x

М.Энхсайхан: Өнөөгийн бид итгэл үнэмшлийнхээ төлөө ялагдсан нь там биш ээ!

Э.Бат-Үүл: Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы ард түмэндээ хандан хэлсэн үгийг уламжилъя!

Хилс хэргээр шоронд хоригдож буй Энхсайханыгаа эргэж очлоо. Ард иргэдийнхээ эрх чөлөө, сайн сайхан амьдралын төлөө хамтдаа тэмцэж явсан нөхөр маань хэн нэгний улс төрийн захиалгат явууллагад өртөөд зүтгэсэн зүтгэл, хийсэн ажлаа харлуулуулаад шоронд сууж буйг бодохоор гол горойж, харуусал төрөөд байдаг юм. Тэр тусмаа Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж явсан хүн шоронгийн номын сангийн цэвэрлэгч хийж байгаа гэж бодохоор юу ч гэмээр юм бэ дээ?! Хүмүүсийн төлөө зүтгэсэн эрчүүд ад үзэгдэж “хаданд цовдлуулах” үйлийн үртэй байдаг нь хүн төрөлхтний түүхийн парадокс байсаар ирсэн, тэр л зүйл болж байна гэхээс!

Ийн халгасаар андтайгаа уулзлаа. Харин Энхсайхан маань “хугараагүй ноён нуруу” хэвээрээ. Тэр угийн ийм чанга л даа!

Би, өөрийнх нь биеийн болоод хоригдож буй нөхцөл байдлын тухайд санаа тавин, түүнээс эхлээд асуув. Мань эр “Зүгээр ээ! За тэр яахав!” хэмээн сурсан зангаараа товчхон хариулаад “Улс орон ямар байна? Эдийн засгаа янзалж чадах нь уу? Ардчиллаа авч гарч чадах нь уу? Ардчилсан Нам маань яагаад будилаад байна?” гэх мэт асуултуудыг хариу угсруулав. Өөрөө ч багагүй мэдээлэлтэй байна билээ. Миний бодлыг л сонжиж асуусан бололтой.

Түүнтэй ярилцаж байхуй дор жинхэнэ төрийн зүтгэлтэн бол шоронд ч төрийн зүтгэлтэн хэвээр байх юм даа! хэмээн бодоод омогшив. Мөн, чанга байгааг нь хараад зоригжиж суулаа.

Энхсайхан бид хоёр цагийн хязгаартай уулзалтын хугацаанд багагүй зүйлийн тухай ярьж амжив.

Тэрбээр надад эхлээд өнөөгийн хэлмэгдэл нь бодсоноос илүү ноцтой, тогтолцооны шинжтэй учир шалтгаан бүхий ба хэзээд өргөн цар хүрээтэй явагдахад бэлэн зэхээтэй байгаа юм байна гэдгийг олон түмэнд ойлгуулах хэрэгтэйг хэлэв. Арван дөрөв бол маш том мөсөн уулын орой төдий л аж. Ингээд санаагаа цааш нь дэлгэн өгүүлэв. 

Александр Солженицыний “Гулаг Олтриг” нэртэй номоос: “Сая сая хүмүүсийг шоронд хийсэн эхний давалгаанд өртсөн хүмүүс энгийн борог бааз хүмүүс байсан бөгөөд тэднээс ямар ч дуртгал үлдээгүй юм. Харин 1937 оны давалгаанд өртөн Гулаг Олтриг руу туугдсан хүмүүсийн олонхи нь боловсролтой байсан бөгөөд тэдний ихэнх нь гартаа үзэгтэй байв. Тиймээс ч тэд 1937 он! гэж бичиж үлдээжээ... Тариачид бичиг үсгээр дуу хоолойгоо илэрхийлж чаддаггүй, чимээгүй хүмүүс байсан тул тэднээс ямар нэгэн дуртатгал, түүх, гомдол, өргөдөл бичигдмэл хэлбэрээр үлдсэнгүй” хэмээх мөрүүдийг надад уншиж өглөө. Манай малчин нүүдэлчин түмнийг хэлмэгдүүлэхэд тэд дурсамжаа бичиж үлдээгээгүйтэй агаар нэгэн сонсогдож байгаа биз дээ гэж тэрээр нэмж тодруулав.

Үргэлжлүүлээд, өдгөө ч манайд учраа олохгүй хэлмэгдсэн хүмүүс шоронгоор дүүрэн, эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ маш амархан хэлмэгдүүлж болдог хуулийн хуучин социалист тогтолцоогоо халалгүй хэвээр нь хадгалсаар байсан нь ийм байдалд хүргэж гэв. Монголчууд бид “хэлмэгдлийн мина булсан талбай” дээгүүр явсаар байгаа аж!

Энхсайхан маань “Улс төрийн хоригдол болсон өнөөгийн бидэнд итгэл үнэмшлийнхээ төлөө яллагдсан нь “там” биш ээ. Өвөг дээдэс маань үүнээс хүнд замаар явсан. Харь гүрэнд цаазлуулж байсан Ерөнхий сайдуудаа бодон зүрх шимшрэхтэй харьцуулахад бидэнд тохиолдож буй гамшиг ёстой өчүүхэн л дээ. Ямар азаар цаазын ялгүй Монгол вэ гэж бодох үе таарна.

Дарангуйлагч дэглэм бүхий хоёр хөрштэй Монгол орны хувьд нэгэнт олдсон эрх чөлөөгөө хамгаалах нь чухал бөгөөд эргээд социализм руугаа ойчвол харамсавч баршгүй зовлон болно. Өнөөдөр социализм гэдгийг мэдэхгүй бүтэн үе өсчээ.

Хүн мэдэхгүй юмаа сонирхох нь зүй. Тийм залууст хандан 2015 оны Нобелийн шагналт Светлана Алексиевич “Чернобылийн эмгэнэлт залбирал” номондоо: “Та мэдмээр байна уу? Социализм бол шорон, хүүхдийн асрах хоёрын хольц” гэж бичсэн. Улам улам ухан ойлгомоор гайхамшигтай томъёолол шүү!” гэх зэргээрнамайг “ухуулав”. Намайг, очоод олон түмэнд, залууст дамжуулж хэл гэсэн хэрэг л дээ.

Энхсайхан цааш нь, хэлмэгдлээс өөрийгөө хол яваа хэмээн эндүүрч хэнэггүй яваа хүмүүст хандаж: “Нийгэмд хууль ёсыг уландаа гишгэвэл, хэн нэгнийг тахин шүтэж эхэлбэл шударга ёс устаж хэлмэгдүүлэлт биежих нь гарцаагүй байдаг. Хэлмэгдүүлэлт бүхий л цагт оршин байхаар байнга заналхийлдэг бөгөөд түүнийг хязгаарлан зогсоох нь ардчиллын төлөвшилтэй, иргэн бүрт эрх, эрх чөлөөний мэдрэмж байгаа эсэх, түүнийхээ төлөө өдөр тутам тэмцэж чадах эсэхтэй шууд холбоотой юм.

Өнөөгийн Монголд зөвхөн улстөрчид хэлмэгдээд байгаа бус, өчнөөн олон арав, зуугаараа энгийн иргэд шүүх, прокурорын бурангуйг өөр дээрээ тээж, эдлэх ёсгүй ялаа эдэлж буй. Боловсролтой, чадалтай сэхээтнүүдээ хэлмэгдүүлэхээр сая л юу болоод байгааг ухаарч эхэлдэг. Олны танил Ерөнхий сайдуудыг, олондоо нэртэй улстөрчдийг хоморголон барих хүртлээ хэлмэгдүүлэлтийг нийгэм олж харж чаддаггүй харалган байдаг. Монголд хэлмэгдүүлэлт байсан, одоо ч байгаа аж.

Шоронд орно гэдэг хувь хүн та л шоронд орж байгаа хэрэг биш. Хайртай болгоноо шоронд хийлээ гэсэн үг. Хэлмэгдүүлэлт олон өрх гэрийн хувь заяагаар тоглож буй гэсэн үг. Дааж, давж гарах өрх байхад хүчин мөхөсдөж, үр хүүхдийнхээ ирээдүйг сүйдлэх зэргээр хохирох айл зөндөө!” гэх зэргээр онцгойлон анхааруулав.

Надад аминчлан; хууль гаргахдаа амьдралд хэр нийцтэйг ахин дахин нягталж, төрийн үүрэг ролийг хэтрүүлэн үнэлж биш, харин нийгмийн анхдагч эс болсон иргэн, гэр бүлийг дордуулахаас сэргийлэн хамгаалах цэгээс эхлэлээ тооцож хуулиа гаргах хэрэгтэй юм билээ хэмээн санал бодлоо хэлсэн. Нээрээ л гэр бүлийн маргаанаас осолдож нөхөртөө хөнгөн гэмтэл учруулсан дөрвөн хүүхдийн ээжийг, нөхөр нь эвлэрсэн гэдгээ хэчнээн учирлавч таван жилийн хорих ял өгөн шоронд хийж байгаа нь хууль болбоос гэр бүлийг эрхэмлэхээс илүүтэй төрийн хүчийг харуулдаг явдлын нэг жишээ мөн шүү дээ!

Төрийн эрх мэдлийг өөгшүүлж, иргэнээ доош нь дарсан хуулиудын гажуудлыг “наранд байгаа нь ухаарч засахгүй бол нарсанд байгаа хэдэд сэхээрлээс өөр бололцоо байхгүй гэдгийг ойлгож ажиллаарай. “Төрд зүтгэснээ шоронд хийдэг нь монгол сэтгэлгээ биш!” гэсэн нь УИХ-ын гишүүдэд хаягласан санагдав. Түүний энэ үгийг сонсоод, төр гэх аархлыг өөгшүүлсээр эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ хэлмэгдүүлдэг тогтолцоо бий болгочхоод, түүнийгээ “шударга ёс” гэж шаах нь ээлжээ хүлээсэн хэлмэгдүүлэлтээс хэлмэгдүүлэлт рүү л өнхрүүлж байгаа хэрэг гэж нэмээд УИХ-ын гишүүдийн сонорт хүргэх нь зүйтэй хэмээн бодож суув, миний бие!

Чанга хүмүүсийг зовлон улам хурцалдаг. Энхсайхан маань, манай нийгмийн харанхуй ёроол руу очоод улам хурцлагдаж, гэрэлтжээ! Энэ гэрлийг би мэдэрсэн! Сэтгэл итгэл маань сэрж буцсан!

Түүнтэй салахад “Бид яахав ээ, одоо манайхан (ардчиллынхан) төрд дээрэлхүүлж байгаа ядуу борог иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалан тэмцэх ёстой юм байна шүү!” хэмээн хэлсэн үгийг нь би санан санан, хорих ангийн алсарч үлдэх барааг орхин давхиж билээ. Ийн, ямар ч атугай Монгол Улсын Ерөнхий сайд асан Энхсайханыхаа ард түмэндээ хандан хэлсэн үгийг та бүхэндээ уламжилж байна аа!

Э.Бат-Үүл /2021.02.08/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • navcha (223.33.178.128)
    zaila hulgaichuda
    2021 оны 02 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.113)
    Браво
    2021 оны 02 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 7 цаг 44 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 7 цаг 45 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 7 цаг 46 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 7 цаг 47 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 7 цаг 49 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 7 цаг 50 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 7 цаг 52 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 7 цаг 54 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 7 цаг 55 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 7 цаг 56 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 58 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 7 цаг 59 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 8 цаг 0 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 8 цаг 1 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 8 цаг 2 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 8 цаг 3 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 8 цаг 4 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 8 цаг 6 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 8 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 8 цаг 9 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... 2006 он: Эргэлтийн цэг Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top