x

МҮОНРТ: Юу хийх вэ?

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн бараг тэн хагасыг УИХ-аас нөхөж  бүрдүүлсэн ч хуучин бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл нь шинэ Ерөнхий захирлыг сонгон шалгаруулжээ. Үүнийг хамт олны зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийнхэн чимээ шуугиантайгаар эсэргүүцсэн боловч дийлдсэн байна.

Барагцаалбал дөрвөөс таван жилийн давтамжтайгаар дэгддэг энэ удаагийн тэмцлийн онцлог бол удаж төдөлгүй огцорсон өмнөх Ерөнхий захирлаас гадна Үндэсний зөвлөлийн эсрэг байсан явдал юм. Төчнөөн жил энд тухлан суусан хэрнээ ажиллагсаддаа хаалттай, нэр хүндгүй, юм л бол тэдэнтэйгээ хэрэлдсэн хүмүүс харагдлаа. Бодоод байхнээ МҮОНРТ-ийнхэн шиг аядуу, дуулгавартай сэтгүүлч, уран бүтээлчид Монголд алга. Улс төрийн томилолтоор ирсэн үе үеийн удирдлагууд намынхаа дайчин зэвсэг болгож, төрийн өндөрлөг, сайд дарга, яам тамгын газруудын эх захгүй сурталчилгаа хийлгэж, сувгийг нь тариф гаргаад компаниудад зарж байхад эсэргүүцлээ барилаа гэж сонсоогүй. Сая бужигнах үеэр, та нарын ямар нэвтрүүлгийг гаргахгүй цензурдэж байсан бэ гэсэн асуултын хариуд дорвитой юм дуугараагүй. Аа тийм, "Цаг үе, үзэл бодол"-д хэнийг урьж оролцуулахыг дээрээс зааж өгдөг гэсэн. Яг үнэндээ хэн ч оролцоод нэмэргүй усан ярилцлагууд билээ.

Үндэсний зөвлөлийн шинэ гишүүд болон шинэ Ерөнхий захирлыг сонгосон тухайд гэвэл эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа яг хашлаа. МҮОНРТ хэзээ ч зүүсэн нэр шигээ олон нийтийнх биш, зөвхөн төр засгийн, түүний цаана эрх баригч намынх байж ирсэн. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн телевизийг сул тавьж хэрхэвч болохгүй учраас УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрхэм гишүүд "Үндэсний зөвлөлд уг нь олон нийтээс сонгох ёстой л доо" хэмээн матрын хэд гурван нулимсыг цахимаар дуслуулж байгаад халааснаасаа найдвартай хүмүүсээ гарган Үндэсний зөвлөлд байршуулсан бол Ерөнхий захиралд шуудхан намынхаа шилдэг пиарчинг илгээв. Санал хуваах шинжтэй зарим нөхдийн нэрийг татуулжээ. Одоо эрхбиш шинэ хүн учраас шинэчлэл хийнэ, нэр хаяг зөндөө өөрчилнө, мөнгө олно, авна, том том төсөл, шоунуудыг бодож олно. Харин энэ бүгдийн цаана олон нийтийн өргөн нэвтрүүлгийн мөн чанарыг юун түрүүнд илэрхийлэх мэдээллийн хөтөлбөр, нийгэм-улс төрийн нэвтрүүлэг, ярилцлагуудын агуулга, зорилго өөрчлөгдөх үү?

Бид чадаагүйгээ засах гэж оролдохдоо хэрэглэдэг ганц аргатай. Тэр бол хууль гаргах юмуу хуулиа сайжруулах. УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулжээ. Сая томилгооны сонсгол хийж байж Ерөнхий захирлыг сонгохыг уриалаад амаа алгадуулсан төрийн бус байгууллагууд бас тийм санал дэвшүүлсэн. Төсөв санхүүжилтыг баталгаатай болгох, шударга сайн хүмүүсийг өрсөлдүүлж сонгох, олон нийтийн хараа хяналтыг сайжруулах гээд яриа хөөрөө ундарна. Хэзээ нэгэн цагт хууль батална, хэсэг хугацааны дараа нь хэрэгжилт муу байгааг шүүмжилнэ, төдөлгүй өөрчлөлт оруулж шинэчлэхээр хөөцөлдөнө.  Харамсалтай нь аль ч салбарт, тухайлбал өргөн нэвтрүүлэг, тэр тусмаа олон нийтийн өргөн нэвтрүүлэгт хууль дангаараа юу ч биш гэдгийг 2005 онд ийм хуультай болсноос хойшхи арван таван жил харууллаа.

Хууль хэзээ ч билээ, харин түүнийг хүлээхгүйгээр өөрчлөлтийг хийх боломж олон нийтийн радио телевизийн уран бүтээлч, сэтгүүлчдэд өөрсдөд нь байна. Мэдээж цалин хөлсөө шийдүүлж авах хэрэгтэй, тэгээд өнгөрсөн хоёр сарын турш уриа лоозонгоо болгож тэмцсэн шударга, хараат бус нэвтрүүлгүүдээ хийж эхлэх цаг болжээ. "Цагийн хүрд" хэмээх ганц брэндээ ил далд ухуулга сурталчилгаанаас салгаж аврах. Олон нийтийн телевизийн сурвалжлагч заавал УИХ-ын гишүүн, сайд нарыг дагахгүйгээр бие дааж хөдөө орон нутгийг айхгүйгээр зорьж үзэх. Долоо хоногийн тоймоо “Ийгл” телевизийн 25 жилийн ойд зориулсан мэдээллийн хөтөлбөрийн саяхны тусгай дугаар шиг түвшинд хүргэх, тэгээд давж гарах.

Бага тойруу, Төрийн ордон, яам тамгын газар, төрийн өндөр албан тушаалтнууд болон мөнгөө төлөөд өөрсдийгөө гаргуулж чаддаг том том банк, компаниудаас гадна тэгэж чаддаггүй ч үгээ хэлж дуу хоолойгоо гаргах эрхтэй гурван сая иргэн, хэдэн арав, зуун мянган байгууллага байдагсан.

Цаашлаад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам, агентлагийн бэлтгэж ирүүлсэн сурталчилгааг зогсоож тэднээр заалгахгүйгээр өөрсдөө нэвтэрч сурвалжилдаг болох. Нэрээ нуугаад сумаа тавьсан, сайндаа л "2020 он" гэх мэт  хаягтай, монголын бүх дэлгэцийг нэг үдэш гэнэтхэн дүүргэдэг захиалгат нэвтрүүлгийг цацахаа болих.

Хүсэл байгаад чадал хүрвэл том, тодорхой юм барьж авах. Дөнгөж сая илчлэгдсэн Ерөнхийлөгчийн офшор дансыг сөхөж харах, УИХ-аас баталсан 2021 оны төсвийн үрэлгэн зарцуулалт, тансаглалуудыг эздийнх нь нүүрийг улалзтал дэлгэх, Монгол Улсын өр хэд болсныг өглөө бүр цаг агаарын мэдээ шиг тоолж Тан улс шиг сануулж байх, сэмээрхэн мартагнуулж чадлаа гэж тэдний бодож байгаа ЖДҮ-гийн хэргүүдийг гүйцээх, Монголд нэг ч айл цахилгаан, усны үнийг тэглэх байтугай хямдруулаач гэж гуйгаагүй байхад Эрдэнэтийн бүтэн жилийн ашиг буюу бүхэл бүтэн цахилгаан станц барих мөнгийг зольчихсон Ерөнхий сайдын ээлжит цочролыг задлан шинжлэх, шоронд бөөнөөр шахам хоригдож буй өмнөх гурван Ерөнхий сайд, бас бус экс сайдууд дээр очиж юм хэлүүлэх ...

Ингэж ажиллаад эхлэхэд захирлууд муухай харах гээд байвал редакцийн бие даасан байдлыг эхлээд эелдгээр сануулах, дараагийн удаад олон нийтэд хандаж чангахан дуугарах. Жинхэнээсээ эрэн сурвалжлага хийдэг болох, шаардлага гарвал "муусайн" арилжааныхан байтугай монголын бусад бүх сэтгүүлч мөрөөдөөд ч авч чадаагүй эх сурвалжаа нууцлах онц эрхээ эдэлсэн шиг эдлэх. За тэгээд цар тахал, хөл хорионы зуун асуудал, мянган сэдэв олон нийтийн телевизийг хүлээсэн мэт гарч ирэхгүй байх шиг.

Өмнөх хийж бүтээснээ үгүйсгэж мэдээж болохгүй. Түүх соёл, уран сайхны чиглэлийн уламжлал болсон хэдэн нэвтрүүлэг, тухайлбал, "Гэгээн үдэш"-ээ үргэлжлүүлэх. Заримыг сэргээх хэрэгтэй байж магадгүй. Мартсанаас, "Гэрэлтэй цонх" гэж нэвтрүүлэг хаачсан билээ?

Д.Цэрэнжав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 12 цаг 30 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 12 цаг 31 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 12 цаг 32 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 12 цаг 33 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 12 цаг 35 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 12 цаг 36 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 12 цаг 38 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 12 цаг 40 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 12 цаг 41 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 12 цаг 42 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 12 цаг 44 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 12 цаг 45 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 12 цаг 46 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 12 цаг 47 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 12 цаг 48 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 12 цаг 49 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 12 цаг 51 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 12 цаг 53 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 12 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 12 цаг 55 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top