x

Хувь тавилангийн охин тэнгэрийн оргилт булаг

Эх үрсийн баяраар Харри Поттэрийн зохиолч Жоан Роулингийн бичсэн үлгэрийг орчуулан хүргэе!

Өндөр хана хэрмээр хүрээлэгдсэн үзэмж төгөлдөр толгодыг тойрон цэцэглэх ид шидийн цэцэрлэгт булхсан болгонд нь аз тохиодог гайхалтай нэгэн булаг оргилж байдаг нь Хувь тавилангийн охин тэнгэрийн оргилт булаг билээ.

Жилдээ нэг удаа өдөр шөнө тэнцдэг зуны тэр л өдөр өвчин зовлонд баригдсан нэгэн хүн энэ хүрээлэнд хөл тавих эрхтэй гэнэм. Өрөвдөлтэй тэр хүн үдшийн бүрий буухаас өмнө өнөөх булагт хүрч очоод усанд нь булхвал насаараа жаргана гэлцэнэ. 

Болзоот өдрийн үүр цүүрээр цэцэрлэгийн үүдэнд зүг зүгээс ирсэн зуу зуун хүн цугларч, өнөөх булагт хүрэхийг мөрөөсөн хүлээнэ. 

Энэ дунд өөрийн гэсэн зовлон зүдгүүртэй, шидтэй гурван эмэгтэй байлаа. Гурвуул нар мандахыг хүлээж зогсонгоо сэтгэлээ дэлгэв. Аша нэртэй нэг нь эдгэшгүй өвчтэй болохоор булгийн усанд булхвал өвчин шаналлаа эмнэж, аз жаргалтай амгалан тайван амьдарна гэдэгт итгэж байлаа.

Альтэра хэмээх удаах эмэгтэй хорон санаатанд алдсан алт мөнгө, гэр орон, шидэт дохиураа эргүүлэн авч амар жимэр амьдран суухыг хүснэ. 

Харин гурав дахь шидтэн Амата амраг хайртаа алдаж гансран шаналж явлаа. Гурвуул биесээ өрөвдөн, нар жаргахаас өмнө Хувь тавилангийн охин тэнгэрийн оргилт булагт цугаар хүрч юуны магад хэмээн хэн хэндээ туслахаар тохиролцов. 

Ингээд алтан нарны анхны цацраг газар дэлхий дээр тусахад цэцэрлэгт хүрээлэнг хашаалсан ханан хэрмэнд нэгэн зайлхай гарчээ. Зайлхайг харсан хүн болгон дотогш орохоор тэмүүлцгээв. Гэтэл ханан хэрмийн цаанаас ороонго өвс цухуйж гурван шидтэний нэг Ашаг ороож авахад Аша Альтэдагийн гараас зуурч, Альтэда Аматагийн хормойноос зүүгджээ. 

Аматагийн хормой адсага унасан уйтай хүлэг баатрын хөө хуягт ороогдох нь тэр шүү.

Ороонго өвс гурван шидтэн, гунигтай баатар эрийг гудчин цэцэрлэгт хүрээлэнд оруулахад ханан хэрэмд үүссэн зайлхай эргээд битүүрэв. 

Аша, Альтэда хоёр азгүй баатар эрийг араасаа чирээд ирсэн Аматад:

  • Булгийн усанд ганцхан хүн булхах ёстой. Бид тэртээ тэргүй гурвуул атал ахиад нэг хүн нэмэгдчихлээ гэж уурсвал Азгүй хочтой мөнөөх баатар эр гурван шидтэнг олж хараад тэртээ тэргүй заяа нь хаясан би булагт хүрч чадахгүй нь хэмээн гадагш гарахыг хүслээ.

Үүнийг дуулаад Амата өөрийн эрхгүй:

  • Хүлэг баатар ч бол доо! Хүслээ гүйцээхээс ийм амархан няцлаа гэж үү? Сэлмээ аваад бидэнд туслаач! хэмээн эгдүүцэхэд хүлэг баатар ч хүссэн ёсоор нь тэднийг даган алхав.

Нарны туяа туссан нарийн жимээр урагшлан явахад ямар ч саад учирсангүй. Эргэн тойрон этгээд сонин өвс ургамал ургаж, эрээн алаг шувууд жиргэнэ. Дөрвүүл явсаар оройд нь булаг оргилдог толгодын бэлд ирлээ. 

Толгойдыг тойроод аварга том цагаан могой цагираглан хэвтжээ. Тэр могой сохор бөгөөд цүдгэр том гэдэстэй. Аянчдыг хараад аймшигтай толгойгоо эргүүлж “Өвчин шаналлыг чинь гэрчлэх тэр л зүйлээ өр төлөөс болгон өг” хэмээн өгүүлвэй.

Азгүй баатар сэлмээ сугалан могойг цавчсан боловч сэлэм нь хугарчихав. Альтэда могой руу чулуу шидэж, Аша, Амата хоёр мэддэг тарни шившлэгээ шившин уншсан ч могой ер хөдөлсөнгүй, замд хөндөлсөн хэвтэнэ. 

Нар мандсаар, зулай дээрээс төөнөхөд Аша мэгшин уйллаа.

Тэгтэл аварга могой Ашад ойртож, нулимсыг нь амсав. Ангаа цангаагаа тайлсан бололтой үүрэндээ яваад орчихов. Аянчид баярлан үд хэвийхэд булгийн усанд хүрэх нь хэмээн урамтай урагшиллаа.

Гэвч замд нь ахиад нэг саад тулгарсан нь “Амь амьдралынхаа амжилт бүтээлийг өр төлөөс болгон өг” гэсэн бичигтэй бул хар чулуу аж.

Азгүй баатар өөрт байсан ганц зоосоо тавибал өнхрөөд өвсөн дунд орж алга боллоо. Аянчид ахиад хэдэн цаг явсан ч зам хорсонгүй. Толгодын орой тэрүүхэнд торойж, том хар чулуу өмнө нь хөндөлсөнө. 

Нар хэвийж, дөрвүүл сэтгэлээр унажээ. Ганцхан Альтэда алхсаар, бусдыгаа араасаа дуудсаар байлаа. Альтэдагийн духанд бурзайсан хөлс газарт подхийн дусахад өнөөх чулуу ор мөргүй алга болжээ. Аянчид уухайлан толгод өөд авирлаа. Өндөр моддын завсар болор мэт гялтганах ус боргилж байхыг хараад тийш зүтгэвэл замд нь нарийн горхи хөндөлсөн урсав. 

Горхины тунгалаг ус “Өнгөрсөн үеийнхээ үнэт эрдэнэсийг өр төлөөс болгон өг” гэсэн бичигтэй нэгэн чулуун дээгүүр хоржигнон урсана. 

Азгүй баатар бамбай дээрээ суугаад горхиор гатлах гэж үзсэн ч бамбай нь живлээ. Гурван шидтэн нарийн горхин дээгүүр үсрэн гарах гэсэн боловч ер бүтсэнгүй. Нар хариугүй суух дөхжээ. 

Аргаа барсан аянчид чулуун дээрх бичээс ямар учиртай вэ гэж ярилцлаа. Амата шидэт дохиураа авч, алдсан амрагийнхаа тухай дурсамж бүхнээ цуглуулан горхины усанд хаявал дурсамж дурдатгал нь голын уснаа урсан одов. Тэгмэгц горхины ус ярагдаж, чулуун зам зурайх нь тэр ээ. Дөрвүүл горхийг гаталж толгодын орой дээр гарлаа. Тэнд алаг эрээн цэцэгсийн дунд алт шиг гялалзах булаг оргилон байв. Нар тэнгэрийн хаяанд сууж байхуйд хэн нь булгийн усанд булхахаа шийдэх мөч иржээ. 

Энэ үед эдгэшгүй өвчтэй Аша эцэж туйлдсандаа газарт тэрийн унав. Найзууд нь түүнийг булгийн дэргэд аваачья гэсэн ч Аша хэрэггүй гэлээ. Альтэда эмт ургамал түүж, хүлэг баатрын дашмагт үлдсэн усанд дэвтээгээд Ашад уулгав. Аша ч шидийн хүчээр тэнхрэн бослоо. 

  • Би эдгэчихлээ! Булгийн усанд булхах хэрэггүй боллоо. Альтэда, чи ор гэж дуу алдахад Альтэда эмт ургамал түүгээд:

  • Энэ өвсөөр хүмүүсийг эмчилбэл тэртээ тэргүй амар чинээлэг амьдрах нь. Ерөөсөө Амата л булхаг! хэмээв.

Азгүй хүлэг баатар Аматад ёслон зам тавьж өгвөл эмэгтэй толгой сэгсрээд булгийн усанд булхсангүй. Амь амьдралыг нь тарчлаан зовоож байсан бүхнээ горхины усанд урсгасан Аматагийн сэтгэл нэгэнт амирлажээ.

  • Ачтай баатар эр минь, бидэнд тус болж энэ хүртэл хамт явсан та л энэ булгийн усанд булх гэхэд Азгүй хүлэг баатар чихэндээ итгэсэнгүй.

Сэхээ аваад хөө хуягаа хангинуулан урагш алхаж, булгийн усанд булхав аа. Нар тэнгэрийн хаяанд суусан хойно булгийн уснаас гарч ирсэн хүлэг баатар тэр чигтээ Аматагийн хөлд сөхрөн уналаа. Өр зөөлөн сэтгэлтэй ийм бүсгүйтэй урьд өмнө нь учирч яваагүй баатар эр аз гийсэндээ эрэмшин хувь заяагаа холбохыг гуйж сөгдсөн нь энэ ажээ. 

Амата энэ л хүн чин зүрхнийх нь хань болохыг тэр даруй мэдэрчээ.

Ингээд дөрвүүл хөтлөлцөн толгодын дээрээс буув.

Дөрвөн аянчин олон жилийн турш аз жаргалтай амьдрахдаа Хувь тавилангийн охин тэнгэрийн оргилт булаг шидэт биш жирийн байсныг мэдээгүй гэдэг. 

Радио нийтлэлч Анандгэрэл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 3 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 3 цаг 23 мин Долгион бид хоёр 3 цаг 29 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 3 цаг 50 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 5 цаг 1 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 7 цаг 5 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 7 цаг 7 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 7 цаг 7 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 7 цаг 8 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 7 цаг 10 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 7 цаг 10 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 7 цаг 11 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 7 цаг 12 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 7 цаг 13 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 7 цаг 14 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 7 цаг 15 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 9 цаг 32 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 10 цаг 4 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 10 цаг 24 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 13 цаг 6 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top