x

Бэттэ Дэвисийн нүд: Америкийн поп соёлын түүх

Ганц удаа сонссон дор л чихэнд наалдчихдаг дуу гэж байдаг. Түүхэн дэх тийм дууны нэг нь яах аргагүй 1981 оны шилдэг дуу болох Ким Карнезын “Бэттэ Дэвисийн нүд” мөнөөс мөн. Уншигч та ч тэр, анх сонсож буй нь сонсуутаа дурлана, угаас мэддэг нэг нь үгийнх нь утгыг ойлгоод ахин сонсвол огт өөрөөр мэдэрнэ гэдэгт тань итгэж байна.

Уг нь 1974 онд зохиосон дуу боловч 1981 онд Ким Карнез дуулж байж сая хит болжээ. Үүний учир нь Ким Карнезын хоолойнд байсан мэт. Хүйтэн гоо, нойтон янаг бүсгүйн тухай дууг үл мэдэг сөөнгө боловч хэрэгтэй цагтаа нялуухан уянгалж чадах Ким Карнез л дэлхийн чихэнд хүргэх ёстой байж. Карнезыг поп сонирхогчид “эмэгтэй Род Стюарт” гэдэг нь онч зүйрлэл мэт. 

Ким Карнезын дуулсан хувилбар 1981 онд Биллбоардын хит парадыг 9 долоо хоног тэргүүлжээ. Гэхдээ сонирхолтой нь ерөөс ихэнх шилдэг дуу жагсаалтыг тасралгүй тэргүүлээд нэгмөсөн унадаг бол “Бэттэ Дэвисийн нүд” 5 долоо хоног нэгд жагсаад, нэг долоо хоног байраа өөр дуунд алдсан боловч эргээд 4 долоо хоног тэргүүлсэн түүхтэй. Тэр жилийн Грэммийн “Шилдэг дуу”, “Шилдэг бичлэг” хэмээх хамгийн чухал хоёр шагналыг “Бэттэ Дэвисийн нүд” авсанд гайхах зүйл огт байсангүй. Дууны үгийг орчуулахын урьд дуунд дурдаж буй гурван хүний талаар тайлбарлах нь зүйтэй.

Дууг алдаршуулсан Ким Карнез

Бэттэ Дэвис, Жеан Харлоү, Грэта Гарбо

Дууны гол баатар Бэттэ Дэвисийнх шиг нүдтэй бүсгүй. Тэр нь гоё нүд, гэхдээ яг магтаал бас биш юм. Учир нь нэрт жүжигчин Бэттэ Дэвис ихэвчлэн урин тачаангуй, хөнгөн явдалт бүсгүйчүүдийн дүрд тоглож алдаршсан билээ. 1930-аад онд Холливүүдэд орж ирсэн Бэттэ Дэвис тавь гаруй жилийн туршид 100 шахам кинонд тоглохдоо Оскарын шагналд арван удаа дэвшиж, хоёронтоо хүртсэн, Америкийн киноны нэгэн домог юм. Дуу алдарших үед Дэвис амьд сэрүүн байж, хэдийгээр өөрийнх нь харцыг хүйтэн гоо бүсгүйн тухай өгүүлэмж болгон ашигласан ч гэлээ дуу ихэд таалагдсан учраас ая үгийг зохиогч болоод дуучин гуравт гурвууланд нь талархлын мэндчилгээ илгээж байжээ. Ая зохиогч Уайсс түүний 1942 оны киног үзээд энэ дууны санааг олсноо хэлж, баглаа цэцэг зөрүүлэн илгээсэн байна.

Бэттэ Дэвис

Дууны эхний мөрөнд гол баатар бүсгүйг “Харлоү алтан үстэй – Her hair is Harlow gold” хэмээн өгүүлнэ. Энэ нь гучаад онд Холливүүдийн “секс символ” хэмээн алдаршиж, олон кинонд гоо үзэсгэлэнгээ үлдээгээд 26-хан насандаа насан өөд болсон Жеан Харлоү-г хэлж буй хэрэг. Одоогийнх шиг илэн далангүй, нээлттэй, үс хувцсаа өөрийн дураар янзалдаггүй асан тэр цагт Жеан Харлоү тун зоригтой байж, алтан шаргал үсээр гангарчээ. Яагаад зоригтой гэж байна гэхээр түүнээс өмнө зөвхөн биеэ үнэлэгчид л тийм өнгийн үстэй байдаг гэсэн түгээмэл ойлголт байсан аж.

Дахилт дээр “Грэта Гарбо шиг үл тоомсорлон санаа алддаг - She's got Greta Garbo stand-off sighs” хэмээж буй нь Швед гаралтай жүжигчин Грэта Гарбо, түүний Grand Hotel хэмээх кинон дээрх “Би ганцаараа баймаар байна” хэмээн хөндий, хүйтэн өгүүлээд санаа алддаг хэсэгтэй зүйрлэж байгаа хэрэг. Нөгөө хайртай дуртай гээд байсан эр хүн бол огт хамаа ч үгүй гэсэн санаа. Хоёрдугаар дахилт дээр “Хөвгүүд бүгд түүнийг тагнуул хэмээн бодно - All the boys think she's a spy” хэмээх нь аанай л Грэта Гарбогийн 1931 онд тоглосон Мата Хари гэж киноны тухайд юм. Нөмгөлөн бүжих Мата Хари хэмээх үзэсгэлэнт бүсгүй нь үнэндээ өндөр тушаалын эрчүүдээр тоглож, мэдээлэл авдаг тагнуул байсан тухай (Дэлхийн Нэгдүгээр дайн) кино. 

Грета Гарбо тагнуулч бүсгүй Мата Харигийн дүрд

Дууны үгийг орчуулан хүргэхээсээ өмнө энэ бүгдийг та бүхэнд тайлбарлаад байгаа нь бас учиртай. Монгол хэл үнэхээр сайн мэдэх боловч монгол кино үзэж байгаагүй гадаад хүн “Цогт тайжийн Цогзолмаагийнх шиг нүдээрээ урьсан, Нүгэл буяны Ичинхорлоо шиг санаатай эмэгтэй” гэсэн зүйрлэл уншвал сайн муу, сайхан муухай алиныг нь хэлээд байгааг ойлгохгүйд хүрнэ ээ дээ. Поп соёл гээч орчуулгад ийм чухал.

Дуун дотор өгүүлэхүй

Өгүүлбэр эх дотор тухайн нэг үгийг онцлох талаар хэл шинжлэлд судалж, энэ тэр үгэнд “өргөлт оноолоо” хэмээдэг билээ. Онцолбор гишүүн гэж нэрийдэх нь ч бий. Ким Карнез харин дуун доторх тэр онцолбор үгийг маш сонирхолтой илэрхийлжээ. 

Уншигч та дууг ахин нэг сонсохдоо “surprise, precocious, appetite, ferocious” гэх үгсийг хэрхэн дуулж байгааг нь анхааран сонсоорой. Дуулах биш бараг хэлчхэж байгаа юм. Ноотолъё гэвэл бараг ноот оногдохгүй ч байж мэднэ. Дуурийн дуун дунд гэнэт өгүүлэх речитатив хэмээх аргатай ч зүйрлэж болохуйц. Хамгийн чухал, хамгийн янаг, нойтон үгсийг нь ингэж онцолж өгсөн байгаа юм. Дуун дотор ийнхүү өгүүлэх нь бас анхаарлыг юунд хандуулахаа шийдэх дуучны нэг арга ажээ. 

Ончтой зүйрлэл

Нэгдүгээр бадагт бүсгүйг “She's pure as New York snow – Нью-Йоркийн цас шиг ариухан бүсгүй” гэж зүйрлэсэн буй. Өнгөц харвал “цас шиг ариухан” гэж ихэд магтсан мэт. Гэтэл Нью-Йорк хэмээх их хотын цас гэдэг буухдаа ариухан мэт боловч буусан хойноо бол шавар шалбааг шүү дээ. Их хотын хир даг болсон цасаар бүсгүйн үзэгдэх өнгө хийгээд үл үзэгдэх мөн чанарыг тун оновчтой зүйрлэсэн нь энэ.

Ерөөс дууны үг бол юу хийхээ мэддэг, хэнээр ч тоглож чадах, урин тачаангуй, хэрэгтэй цагтаа ялдам зөөлөн боловч хэрэг нь дуусуут өчүүхэн ч харуусалгүйгээр хаяж орхиж чадах хүйтэн гоо, өргөст цэцэг, үзэсгэлэнт үнэгэн шулмын тухайд юм. Монголоор ийн буулгав:

Орчуулга

Бэттэ Дэвисийн нүд

Алтан шаргал үстэй

Амтат бурмын уруултай

Бээрч үзээгүй гартай

Бэттэ Дэвисийн нүдтэй

 

Эгшиг аялгууг биеэр чинь тоглочихно

Эргэлзэх хэрэг чамд үлдэхгүй

Их хотын цас шиг бүсгүй

Эгээ л Бэттэ Дэвисийн харцтай

Дахилт:

Сээтэн хаяж тохуурхана

Сэтгэлийг чинь түгшээнэ

Тэгэвч энэ бүхэн чамд таатай

Тэр бүсгүй бүгдийг мэднэ

Грэта Гарбо шиг хүйтэн санаа алдахдаа

Бэттэ Дэвисийн нүдээр ширтэнэ

 

Урьж чамайг гэртээ аваачна

Ужиг хүслээ билүүдэж буй нь тэр

Хаан мэтээр жаргааж дөнгөхдөө

Харцаа шидэх нь Бэттэ Дэвис

 

Боол мэт өмнөө сөгдүүлж

Шоо мэт өнхрүүлж тоглоно

Босож ч чадахгүй болохыг чинь

Бэттэ Дэвисийн нүдээр ажна

Дахилт:

Өсгий дороо чамайг гишгэлэхдээ

Үнэн хүслийг чинь илчилж чадна

Өрөвдөх сэтгэл түүнд үгүй

Урин тачаангуйн эзэн бүсгүй

Хөвгүүд бүгдээр тагнуул гэж бодно

Хөөрхөн нүд нь Бэттэ Дэвисийнх ээ


Bette Davis eyes


Her hair is Harlow gold

Her lips sweet surprise

Her hands are never cold

She's got Bette Davis eyes

 

She'll turn the music on you

You won't have to think twice

She's pure as New York snow

She's got Bette Davis eyes

 

And she'll tease you

She'll unease you

All the better just to please you

She's precocious and she knows just what it takes to make a pro blush

She's got Greta Garbo stand-off sighs

She's got Bette Davis eyes

 

She'll let you take her home (it whets her appetite)

She'll lay you on the throne

She's got Bette Davis eyes

 

She'll take a tumble on you

Roll you like you were dice until you come up blue

She's got Bette Davis eyes

 

She'll expose you when she snows you off your feet with the crumbs she throws you

She's ferocious and she knows just what it takes to make a pro blush

All the boys think she's a spy

She's got Bette Davis eyes

М.Саруул-Эрдэнэ /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 58 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 59 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 59 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 8 цаг 1 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 8 цаг 3 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 8 цаг 4 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 8 цаг 6 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 8 цаг 7 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 8 цаг 9 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 8 цаг 10 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 8 цаг 11 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 8 цаг 12 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 14 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 15 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 16 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 17 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 18 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 20 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 22 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top