x

Монголын шашин: Богд Зонхов шагналаа аваарай

Монголчууд шүтэх эрх чөлөөтэй золгоход шашин нь тэмдгийн төдий байв. Гандан гэдэг ганц бүтэн үзмэрийн дугантай. Бурхдаар нь оросууд аваачаад сум цутгачихсан. Судар шастар номын сангийн хөмрөгт. Арц утлага нийтийн жорлонд. Лам хувраг нийгмийн дайсны дүртэй... 

Сөрөг дүр

Большевикууд дэлхийн хувьсгал хийхээр Монголд ирээд устгах капиталист ганцыг ч олсонгүй. Гэхдээ дорхноо л дайснаа тодорхойлжээ. Э.Д.Ринчино “Монголын хувьсгалын ирээдүй цагийн төлөв байдал” илтгэлдээ “хар, шар харгис” томъёоллыг анх ашигласан байдаг. Дайснаа тодорхойлсон тул устгахад ядах юу билээ. Монголын түүхэнд гараагүй аллагаа зөвтгөх ухаанаа ч зэрэг ажиллуулав. Үндэсний баатраар тодруулчихаад байсан Сүхбаатарын учир битүүлэг үхлийг ламтай холбож орхилоо. Гучаад оны жүжигт Богдын гарын лам эм барих нэрээр Сүхбаатарт хор өгсөн болгов. Тун удалгүй яг тэр явдлыг уран сайхны киногоор “баталгаажуулав”. Үнэнээс илүү уран сайхан нь хүнд үлддэг юм хойно үеийн үед харааж явах дайсан тодорлоо. Социалист Монголын урлаг, уран сайхны хүлээн зөвшөөрөгдсөн мөнхийн сөрөг дүр ингэж амилав. Үүнээс хойш өөдтэй “лам” ганц гараагүй. Орчлонгоос гэтлэх номынхоо утгыг ойлгоогүй “Оройгүй сүм”-ийн Санж гэлэн арай дөнгүүр нь юм даа. 

Сүйтгэл

Нийгмийн ийм сэтгэлгээн дээр үндэстнийх нь дархлааг үгүй хийхэд амар байжээ. Тэгээд хэн ч хүний юманд хүйтэн ханддаг хойно сэтгэл өвдөх зовлонгүй амьдыг нь алж, барьсныг нь нурааж, бичснийг шатаав. Большевикууд 1917-1930 онд үнэн алдартны 60 мянган сүм хийдээсээ мянгыг нь авч үлдсэн. Өндөр мяндагтай хуврагуудаасаа дөрвийнх нь амийг нь хэлтрүүлсэн. Андрей Рублёвын “Святая Троица”, “Евангелие Хитрово” зэрэг икон, Эгэтийн дацангийн Буддагийн зандан дүрийг устгалгүй орхижээ. Харин Монголын гэлэн байтугай гөлөг ч дуудуулж үзээгүй “шар” бүхний хосыг шувтарч, Мэгжиджанрайсиг тэргүүтэй нандин шүтээнийг ачаад арилсан юм. Яг алж талах, устгаж нураахыг монголчуудаар өөрсдөөр нь хийлгэхээ яаж мартах билээ. МАХН-ын VIII Их хурлаас “Лам нар болбоос тус хувьсгалын эсэргүү дайсан, тэдэн лугаа тэмцэх явдал болбоос тус намын даруй гүйтгэх зорилго мөн” гэжээ. Ингээд олон нийт, ялангуяа эвлэлийн гишүүдийг турхиран дэвэргээд тавчихав аа. Үндэстэн байтугай өөрийнхөө ч учрыг олоогүй яваа залууст цээрлэх, хайрлах сэтгэл гэж үгүй. Цогт тайжийн орд өргөөг нураадаг киноны хэсэг шиг л загнажээ. Тэдний дотроос нутгийн олныхоо хараалыг барж, эцэст нь үйлээ эдэлсэн Түвдэнгийн Бор гэгчийг хожим зөвтгөн мандуулсан юм. 1941 онд эхээр Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарт өгсөн тайланг харвал: 1937 онд хүрээ хийд 767 байсныг 1939 он гэхэд бүгдийг устгаж эсвэл улсын өмч болгосон. Үүнд нийт 2265 тооны барилга. Алт 30.9 кг, монгол төгрөг 233 847, хятад янчаан 5055, бусад хогшлын үнэ 388 564 төгрөг улсын орлогод авсан, гуулин бурхан хэрэглэлийн зүйлс 71 644 кг-ийг ЗХУ-д шилжүүлэн тушаасан. 1937 онд баригдсан лам 1689, үүнээс буудагдсан 1548; 1938 онд бүх баригдсан 15 268, үүнээс буудагдсан 12 100, хоригдсон 3165; 1939 онд бүх баригдсан 47, үүнээс буудагдсан 31; одоо улсын хэмжээнд хоригдож буй лам 2938 гэжээ.

Ашиглалт

Гэтэл 1944 онд Сталин Монголын шашин шүтлэгийг сүйтгээгүй гэж харуулах хэрэгтэй болов. Ингээд Н.Эрдэнэпил нарын 11 ламаар Улсын бага хурлын тэргүүлэгчид өргөдөл бичүүлсэн байдаг. Өөрсдөө утсгачихаад эргээд нээх логик муутай учир дээрх лам нарт тушаал өгсөн хэрэг л дээ. Ингэж Ганданд 1944 оны зургаадугаар сарын 01-нд 10 ламтай мөргөлийн ганц дуган нээсэн юм. 1947 онд Сталин Цэдэнбалтай уулзахдаа дахиад 2-3 сүм нэмж нээх хэрэгтэй гэж зөвлөсөн ч багадаа банди явсан Цэдэнбал яахин тийм зүйл хийх билээ. Гэхдээ Зөвлөлтийн заавраар 1944 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэд Шашны хэрэг эрхлэх зөвлөл байгуулсан юм. Хорин жил ганц орон тоотой явсан энэ бүтэц 1967 онд гэнэт хэрэг нь гарав. ШХЭЗ-ийн ганц төлөөлөгч Г.Дамбийнямыг СССР-ын ШХЭЗ-ийн тэргүүн, КГБ-ын дэслэгч генерал В.А.Кроедов өөрөө “залж” Иволгын дацан гэх мэтийн буддын болон бусад шашны сүм хийдээ үзүүлэн шашныг Хүйтэн дайнд хэрхэн ашиглах зааварчилгаа өгсөн байна. Төдөлгүй 1969 онд КГБ-ын дэслэгч генерал өөрөө Монголд морилж шашны боловсрол олгох нэг жилийн курс нээ, “Дэлхийн дэвшилтэт буддистуудын хурал” хий гэж үгийн сөхөөгүй шахжээ. Ахын үг хууль юм хойно Лениний мэндэлсний ой, Дэлхийн монголч эрдэмтдийн хурал хоёрынхоо хажуугаар амжуулж таарна. Шашны дээд сургууль байгуулахад шаардагдах хөрөнгийг Зөвлөлтийн ШХЭЗ-өөс шийдэж, сургалтын хөтөлбөрийг нь тус зөвлөлийн орлогч дарга П.В.Макарцов баталжээ. Ийнхүү нэгэнт цагт нийгмийн ад шоо болсон лам Хүйтэн дайны далд фронтын дайчин болов. Мөнхүү дэвшилт үзэлт лам нарын тоонд багтсаны учир XIV Далай лам Далхын дэнжинд мөрөө анх гаргасан билээ. 

Сэргэлт

Зөвлөлтийн гараас мултарсан Монгол юун түрүүнд шашин номоо сэргээх ёстой гэдгээ далд зөнгөөрөө мэдэж байлаа. Жанрайсигийн хоосон дуган, хагас дутуу боловсролтой хэдэн лам, монголоо алдаж хүнээ байсан хомосоветикус... Үндэсний шашин ийм төрхтэй суухад үйл ажиллагаа, арга тактик нь хэдэн зуун жилээр тогтчихсон гадны шашин сад тавив. Аль наяад онд орчуулаад бэлдчихсэн “Шинэ гэрээ”-г Олон Улсын Библийн Нийгэмлэг өрхийн тоогоор үнэгүй тараахаас ажлаа эхлүүлж байв даа. Хэн ч аваад уншихад ойлгохоор Библийг ядаж сөхөж хараагүй монгол ганц үгүй биз. Их савны ёроолд юмтай хоцорсон тулдаа л Монгол тэр чигтээ загалмайтан бололгүй өдий хүрлээ. Өнгөрсөн 30 жилд шашны боловсролыг дэг жаягаар нь эзэмшсэн боловсон хүчин ч нэмэгдэв. Буддын шашны болоод философийн ном зохиол орчин үеийн монголчууд ойлгох хэлээр хэвлэгдэж байна. Түүн дотроо гол гарын авлага, Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-ийг өөр өөр сурвалж гурвантаа орчуулан хэвлэжээ. “Бодь мөрийн зэрэг” бол буддын шашинтан хэмээгдэхийн утга учрыг тодорхой өгүүлж, хоосон чанарыг тайлбарласан өдөр бүрийн гарын авлага юм. Түүний дотор НЭПКО хэвлэлийн газар лам, хар олон хүний хүч хөдөлмөрөөр “Их бодь мөрийн зэрэг”-ийг эрхлэн гаргасан. Өдгөө айл бүхэнд шахам “Бодь мөрийн зэрэг”-ийн хураангуй хувилбар харагдах болж. Шашин оршин байх таван шалтгаан байдаг 1. Үндэслэгч, 2. Судар шастар, 3. Номлол сургаалыг дагагч-хувраг 4. Зан үйл, 5. Сүсэгтэн-өглөгийн эзэн. Эдгээр шалтгаан нөхцөл бүрэн цогцолбоос шашин оршин тогтнохын дээр улс үндэстнийхээ дархлаа болдог номтой. 

Эхлэл

“Оны шилдэг орчуулгаар Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” шалгарлаа. Богд Зонхов та ирж шагналаа авна уу” гэдэг онигоо бий. Онигоо ч гэж болсон явдал. Олны өмнө “Богд Зонхов” гэж дуудуулахад эмээх, баясах давхцах юм билээ. Үүнээс хойш 12 жил өнгөрчээ. Шашинтайгаа эргээд золгосон монголчууд орчин цагийн хэлээрээ уншиж мэдэх номтой золгоод нэгэн “жаран” өнгөрч. Бас болоогүй будлиу хөтлөгчөөр наргиа хийж сууна гэдэг Богд Зонхов, “Бодь мөрийн зэрэг” хоёрын учрыг таньж, утгыг мэдсний тэмдэг билээ. 

Зоригдолгүй их энэрлийн сан Жанрайсаг

Хиргүй сургаалын эрхт Манзушри

Шулмасын омгийг үлдээлгүй дарагч Очирваань

Цастын мэргэдийн оройн чимэг Зонхов хэмээх

Лувсандагвын өлмий дор итгэн хоргодму

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 38 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 39 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 40 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 41 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 43 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 44 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 46 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 48 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 49 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 50 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 52 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 53 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 54 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 55 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 56 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 57 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 59 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 13 цаг 1 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 13 цаг 2 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 13 цаг 3 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top