x

Өмнөдийн хүүхдүүдэд зориулж сургууль байгуулах хэрэгтэй

Монгол үндэстний дийлэнх нь манай өмнөд хөршид амьдардаг. Тэд урд хөршийн нэг хэсэг болсон цагаасаа саяхныг хүртэл уйгаржин монгол бичиг үсгээ хэрэглэж, сурч боловсорч байсныг бид мэднэ. Харин өнгөрсөн онд БНХАУ-ын Засгийн газар шинэ хичээлийн жилээс эхлэн Өмнөд Монголын сургуулиудад уйгаржин монгол бичгээр орох хичээлүүдийг багасгаж, хятад хэл голлосон сурган хүмүүжүүлэх системийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм. Хятадын зүгээс уйгаржин бичгийг орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн хэллэг, бичлэгт тохирохгүй, хоцрогдсон гэж үзэн ийнхүү халж байгаа юм. Бодит нөхцөл байдлыг харахад үүнтэй маргах нь зохимжгүй. Мэдээж бичиг соёлыг нь үгүйсгэж байгаа болохоор энэ шийдвэрт өмнөд монголчууд их эмзэг хандаж байгаа. Дор бүрнээ эсэргүүцэж, чадах чинээгээрээ ч тэмцэл өрнүүлсэн. Дунд сургуулийн багш энэ явдлыг эсэргүүцэж амиа хорлосон харамсалтай явдал ч гарсан. Эрх баригчдынх нь зүгээс бодлого шийдвэрийг нь эсэргүүцэн, олныг турхирсан хүмүүсийг барьж хорьж, арга хэмжээ авч байгаа. Энэ асуудлаас болж хэд хэдэн хүн хэцүү нэртэд суусан нь нийтэд ил болсон.

Үндэсний цөөнхийн асуудлаар хийсэн НҮБ-ын хуралд Өмнөд Монголын төлөөлөгч нар өөрт тулгарч буй асуудлуудын талаар ч хөндсөн байна билээ. Мөн Хятадын төр засгийг өмнөд монголчуудын эдлэх ёстой хүний наад захын эрх, эрх чөлөөг НҮБ-ын конвенц, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн стандартуудын дагуу хүндэтгэхийг шаардаж. Тухайн хуралд оролцсон Хятадын төлөөлөгч түүний яриаг зогсоож, салан тусгаарлах үзэлтэй холбон буруутгасан байгаа юм. Энэ дүр зураг тэдэнд өөрсдийн төлөө дуугарч, тэр үзэл бодлоо олон улсын сонорт хүргэх, тэр дагуу үр дүн гарах боломж маш бага гэдгийг харуулж байна. Манай өмнөдүүд төдийгөөс өдий хүртэл салан тусгаарлах тухай дурсдаг ч үгүй явсаар ирсэн. Тэдэнд ч ийм бодол өнөөдөртөө л лав байхгүй байх гэж харж байна. Тэгэхээр тэр Хятад улсын барьж байгаа “салан тусгаарлах үзэл” гэдэгтэйгээ холбон дайрах нь зүгээр л гөрдөж байгаа хэрэг биз. Эсвэл хэтэрхий ихээр хардаж жижиг хэтний оч мэт зүйлийг түймэр мэтээр үзэн сүржигнэж зарлаж байгаа нь олон улсад сэжиглэн ширвээтдэг “салан тусгаарлах” үзэл гэдгээр бусдыг айлган үгэндээ оруулах гэсэн хэлбэр юм. Энэ аймаар нэр томьёог манай хэдэн буурай монголчуудад хэрэглэх нь “бөөсөнд хутга” гэгчээр хэтэрхий сүржин бөгөөд зохиогүйн дээр хэтийн хор холбогдол нь ч тийм сайнгүй юм. Дэлхий нийтээр одооноос “салан тусгаарлагчид” гэж зарлуулсан тэр хэдийн маань эрх зөрчигдөхөд хүрвэл хэн ч үл тоон “тэд хэзээнээс болдоггүй юм” гэсэн ойлголтод хүрвэл сүйтгэлтэй билээ. Тэр хэдэн малчин хэзээнээсээ номхон томоотой явсан, салж тусгаарлаад ч хаашаа явах билээ, нутаг орондоо байгаа хүмүүс чинь. Хятад улсын хятад биш үндэстний хамгийн үгэнд ордог, хамгийн сахилга баттай хүмүүс манай өмнөд монголчууд юм шүү, хөөрхий.

Нэгэнт өмнөдүүд ийм эсэргүүцэл үзүүлж, нөгөө талаас хорьж цагдаж байгаа нь бодит хойно нэг үндэстэн болсон бид дуугүй суугаад баймааргүй байна. Бид “Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэх сургаалтай ард түмэн шүү дээ. Хамгийн гол нь бодит ажил эхлүүлэх нь чухал байна. Юун түрүүнд бид өмнөд монголчууддаа зориулж сургууль байгуулж өгөх хэрэгтэй. Тэдэнд зориулж нийслэлд төдийгүй хил залгаа аймаг, залгаа хилийн сумдад сургууль байгуулах бодит ажил өрнүүлье. Ингэхдээ уйгаржин бичиг бус кирилл бичгээр хичээл оръё. Ингэж чадвал бид цаашдаа олон зуун жилийн турш нэг хэл, соёлтой нэг үндэстэн хэвээр үлдэж чадна. Цаашлаад ардчилсан тусгаар улсын хувьд НҮБ зэрэг олон улсын хүний эрхийн байгууллагуудад хэл дуулгаж, шаардлагатай арга хэмжээ авах талаар хүсэлт хүргүүлэх шаардлагатай. Төр засгийн зүгээс урд хөршдөө таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйгээр дипломат харилцааны шугамаар энэ хүсэлт, шаардлагаа илэрхийлэх нь зүйтэй.

Шийдвэр нэгэнт гарчихсан, бодлого шийдвэрээ хэрэгжүүлээд эхэлсэн хойно өмнөд монголчууд маань уйгаржин бичгийнхээ араас харамсаж, халаглаж гашуудаад байх хэрэггүй. Араас нь нэхэл дагуул болж өөрсдийгөө эрсдэлд оруулаад ч юу хийх вэ. Олон улсын түвшинд хэрэглэж, шаардлагатай мэдлэг мэдээллээ олж авахад түвэгтэй байгаа юм бол уйгаржин бичгийг үзэх гэж улайрах хэрэг юун. Тусгаар монголчуудын бичиг үсэг болж чадаж буй кирилл бичгийг л сурчихад өмнөдүүд та бүхэн Монголоо алдахгүй. Бид ч та бүхнээсээ салан хөндийрөхгүй.

Харин өмнөд монголчуудад кирилл бичиг заах, нэг соёлтой болоход монголчууд бид дээр дооргүй идэвх санаачилгатай ажилламаар байна. Ялангуяа урлаг, соёлынхон, яруу найрагч, зохиолч нарыг бусдыгаа оройлж, аян хөдөлгөөн өрнүүлээсэй гэж хүсч байна. Шалтгаан нь тун энгийн. Өмнөд монголчуудаас өөр гадаад ертөнцөд биднийг дэмжин алга ташдаг хүмүүс ховор. Бараг байхгүй гээд хэлчихэд нэг их хатуудахгүй болов уу. Бидний хийсэн “халтар” зохиол, дуу хуур, кино, клипийг өмнөдүүдээс өөр хэн тоодог билээ дээ. Ви чат гэх цахим хуудсаараа хэдэн саяулаа бидний л хийсэн дуу хуур, хөгжим, кино, шүлэг, зохиолыг түгээж, чухалчилж үздэг. Найр наадам, урлаг соёлын арга хэмжээн дээрээ хүндэтгэн дуулдаг. Шүлэг зохиолыг нь уншиж, шимтдэг. Алдартай, алдаргүй нь хамаагүй Ар монголын уран бүтээлч зориод очиход идээ ундаа болж, ахан дүүс минь гэж хөл алдацгаадаг. Чамгүй цалин мөнгөөр урамшуулж дэм тус болдог нь ч үнэн. Энэ хэрээрээ манай уран бүтээлчид урд зүгийг зорих нь олширч, хамтран уран бүтээл хийх нь ч нэмэгдсэн. Тэдний ийм найрсаг байгаа нь бид ижил хэл, соёлтой байгаатай л холбоотой. Нэг үндэстэн хэдий ч үг хэл сольж, ойлголцож чадахгүй яваа нь олон шүү дээ. Дэлхий дээр бидний ижил монгол хэлтэнгүүд өмнөд монголчууд л байгаа учраас ингэж өгөөмөр загнаж байгаа хэрэг. Тэгэхээр яруу найрагчид, зохиолч, дуучид гээд уран бүтээлчид дүлий дүмбэ оргиж суулгүй тэднийг кирилл бичигтэн болгох ажлыг дэмжиж, манлайлж ажиллах хэрэгтэй. Нэг бичиг үсэг, нэг соёлтой болсноор өмнөдүүдтэйгээ урт удаан хугацаанд ахан дүүс болж явахаас гадна эдийн засаг талаасаа ч та бүгдэд тустай.

“Улсыг устгая гэвэл түүхийг устга. Түүхийг устгая гэвэл бичгийг нь устга” гэх Күнзийн сургаал байдаг гэдэг. Энэ философиор бол уйгаржин бичгээ алдсан өмнөд монголчууд төд удалгүй мөхөж дуусна. Хэдхэн жилийн дараа монгол хэлээр ярьдаг хүн тэнд олдохоо болино. Бид ийм зүйлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй. Энэ дэлхийн нэг үндэстний хувьд яг хятад үндэстэн шиг, бас оросууд шиг амьд байх, өөрсдийн өв соёлтой, өөрсдийн эх хэлтэй байх эрхтэй. Энд өмнөд монголчуудыг тусгаар тогтнуулъя, салган тусгаарлуулъя гэж уухайлаад байгаа юм биш. Бид нэг үндэстний хувьд хэл, бичиг ижил, нэг соёлтой байх хэрэгтэй байна. Үүний тулд ар монголчууд эрвийх дэрвийхээрээ зүтгэх цаг нь одоо болсон. Хэдий болтол бид харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй мэт байх вэ. Бид харж суугаад үндэстнийхээ нэг хэсгийг мөхөөчихөж болохгүй. Ар Монголд байгаагаас илүү их монголчууд өмнөдөд байгаа учраас бид тэдний төлөө жинтэй хөдлөх цаг болсон.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (45.56.198.212)
    "Түүхийг устгая гэвэл бичгийг нь устга” гэх Күнзийн сургаал байдаг гэдэг. Энэ философиор бол уйгаржин бичгээ алдсан өмнөд монголчууд төд удалгүй мөхөж дуусна." За тэгвэл Ар Монгол мөхөөд дууссан гэсэн үг үү. Бид кирил бичигтэй бил үү ?
    2021 оны 04 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 5 цаг 14 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 5 цаг 15 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 5 цаг 16 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 5 цаг 17 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 5 цаг 19 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 5 цаг 20 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 5 цаг 22 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 5 цаг 24 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 5 цаг 25 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 5 цаг 26 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 5 цаг 28 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 5 цаг 29 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 5 цаг 30 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 5 цаг 31 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 5 цаг 32 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 5 цаг 33 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 5 цаг 35 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 5 цаг 37 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 5 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 5 цаг 39 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top