x

Энэ нэг залхуутай “е-е-е” гэсэн улигт хөгжмийг хогийн саванд чихээч ээ!

Ерөөсөө бүх иргэдээ хянах нь социалист, коммунист нийгмийн гол мөн чанар. Хяналтын олон шатлалт, төрөлжүүлсэн систем байна. Сонгодог, гарт баригдаж, нүднээ харагдах нь манайхны НАХЯ-ны (До яам) сүлжээ, мэдээлэгчид, гүйцэтгэгчид, цээрлүүлдэг аппарат. Энэ байгууллагын хараа хяналтад орж, сануулга шийтгэл амсвал цаад хүн, гэр бүл дуусах нь тэр. Тухайн үеийн цорын ганц эрх баригч МАХН-ын олон шатны сахилгын шийтгэлийн сүлжээ гэж бас нэг харанга байсан. Намын гишүүддээ хамаатай юм болов уу гэтэл цаад намын гишүүний ар гэр, үр хүүхдэд ял зэм нь давхар очоод наалдчихна. Үйлдвэрчний эвлэл хяналт, хяхалтын байгууллагатай байсан бол тэр нь далд нууц байсан байх. Харин МХЗЭ, Монголын пионерын байгууллагад сахилгын ба хяналтын сүлжээ байсан. Эвлэлийн шугамаар ял сонсох нь түгээмэл байсан байх. Хардаж цагдах нь улс төрийн дэглэмийн мөн чанар тул бүхнийг хавтгайруулан хянадаг энэ тогтолцоог тоталитари гэж нэрлэдэг. 

Тийм дэглэмд эрх чөлөө, тэр дундаа үзэл санаа, урлагийн эрх чөлөө гэж даан ч зай байхгүй. Рок хөгжим, панк, хиппи гээч шулмын үзэгдлүүд Европ дахь ийм дэглэмүүдийн хүчийг сулруулж эцэст нь нураах хөрс болсон нь тайлагдашгүй оньсого. Ардчилсан Герман гэж халдашгүй дархан эрхтэй коммунист улс байв. Муу нэрээ түүхэнд мөнхөлсөн “Штази” гэж нууц цагдагийн алба нь нацистын Германы Гестапог тэр чигээр нь хуулчихсан, Зүүн Германы бүх хүн ардыг хатуу цагдаж байв. Баруун Берлинийг хана хэрмээр бүсэлсэн тул тэндээс элдэв “хорт үйл” орж ирэхийг хаачихлаа гэж байтал хөгжим, дуунд хил хязгаар, хана хэрэм хамаагүйг коммунист удирдагчид гэнэ алдаад мэдсэнгүй.

1960-аад оны эхнээс Баруун Европт рок хөгжим, панкийн давалгаа үүсч, энэ үйлсийг Британи хошуучилж, тэндээс ХБНГУ руу ямар ч цензургүй нэвтэрч байлаа. Европыг битломани бүрхэж, залуус өвчилж эхлэв. Нөгөөх нь Берлиний хана даваад ороод ирэх нь тэр. “Энэ нэг залхуутай “е-е-е” гэсэн улигт хөгжмийг хогийн саванд чих!” хэмээн БНАГУ-ын удирдагч хатаагдсан коммунист Вальтер Ульбрихт намын хурал дээрээ үүрэг өгчээ. Гай таарч тэр “е-е-е” нь нийгмийг насны ангиллаар талцуулчихав. Залуус тэр “е-е-е”-д соронз адил татагдаж байгааг нь ахмад хижээл насныхан зүрх шимшрэн жигшин харж байлаа. Төмөр хөшигний цаанаас барууны рок дуу хөгжим хуу нэвчин хотын залуусынх нь тархийг бүрэн угаав. Яг ийм үзэгдэл Дорнод Европын бүх социалист орныг нэрвэсэн, СССР руу нэвтэрсэн, хаялга нь алс холын Монголд ч хүрсэн билээ. 

Тэрхүү “е-е-е”-ний хөгжмийн аяс, амт, эстетикт коммунист ахмадууд түгшиж байсан хэрэг биш, харин тэрхүү “е-е-е”-гээр дамжаад залуус нь барууны улс төрийн байгуулал-капитализмыг таашаах вий, тийшээ татагдах вий гэдгээс үхтлээ айж байлаа. “Е-е-е”-гийн нөлөөгөөр залуус нь өөрийн шинэ соёлын хувилбарыг коммунист нийгэмдээ буй болгож байлаа. Рок-н-рол хэмээх танцыг хуулбарлан Дорнод Германд “липси” хэмээх “социалист танц” үүсгэв. “Эстрад урлаг”, дагшаа найрал хөгжим, цахилгаан хөгжим нэрээр социалист ертөнц тэр чигтээ “битломани”-йн хуулбар боллоо. 

Зөвхөн оройн цагаар, ажилчин залуусын үдэшлэг дээр тавьж сонсго хэмээн квот тогтоож үзэв. Залууст зориулсан социалист агуулгатай, цэрэг-эх оронч эстрадын соёл тогтоох гэсэн нь үлгэр, инээдэм боллоо. Эрх баригч намуудын Төв Хорооны үзэл суртлын хэлтэс, түүний мэдлийн хүчирхэг аппарат социалист ертөнцийн залуусыг капиталист урлагаас хамгаалах үүрэгтэй хоршин ажиллаад нэмэргүй. Хориглоод байхлаар нь залуус радио хүлээн авагч ашиглан барууны радиостанцуудын долгионуудыг барьдаг болов. Хиппи, Панк-рок хөгжүүлэх гэсэн залуус барууны моод, хэв маяг, жинсэнд автав. Дээрээс нь нам, эвлэл нь дарамтлаад дийлдэггүй ээ. Хөөрхий, иргэдээ барууны ертөнцөөс харамлаад хариу алга.

1969 онд коммунист Германыг нураах шахуу үйл явдал гэнэт тохиолоо. Баруун, Зүүн Берлиний хананы ойролцоо английн Rolling Stones хамтлаг тоглолтоо хийнэ гэх сураг дэгдэв. Үнэндээ Rolling Stones-ын дуунуудыг цагаан хоолойгоор Зүүн Берлиний хана туургыг нэвт чарлуулжээ. Rolling Stones-ын концертыг сонсохоор германы хэдэн түм, буман залуус гудамжинд гарчээ. Ядаж байхад БНАГУ байгуулагдсаны 20 жилийн ойн босгон дээр тэгдэг нь ч өдөөн хатгалга болж “Штази”-д хүрчээ. Ардчилсан Германы залуус паникт автжээ. Берлиний хана руу дөхөж ирж дуу сонсох гэсэн залуус болгон дээр хавтаст хэрэг нээжээ. Баривчлагдсан, хоёр гурван жилээр заагдсан хүн ч нэлээд байна. Хананы ойролцоох байшингийн дээвэр дээр шувуу шиг суусан үй олон герман залуусыг барьж хүчрэх биш. Үнэндээ хориглож чадаагүй юм. Барууны хөгжимд дурлагсад хот хөдөөгүй тоо нь өсч үржлээ. “Штази” залуусыг хардаад байсан болохоос хөгшчүүлийг хяналтаасаа гаргачихжээ. Баруун Германд ах дүүсдээ зочилсон хөгшчүүл барууны хитүүдийн пянз бичлэг зөөвөрлөнө чинээ санасангүй. Баруунд байгаа ахан дүүс нь бэлэг бэлгийн дээдийг чухам олж харжээ. Дайсан, хоцрогдсон гэж үздэг орнуудаас бэлэг цувж гарав. 

Социалист ертөнцөд нэг иймэрхүү дүр зураг явсаар 1980-аад оны дунд үе хүрч Горбачевын эринтэй золгожээ. Зөвлөлтийн коммунист хяналт энд тэндгүй суларчээ. Дорнод Германыг зөнд нь орхижээ. Зүүн Берлинийг чиглүүлсэнхөгжим, концерт улам чанга цууриатлаа. Рок хөгжим коммунист ертөнцөд нийгмийн байгуулалд хэрхэн нөлөөлж байгааг барууныхан олж харсан төдийгүй уухайлан дэвэргэх нь тэр. Унгар, Чехословак, Югослав руу барууны дуучид хамтлагууд цувж эхлэв. Хүүхэд, залуу насаа хөгжимд донтуулсан шинэ үеийнхэн цагдаа, дотоодын хамгаалахад гараад иржээ. Тэд фанат байснаа чекист болоод нэмэр болсонгүй. Берлин хотын цагдаагийн газрын дэд дарга Дитер Дитце гэх нөхөр яг үүний сонгодог жишээ юм. Боб Дилан, Брюс Спрингстин гэхчлэн дэлхийн рокийн одууд Берлинд тоглов. Эрх чөлөөний мэдрэмжийг тэд дуугаараа мэдрүүлэв. БНАГУ-ын 100 мянган залуусын өмнө “Born in the USA” дуу хангинахад 100 мянгуулаа дагаад хоороор дуулна гэдэг коммунист Германыг хөмөрчих шахсан үзэгдэл биш гэж үү? БНАГУ, “Штази” түүхнээс арчигдах эхлэл биш гэж үү? Хянаж цагдах, коммунист үзэл шингээх гэж дэндүү их цаг хугацаа алдсанаа “Born in the USA” хэмээх хоор дуунаас эрх баригчид нь олж мэджээ.

Горбачевын эрин эхлэхээс 30 жилийн өмнө Зөвлөлтийн коммунистууд рок-н-роллтой байлдаад эхэлжээ. 1957 онд Москвад дэлхийн залуучууд оюутны их наадам тохиох үеэс эхлэлтэй. Тэр үеэр Зөвлөлтийн иргэд анх удаа рок-поп дуу хөгжмийн зах зухтай танилцжээ. 1960-аад оны эхээр СССР-т рок-хөгжим далд нууц байдалд оршиж эхлэв. Пянз хэлбэрээр Зөвлөлт рүү Америкийн ритм-энд-блюз, британийн «биг-бит» нууцаар нэвтэрч тархаж эхлэв. «Битлз», «Роллинг стоунз»-ын дуунууд орос залуусыг донтуулж эхэлжээ. Орос залуус тэссэнгүй 1960-аад оны дунд үе гэхэд өөрийн бит-группээ ил болгожээ. Анхны рок-ансамбль нь Москвад «Славяне», «Странники», «Мифы», «Скоморохи», Ленинградад «Авангард», «Лесные братья», Минскэд «Песняры» хэмээн тодров. Тэднийг хуульчиллаа. Гэхдээ«Зөвлөлтийн эстрад» гэсэн шошготой. Оросоороо “дуу-хөгжмийн хамтлаг” гэсэн даруухан нэртэй. «Веселые ребята», «Поющие гитары» гэж тэр үеийн монголын залууст хүрсэн нэртэй хамтлагийг нэрлэж болно. 

Ах дүү социалист орнуудын соёлын солилцоогоор Польш, Унгараас жинхэнэ рок хамтлагууд Зөвлөлт рүү зочлон тоглоод, ганц нэг нь Монголд ч ирж байв. 1970-аад оны хоёрдахь хагас гэхэд СССР-т рок-н-роллыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. «Мелодия» хэмээх студэд «Мелодии и ритмы зарубежной эстрады» хэмээх пянз хэдэн саяараа үйлдвэрлэн худалдаанд гаргав. Элвис Пресли, Том Жонс хэмээх барууны поп-рок хитүүдийг монголчууд бид «Мелодия»-гаас анхлан сонссон доо. Зөвлөлт улсад аялан тоглолтоор Клифф Ричард, Элтон Жон, «Boney M» гэх диско-хамтлаг ирж цахиур хагалав. Польшийн Сопот, Болгарын Наран эргээс орчин үеийн дуу хөгжмийн наадмуудыг шууд нэвтрүүлдэг боллоо. Балти хавийн улсуудад рок-фестиваль зохиогоод эхлэв. “Ардын дууны” нэрээр Вильнюс, Таллин, Тарту хотод рок-хөгжим цэцэглэв.

«Зөвлөлтийн эстрад» цэцэглэсний өртөг хожим коммунист нам, зөвлөлт төрд маш өндөр өртөгтэй туссан билээ. «Зөвлөлтийн эстрад»-ад тархиа идүүлсэн зөвлөлтийн залуус коммунизмын материал-техникийн баазын бүтээн байгуулалтад сэтгэл гутарчээ. Хорт хавдар адил идэж тархсан рок-поп хөгжим коммунизмд аранга болж сэдэрлээ. Одоо яанаа? “Как Smokie повлияли на российскую эстраду” гэх пост www.youtube.com-оос сонирхоорой. Оросууд хэрхэн тархиа угаалгаж донтож байсныг өгүүлжээ.

Энд би сайн санаж байна. 1978 онд «Boney M» Москвад Кремлийн их хурлуудын том танхимд тоглосныг “Орбит” ТВ-ээр Улаанбаатарт шууд үзүүлж, дараа нь Монголын радиогоор тусгай нэвтрүүлэг болгон цацсан юм. Карибын тэнгисийн арлуудын хар арьст дуучин залуус (ямайкийн дуучин Лиз Митчелл, Марсия Баррэтт, Монтсеррат арлын бүжигчинМэйзи Уильямс, Аруба арлын бүжигчин дуучин Бобби Фаррелл) Орос орныг жинхэнээсээ доргиосныг бид харсан, сонссон. 

Тэд зөвлөлтийн ТВ-д ярилцлага өгч байгааг хараад бид шооконд орсонсон. “Таны хүсэл юу вэ?” гэсэн асуултад хариулахдаа “Бид социализм, коммунизмыг хүсч байна”, “Гал улаан туг хүсч байна” гэх болов уу гээд нүдээ чилтэл ширтээд байтал байдаггүй шүү. “Бид аз жаргалыг хүсч байна”, “Бид хайр сэтгэл хүсч байна” гэх нь тэр. Тэд бүр давраад Улаан талбайд видеоклип хийлгээд тавьчихав. Өмнө нь хэн ч ингэж зориглоогүйсэн. «Boney M хамтлагийн үдэшлэг–Останкино концертын танхим» гэсэн нэртэй теле-шоуг нэрт найруулагч Евгений Гинзбург гэх эсэргүү жүүд нөхөр дэглээд тавьчихлаа. Тэр нь кино-концерт болоод 1979 оны хавраас Зөвлөлт даяар түглээ. Харин Ю.Андроповын өнгөн дээр Зөвлөлтийн КГБ нөгөө теле-шоуны бичлэг бүхий кино-концертыг Зөвлөлт даяар ангуучлан нэг бүрчлэн устгалаа. Гэлээ гээд коммунизмыг нуралтыг зогсоож чадаагүй юм даа.

“Хүйтэн дайн”-ы төмөр хөшгийг барууны рок хөгжим нэвтэлж коммунист үзэл суртлыг яалт ч үгүй ялсан юм. Рок-поп хөгжмийн өмнө коммунист үзэл суртал ёстой хог боллоо.

Баруун хөгжмийн фэнүүд анхлан Монголд (үнэндээ бол Улаанбаатартл даа) 1950-иад оны сүүлчээр гарч ирцгээсэн юм билээ. Ихэвчлэн Дорнод Европын социалист орнуудад сурдаг оюутнууд тэдний анхны элч түүчээ байсан юм. “Шилээ дарсан үстэй, шилбээ барьсан өмдтэй” гэсэн хоч нэрийг нийгмээс тэдэндхайрлаж, “Матар” (сүүлдээ “Тоншуул” болсон) сэтгүүлд тэднийг шоглон зурдаг байв.Тэд үнэхээр үсээ урт ургуулдаг моодыг манайд авчирсан, тэд зузаан ултай гутал, том хар шил, цэмбэн пиджак, дөрвөлжин хээтэй хурц өнгийн цамцыг Монголд дэлгэрүүлсэн. Тэр үедээ этгээд гэмээр ийм хувцастай цэвэрхэн залуус зундаа Улаанбаатарт үзэгддэг, “Чарлстон” хэмээх америк бүжиг хийдэг, тэдний гол төлөөлөгч нь миний мэдэхээр “Элдэв-Очир” кино театрын зураач Я.Үржнээ (хожмын Төрийн шагналт нэрт зураач) байна. Дараахан нь шөвгөр гутал моодонд орж, “Твист” бүжиг дэлгэрч эхэлсэн. АНУ-д Chubby Сhecker хэмээх дуучин ид мандаж байх үед түүний дам нөлөөгөөр рок-поп хөгжмийн урлаг Монголд эхлэлээ тавьсан юм. Чехословакт сурдаг Х.Төмөр (хожмын хурандаа, мөн нэрт орчуулагч) гэдэг оюутан анхлан Chubby Сhecker, твист хоёрыг анхлан оруулж ирсэн болов уу. Дараахан нь дуучин Төмөр (3ууны манлай дуучдын нэг), нэрт жүжигчин Шороотын Цэвээний хүү Оросхүү, тэр үеийн вальсын хаан гэгддэг хөгжмийн зохиолч Түмэнжаргал нар барууны хөгжмийн элч төлөөлөгчид болцгоосон юм. Эдний гавьяа (монголчуудыг төрөл арилжуулахад) баларшгүй ээ.

Өнөөгийн энэ даяаршил гэж нэрлээд буй үзэгдлийн анхдагч хүчин зүйл нь рок-поп хөгжим байсан гэх онол бараг зөв байх. Тэр онолыг зөвшөөрөгчийн нэг нь би өөрөө юм. Би ба миний үеийнхэн өөрсөд дээрээ туршсан биет амьд жишээ нь.Миний сайн санаж байгаагаар бол эхний алхам нь, анхлан 1960-аад онд Улаанбаатарын ганц нэгхэн сэхээтэн (ихэвчлэн дипломатч) айлуудаар “The BEATLES” хэмээх хамтлагийн пянз үзэгдэж, хотын сэхээтний хүүхдүүд хошуурч, эрэл сурал болж байснаас эхлэн Монголын социалист нийгмийн байгуулал нурах гараагаа авсан гэж дүгнэвэл хилсдэл болох уу? 

 

“Beatles”-т зориулсан хөшөөг Улаанбаатарын унаган иргэдийн нутаг болох 40 мянгатад, Их дэлгүүрийн чанх урд 2008 онд босгож билээ. Битгий л нураачихаасай билээ!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол ялна (66.181.188.213)
    1978 онд Москвад эхнэртэйгээ ёсуралцаж байсан боловч "Бони-М"-н билет аолж чадаагүй. Тэр үед гадаад паспортоороо администратороос нь дараалагүйгээр кино, хөл бөмбөгийн билет ангийнхандаа авч өгдөг байсан ч энд ёстой шонгүй байсан шүү. Эднийг байтугай Дин Рид, Монголд Зайсан дахь зөвлөлийн цэргийн нэш муу хуучин хөшөөннд цэцэг өргөх гэж яваад зайсангийн гүүр үерм нухсан учин Яармагийн гүүрээр гарч уулаад өгсч байгаад өндрөөс унаж автобусны олслоор нас барсан гитарчдын хаан цолтой Карл Дубын дүү Карл Готын тасалбар олддоггүй байсан.Карл Дубын үхлийн талаар Чех оюутнуудаас асуухад онгоцны ослоор нас баосан гэцгээж ыайсан. Нэг муу"эх оронч" үзэлтэй болохоороо үнэнийг тэдэнд хэлээгүй. Тэгээд ч Чехт зөвлөлтийн эсрэг үзэл газар авч, "Прагийн хавар" болоод удаагүй байсан.
    2021 оны 02 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 50 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 51 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 52 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 53 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 55 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 56 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 58 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 0 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 1 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 2 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 4 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 5 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 6 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 7 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 8 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 9 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 10 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 12 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 13 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 15 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top