд хэдэн гишүүний хүүхдүүд нөгөөх Москвагийн лут их сургуульд явчихсныг тэрээр мэдэхийн цаагуур мэдэж байсан учраас хэргээр аав нарыг нь гөлөлзүүлж байгаад гарын үсэг зуруулчихгүй юү. Болсон явдал ердөө л энэ.

Тогтоолын нэр агуулга маш донжтой. “ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулах оюутны бүрэлдэхүүнийг зохицуулах тухай” МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 170 дугаар тогтоол – 1974.V.17; “Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд оюутан сургах ажлыг журамлах тухай” МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 357 дугаар тогтоол – 1979.VI.25 гэснийг үзэхүл тэр 1970-аад он нь ар өврийн хаалга, танил тал тохой оволзож байсан он жилүүд мэт.

Заалт нь бүр ориг. “Нийгмийн бүрэлдэхүүний харьцаа” гэж хүч оруулан бичсэн байгаа юм.Баян хоосны ялгаа гэж арай бичсэнгүй нь зол. Тэр үедээ зөв л дөө. Одоо ч ач холбогдлоо алдаагүй. Одоо УИХ, Засгийн газар, ҮАБЗ анхааралдаа авчихад огт илүүдэхгүй заалт нэг байна.

  • Голчлон аймгуудаас элсүүлж, элсэгчдийн 80-аас доошгүй хувийг ажилчин малчны хүүхэд байлгах чиглэл баримтлан ажиллахыг Гадаа явдлын яаманд даалгасугай!

Энэ заалтыг ухаж үзвээс ГХЯ ба дипломатчдын 80 орчим хувь нь ажилчин малчны, адаглаад харц ардын хөвгүүд охид байгаасай гэсэн чин хүсэл оргилсон мэт сэтгэгдэл төрнө.

“80-аас доошгүй хувийг” гэдгийг л өнөөгийн Дипломат албан дээр авчраад наачихаж болдогсон бол хэвлэл мэдээллээр шуугиулаад байдаг “Хэн хаашаа”, “Хэний хүүхэд” гэх сэдэв алга болчих мэт болхи бодол төрөөд болдоггүй. ГХЯ, нийт Дипломат албаныхаа нэр хүндийг өсгөх санаатай тэгж бичиж байна шүү, хүлцээрэй.

Өнөөдөр Дипломат алба руу үр хүүхэд, ач гуч, бэр хүргэн, ах дүү, жолоочоо хайр найргүй шахаж тулгаж лоббиддог, ГХЯ-ны сайд дарга нарыг нүүр хийх газаргүй болтол дарамталж ноолдог улс төрчид, УИХ-ын гишүүд ба гишүүд аснууд, Сайд дарга, олигархийн төлөөллүүлэд зориулаад УИХ ба Засгийн газраас өнөө цагийн “170” (1974 oн),“357” (1979 он) тогтоол маягийн юм сэдвэл яадаг бол? “Маш нууц” гэж нууцлалгүй, тэр тогтоолоо бүр илээр зарлачихна. Арга ядсан алхам байж болно, тэгэхгүй бол болохгүй болчихоод байна.

Монголын Төр-засаг өмнөх нийгэмд Дипломат албандаа хир халдаачихгүй гэж тэмцэж байсны нотолгоог дээр ганц нэгхэн баримтаар ийн өгүүллээ.

Үргэлжлэл бий...

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 1 цаг 47 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 1 цаг 48 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 1 цаг 48 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 1 цаг 50 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 1 цаг 52 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 1 цаг 53 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 1 цаг 55 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 1 цаг 56 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 1 цаг 58 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 59 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 2 цаг 1 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 2 цаг 2 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 2 цаг 3 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 2 цаг 4 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 2 цаг 5 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 2 цаг 6 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 2 цаг 7 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 2 цаг 9 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 2 цаг 10 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 2 цаг 11 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top