x

Монголын шүүх чонын зуултаас мултарч барын аманд орлоо!

Дээр үеийн ямар кинон дээр билээ, хар гамингийн дарлалаас мулталсан ч үргэлжлүүлэн цамнаж буй Бароныг харсан цэрэг эр “Монгол улс чонын амнаас гарч, барын аманд орлоо” гэж буй хэсэг гардаг. Энэ нь өнөөгийн Монголын шүүхтэй олон талаараа ижил төстэй.

I. Шүүхийг эрхшээгчид

Орчин цагийн Монголын шүүх байгууллага нь “Ерөнхийлөгчийн шүүх”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүх”, “УИХ-ын буюу эрх баригч намын шүүх” гэсэн үе шаттайгаар хувьсаж байна. Үе үеийн шүүхийг эрхшээгч нар нь өөрсдийн сүр хүчийг мэдрүүлэх зорилгоор шүүгчдийг “бөөнөөр нь цовдолж” үзүүлэхээ хэзээ ч мартаж байгаагүй. 

Ерөнхийлөгч шүүхийг эрхшээх үедээ бүх шүүгчийг хуульд нийцүүлэн чөлөөлөөд, харин буцаан томилохдоо 13 шүүгчийг нь “ор тас мартсан”. Одоо гудамжинд яваа тэднийг дурсахаа ч больжээ. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Үндсэн хуулийн бус аргаар 17 шүүгчийг түдгэлзүүлэн эрүүгийн хэрэгт шалгасан. Зарим нь тоо гүйцээж хоморгонд өртсөн атлаа одоо хэрхэхээ мэдэхгүй мөн л “гадаа” яваа. 

Өнөөдөр эрх баригч нам маань Шүүхийн тухай хуулиар 28 шүүгчийг хугацаанаас нь өмнө хувь хүний хүсэл зоригийнх нь эсрэг “хүчээр тэтгэвэрт гаргах” гэж байна. Одоо эхлэх биз.

Энэ бол Монголын 500 шүүгчдийн 10 гаруй хувь нь сүүлийн хэдхэн жилд улс төрийн хүчирхийллийн улмаас наанадаж ажил, амьдралгүй цаашлаад гэмт хэрэгтэн болж эрүүгийн хэрэгт шалгагдсан бодит тоо. Бөөн тоо учраас уншигч танд анзаарагдана, цаана нь ганц нэгээр яаж тоншсоныг чөтгөр бүү мэд. 

Үндсэн хуулиас эхлээд цаасан дээр шүүхийг хараат бус гэж тунхаглах атлаа яагаад ч юм амьдрал дээр эсрэгээр улс төрийн харьяат болгодог нь хоржоонтой. 

Улс төрчид шүүхийг эрхшээх үедээ өөрийн хүрээлэгсдийг ял завшуулж, өрсөлдөгчөө хилс хэрэгт яллах болон хүний хөрөнгийг хууль бусаар хураан авах ажилдаа шүүхийг нохойд барих мод болгон ашиглаад хожим бүх буруугаа шүүх рүү чихээд зугтдаг жишигтэй болоод уджээ. 

Хэзээ хүний эрхийн баталгаа болсон хараат бус бие даасан, гагцхүү хуульд захирагддаг шүүхтэй болохыг бүү мэд., Лав мөддөө нар үзэхгүй нь бололтой. 

II. Шүүхийн амин сүнс хаана байна вэ?

Шүүх нь өөрийн амин сүнс болсон хууль гэсэн ганц даргатай, тэр ч утгаараа шүүгчийг ярьдаг хууль гэж дэлхий нийтээр нэрлэдэг. Харин далд гарын “жинхэнэ дарга” эрхшээгээд эхлэхээр шүүгч хуулиасаа урваж, хуулийн талаар худлаа ярьж эхэлдэг. Төлөөсийг нь иргэд үүрдэг. 

Тун удахгүй манай шүүхийн амин сүнс нь хууль биш эрх баригч нам болох бололтой. Юун түрүүнд шүүхийн туршлагатай цөм манлай хэсгийг хүчээр тэтгэвэрт гарган хөөж явуулаад үлдэх хэсгийн шүүсийг шахаж чих зөөлөн болгох шат дараатай ажиллагаа явагдах юм байна. Тэгээд ч Шүүхийн хууль нь “шүүгчийг хэрхэн шүүх вэ?” гэж уншигдаад байна. 

Эрх баригчид маань Монголын шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөл нэртэй хазаараар залж, Шүүхийн сахилгын хороо нэртэй ташуураар далайлгах замаар зайдагналаа. Хэн шүүгч болох, хэнийг шүүгчээс хасахыг эрх баригчид шийднэ гэсэн үг. Шүүхийн орох, гарах хаалган дээр парламент нь тэгнээд хэвтсэнийг бүгд харж байна. Эрх баригчид таалагдахгүй бол шүүгчид нэр дэвшигчийг бөөнөөр боорлож, хардаж сэрдэн эцэст нь картаа сугалаад зугтахыг бүгдээрээ харлаа. Мэргэжлийн олон шалгуурыг давж, салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй өрсөлдөн гарч ирчихээд парламентын босгон дээрээс “өмнө ажилласан байгууллагаараа тавлуулж, улс даяар шоглуулж нүүрэндээ хөө түрхүүлээд буцах”-ыг хэн хүсэхэв. Монголын шүүх орцон дээрээ манаачтай байна. Удахгүй таалагдахгүй шүүгчдийг парламентын давуу оролцоотой Шүүхийн сахилгын хороо хасч эхлэх юм байна. Шүүх нэгэнт гэрлэгсдийг бүртгэх хуримын ордны үйлчилгээ үзүүлдэггүй, харин ч эсрэгээр хэрэг маргаан шийдвэрлэх халгамаар үйлчилгээ үзүүлдэг тул шүүхээр үйлчлүүлэгчдийн багадаа нэг тал нь заримдаа бүр бүгд гомддог онцлогтой. Шүүхэд гомдогсдын гомдлыг тайлах нэрээр эрх баригчдын үгэнд ордоггүй шүүгчийг хөөж явуулах таатай орчин бүрджээ. 

Эрхэм уншигч та парламентын давуу оролцоотой Шүүхийн сахилгын хороог үнэхээр хараат бус байна гэж бодож байна уу, тэгвэл олон нийтэд үйлчлэх үүрэгтэй Монголын үндэсний телевиз эрх баригчдаас хараат бус байдаг уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Онц ялгаа байхгүй. Парламент маань Сахилгын хорооны гишүүдийг хоол ходоодоор нь барихаас эхлээд буцаан дуудаж, солих онцгой эрхтэй. 

Уул нь бид улс төрчдийн эрхшээдэг шүүх хэрхэн хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлж, хуулиасаа урваж, шударга ёс руу нулимахыг хангалттай мэдэрсэн. Төлөөсөнд нь улс төрийн хоригдолтой болж, олон ч гэмгүй иргэд хэлмэгдэн шоронд орж, тэдний гэр бүл, үр хүүхэд нь шар махтайгаа хатаж байгаа нь нүдэн дээр илхэн байна. Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн нэгэн эрхэм манай намд одоогоор дарангуйлагч байхгүй тул санаа зоволтгүй гэв. Удахгүй бүгдээрээ эрх баригч намын дарга маань дарангуйлагч биш сайн хүн байгаасай гэж зальбирах хэрэг гарахнээ. Өөрийн бэлээхэн мэдэлд ирсэн шүүхийг ашиглан өрсөлдөгчөө хялбархан зайлуулах боломжоос татгалздаг гэгээнтнүүд эрх баригч намын даргаар дандаа тодордог бол бас яая гэхэв, гэхдээ юу л бол. Хэн дор эрх мэдэл буй, түүн дор хилэнц буй гэгчээр тогтолцоо нь эргээд хувь хүнээ эвддэг учраас эрх баригч намын дарга нар ирээдүйд дандаа сайн хүн байгаад ч нэмэргүй л болов уу. 

III. Шүүгчид бүгдээрээ муухай юу?

Судалгаагаар шүүхээр үйлчлүүлэгчдийн олонхи нь шүүхэд итгэдэг гэсэн үр дүн гардаг. Муугүй үзүүлэлт. Харин шүүхээр үйлчлүүлээгүй иргэдээс авсан судалгаагаар олонхи нь шүүхийг шударга бус тул итгэдэггүй гэж гардаг. Улс төрчид, тэдний гар хөл, бууны нохойн үүрэгтэй төрийн бусууд, гомдогсод дандаа шүүхийн талаар сөрөг мэдээлэл тарааж явдаг болохоор иргэд үүнд итгэх нь аргагүй. 

Монголын шүүхийн нүүр царайн дээрх батга болох цус холилдож ойртсон, авлигажсан, хонгил үүсгэсэн, ёс зүйгүй цөөн шүүгч байгаа. Тэдний булайг нь ёс мэт бусад нь хамт үүрэлцэж явдаг. Өөрсдийгөө эрээ цээргүй алтан ураг гэж нэрийдсэн шүүх дэх хорт хавдар болсон хонгилын шүүгч нарт хариуцлага тооцож шүүхээс зайлуулах зайлшгүй шаардлага байгаа нь үнэн. 

Үхрийн эвэр доргихын үлгэрээр үнэнч шударгаар ажлаа хийж яваа 90 гаруй хувийн олонх шүүгч нар нь цөөхөн муухайгийнхаа нэрийн өмнөөс системээрээ хараалган амьдарч байна. Шүүгч нь албан ёсоор амаа үдүүлдэг албан тушаалтан тул өөрсдийгөө өмөөрч өмөлзөх эрхгүй. 

IV. Шүүхийн шинэ хуулиар амар сайхандаа жаргах уу?

Шүүхийн шинэ хуулийн тухай амаа цангатал магтуу уншиж, сүүлдээ нялуун үгэнд бялуурах шинжтэй боллоо. Угаасаа их танил дүр зураг. 

Хэдхээн жилийн өмнө нэг ерөнхийлөгч авлигажсан шүүхийг халж ард иргэдээ жаргаана гэж амалж, улс даяараа өнөөдрийнхөөс илүүтэй хөл хөөр болж байв. Хуульчид чуулж алга нижигнүүлэн, мань мэт нь дивтаатаар үг хэлж явлаа. Хожим бодохнээ хонгилын нээлтэнд оролцсон байж билээ. Одооны шинэ хуульд хүчээ өргөж яваа хуульчид бүгдээрээ тэнд байж л байсан. 

Одоо л чухам шүүхийг шинэчилж, шударга ёсыг тогтоон жаргаана гэж нялуурдгаараа бол улс төрийн сонгуультай их төстэй, бас давтамжтай. Гэвч улс төрийн харьяат шүүхтэй байхын зовлонг туучаад үзсэн хуульчид нь эрх биш хэрсүүжсэн биз. Өмнө нь авлигажсан шүүхийг хална гэсэн бол өнөөдөр хонгилыг нураах тухай нэмэгдсэнээрээ л өөр байна. 

Сониноос, Шүүхийн тухай хуулиар нэг байранд айлсан ажилладаг аймаг, сумдын шүүхүүд шийдвэр гаргахдаа ам зөрөхгүй л бол Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохоор байна лээ. Холбооны улс шиг 21 аймгийн шүүхийн “вант улс”-тай болж байгаа юм уу даа. Хууль буруу хэрэглэж, хүний эрх зөрчиж, ял завшуулж, хилсээр шийтгэж, хөрөнгө хүчээр хураасан ямар ч муу шийдвэр аймаг, сумынхаа түвшинд нэг шугаман дээр байвал дээд шүүх лав хянах эрх байхгүй. Давхар алдаа гаргасан ч утга ижил бол хяналтгүй. Энэ тохиолдолд дээд шүүхийн хаалга иргэнд хаалттай. 

V. Төгсгсөлийн оронд

Ерөнхийлөгчийг дарангуйлагч болохоос айсан парламент маань улс төрийн зорилгоор шүүхийг ашигладаг байдлыг болиулж зэвсэг хураах ажиллагааг гүйцэтгэлээ. Харамсалтай нь хураасан зэвсгээ устгахгүйгээр өөрийгөө өвч зэвсэглэчихлээ. 

Цаашид эрх баригч намын дарга УИХ-д олонхитой, Ерөнхий сайдын албын хашиж, албан тушаалаараа дамжуулан хэрэг шалгадаг авлигатай тэмцэх газар, тагнуул, цагдаагийн байгууллагыг, мөн УИХ-аар дамжуулан шүүхийн хамт буюу хууль шүүхийн байгууллагыг бүрэн эрхшээх тул илүү хүчирхэг, сайжруулсан “шинэ супер мангас” бүтээгдлээ. 

Хүчирхэг шинэ эзэнд бусдын олон жил хүч хөдөлмөрөө шингээн бүтээн босгосон энэ “бэлэн сайхан” хонгилыг шууд нураахад нээрээ хайран ч санагдсан юм бил үү, хэн мэдлээ?

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.161.1)
    Mongoliin shuuh tuuhendee anh udaa Elbegdorj yronhiilogchiin uyd l hariutslagatai shudarga ajillaj ehelsen bolovch Jenko bolon MAN-n zasaglaliin uyd ergeed hund baidald orloo.Odoo bol helmegduuleltiin har mashin bolloo.
    2021 оны 03 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 31 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 32 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 33 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 34 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 36 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 37 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 39 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 41 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 42 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 44 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 45 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 46 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 7 цаг 47 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 7 цаг 49 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 7 цаг 50 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 7 цаг 51 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 7 цаг 52 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 7 цаг 54 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 7 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 7 цаг 56 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top