x

Төрийн өндөр албан тушаалтныг гаргасан бодлогынх нь төлөө яллаж болохгүй

Я.Содбаатар: Хүмүүсийг хорьж, залхаан цээрлүүлж хэрэг хүлээлгэдэг зарчмаасаа салах ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Оюу толгойн ажлын хэсэг гэрээг шалгаж байгаа. Сүүлийн үед харин нам гүмхэн байх чинь. Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очир гишүүн ажлын хэсгийг ахлахаа больсон гээд байгаа үнэн үү. Ажлын хэсэг хэр ажиллаж байгаа вэ?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюу толгойг шалгах ажлын хэсэг хэд хэдэн хуралдаан хийсэн. Мөн Оюу толгой компани хөрөнгө оруулагчдын зүгээс холбогдох мэдээ мэдээллийг татаж авах, гаргах ажиллагаа явагдаж байна. Бодит нөхцөл байдалтай танилцсаны дараа ажлын хэсэг дээр тодорхой санал дүгнэлтүүд гарч эхлэх байх. Үе, үеийн УИХ, Засгийн газар Оюу толгойн гэрээг сайжруулах талаар санал санаачилгатай ярьж ирсэн. Хамтрагчтайгаа зөв ойлголцоод гэрээг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж боддог. Ингэхийн тулд хөрөнгө оруулагчтайгаа ойлголцох, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, эдийн засгийн боломж нөхцөлөө зөв тооцоолж асуудлаа тавих нь чухал. Зөвхөн Их хурал гэлтгүй Засгийн газар дээр Оюу толгойн гэрээг сайжруулах хүрээнд яриа хэлцэл хийгээд явж байгаа. Засгийн газрын хийж буй хэлцэл бодитой үр дүнд хүрээсэй гэж бодож байна. Ажлын хэсэг байгуулснаар бодитой, үр дүнд хүрсэн, зарим зүйлийг ойлголцсон алхам хийх ёстой. Ажлын хэсгийн ахлагчийг өөрчилж байгаа процесс явагдаж байна. Хуулийнхаа хүрээнд шийдэгдээд явах байх.

-Ямар шалтгаанаар Д.Дамба-Очир гишүүнийг сольж байгаа юм бэ?

-Ажлын хэсгийн ахлагч нар өөрийн саналаар болон удирдах байгууллагын саналаар сольдог л доо. Энэ удаа Д.Дамба-Очир гишүүн Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэнэ. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Оюу толгой компанитай бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажлын хэсгийн ахлагчийн ажлаа өгсөн юм болов уу гэж ойлгож байгаа. Үүн дээр өөрөө тодорхой тайлбар өгөх байх.

-Ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ гаргах бол. Гэрээг шалгаж байна гээд л ярих юм. Нөгөө талдаа Оюу толгойтой холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг хорьсон...

-Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээ хорьж шалгах нь би буруу гэж харж байгаа.

Төрд тангараг өргөж, өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хувь хүн талаасаа ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага хүлээлгэх нь зөв. Төрийн өндөр алба хашиж байсан, бодлого гаргасных нь төлөө яллаж байгаа бол буруу. Аливаа төрийн зүтгэлтнийг бодлого гаргасных нь төлөө яллаж байгаа бол хэлмэгдүүлэлт болдог. Аливаа асуудлыг шийдэхийн тулд хоёр гурван хувилбараас тухайн цаг үедээ хамгийн боломжтой гэсэн ганц хувилбарыг сонгож шийдвэрээ гаргадаг. Төрийн өндөр албан тушаалтнуудыг бодлого, шийдвэр гарга гэж сонгодог, томилдог. Тиймээс Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс хүссэн ч, эс хүссэн ч бодлого, шийдвэр гаргах ёстой. Хоёр хувилбарыг зэрэг сонгох болохгүй тул аль нэгийг нь сонгож шийдвэр гаргасны төлөө “Чи буруу шийдвэр гаргасан” гээд яллаж болохгүй. Тэр хүмүүс нь үнэхээр авлига авсан, хөрөнгө мөнгөтэй холбогдсон бол өөр асуудал. Тиймээс улстөрч, төрийн зүтгэлтнүүд үүнийг ялгаж салгаж авч үзэх ёстой.

Улс төрийн хэмлэгдүүлэлт гэдэг зүйлсийг харж байхад бодлого гаргаад урд хөршөө дагах уу, хойд хөршөө дагах уу, эсвэл улс орны хөгжлийн замыг сонгохдоо зах зээлийг сонгох уу, социалист системийг сонгох уу, гадаадын хөрөнгө оруулалтаа нэг оронтой хийх үү, нээлттэй бодлого явуулах уу гээд үргэлж сонголтын өмнө ирж аль нэгийг нь сонгодог нь бодлогын сонголт. Засгийн газар, УИХ, ҮАБЗ нь шийдвэр гаргаад шийдсэн бол бодлого гаргасных нь төлөө тэр хүмүүсийг шийтгэж болохгүй. Үүн дээр ардчилсан Монгол Улс маш хатуу зарчим барьж байх ёстой. Ингэхгүй бол цаашид бодлого, шийдвэр гаргадаг хүн Монголын төрд байхгүй болно. Тиймээс энэ хоёр заагийг ялгаж үзэх хэрэгтэй.

Бид хоёр парламент дамнуулан Эрүү, Зөрчлийн болон шүүх засаглалын хуулийг батлан гаргасан. Ингэхдээ бид аль болох хорьж шалгадаг байдлыг таслан зогсоох үүднээс хуулиудыг өөрчилж, шүүхийн шинэтгэл хийж байна гэсэн шүү дээ.

-Гэхдээ нийгэм өндөр албан тушаалтнуудыг үзэхгүй болж...

-Миний хувьд Ерөнхий сайд, Сангийн сайдын алба хашиж байсан хүмүүс улсаа худалдаад эсвэл оргон зайлж төрдөө хүндэтгэлгүй хандана гэж бодохгүй байна. Тэр хүмүүс цаг тухай бүрт нь очиж мэдүүлгээ өгөөд үнэн зөвөө тогтоолгоод явах ёс суртахуунтай, ёс зүйтэй хүмүүс гэж харж байгаа. Тиймээс хоёр, гурван сараар нь хүмүүсийг хорьж, залхаан цээрлүүлж хэрэг хүлээлгэдэг зарчмаасаа холдох ёстой. Энэ зөвхөн Ч.Сайханбилэг, С.Баяр, С.Баярцогтын асуудал биш. Энэ нь бидний үргэлж ярьдаг ардчилал, хүний эрх болсон үнэт зүйлсийнхээ суурь зарчмыг эвдэж болохгүй. Жирийн иргэнээс эхлээд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн ч бай хэн ч байсан хүний эрх, ардчилал чөлөөт нийгмийн суурь зарчмыг хамгаалж, дуугарч байх ёстой.

Оюу толгойн гэрээний тухайд олон улсын зах зээлд Монголыг гаргаж ирсэн. Монголын олон аж ахуйн нэгжүүдийг ажлын байраар хангаж байгаа, Монгол Улсад үр өгөөжөө өгч байгаа төслүүдийн нэг нь Оюу толгой. Гэрээг сайжруулж, илүү ашиг авах ийм шаардлага байгаа юу гэвэл тийм. Миний хувьд цаашид гэрээг сайжруулаад төрийн эзэмшлийн 34 хувийг болих ёстой гэж боддог. 34 хувьдаа багтсан рояалти буюу нөөц ашигласны татварыг борлуулалтаас нь аваад явдаг болох хэрэгтэй. Энэ нь манай улсад илүү ашигтай гэж хардаг. Оюу толгой компани өнгөрөгч онд хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Бид Оюу толгойн орд дээр 15-20 хувийн рояалти тохирч чадвал жил бүр 300-400 сая ам.долларыг борлуулалтаас нь шууд авчих боломжтой. Борлуулалтаас шууд авдаг татвар учраас компанийн дотоод үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй. Тэр утгаараа сүүлийн жилүүдэд Монгол Улс, хөрөнгө оруулагчдын хооронд үйл ойлголцол болоод байгаа асуудлуудад цэг тавина гэж харж байна. Рио Тинто олон улсын хөрөнгийн бирж гарсан компани болохоор үндэстэн дамнасан корпорациуд глобал гэрээгээр томоохон ханган нийлүүлэлтүүд нь явагддаг. Үүнийгээ дагаад компанийн соёл өөр байдаг. Нэг үгээр хэлбэл энэ компани хөрөнгийн бирж дээр ашгаа хийж, хувьцааны өсөлт, бууралтаар ашиг орлого нь тооцогддог. Яг компанийн үйл ажиллагаагаа хамгийн өндөр өртгөөр, хамгийн аюулгүй байдлаар явуулдаг. Энэ нь зарим үед манайхтай зөрчилддөг үндэс болчихоод байгаа юм. Тиймээс бид компанийн дотоод үйл ажиллагаанд аль болох бага оролцох ёстой.

Дубайн гэрээгээр бид 2037 оноос 34 хувьдаа ногдох ашгаа хүртэж магадгүй. Нэгэнт ногдол ашиг ирэхгүй байгаа учраас 34 хувиа барьж байхаар рояалти руу шилжүүлээд ирэх жилээс шууд борлуулалтаасаа ашгаа хүртээд явах нь монголчуудын хувьд илүү зөв хувилбар байх. Хөрөнгө оруулагч талдаа хүнд тусах ч манайхан асуудлаа зөв гаргаад явбал болохгүй гэх зүйлгүй. Бид Оюу толгой гэдэг нэг завинд хамтдаа суусан учраас завиа цоолж, хөмрүүлж болохгүй.

-Ингэж баривчилгаа явуулж байгаа нь нөгөө талдаа улс төрийн өрсөлдөгчөө намнаж байгаа хэлбэр мөн үү?

-Монголын улс төр халуундаа халуун, намдуудаа намдуу явж ирсэн. Монголын улс төр өрсөлдөгчөө намнахдаа хэзээ ч хууль хүчний байгууллагыг бүү ашиглаасай гэж хүсдэг. Ашиглах гэсэн тохиолдол бүрт би эсэргүүцэж ирсэн. Тиймээс цаашдаа Монголын улс төр шударга, бодлогын хүрээнд хөгжих ёстой. Сүүлийн үед өрнөөд буй баривчилгааг харахад улстөрчдийн хоорон дахь толхилцоон гэхээсээ илүү хууль хүчний байгууллагын алдаа биш байгаа даа гэж харах юм. Хүнийг заавал хорьж шалгах хэрэг байгаа юм уу. Гэрийн хорионд, хязгаарлалтын бүсийг нь тогтоох гэх мэтчилэн тэр хүмүүсийн хэрэг шийдэгдтэл хорих шаардлагагүй. Төрийн өндөр албан тушаалтан гэлтгүй жирийн иргэдийг бүтэн сар хорьчихоод ганц удаа байцаалт авдаг. Ийм тохиолдол заавал барьж хорих ямар шаардлага байгаа юм бэ. 70-80 жил явж ирсэн хорьдог сэтгэлгээнээсээ бид салаагүй байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга болон дэд даргын үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавал болсон гээд ард нийтийн дунд санал асуулга явуулж хоёр хүнийг энэ байгууллагын удирдлагууд нэр дэвшүүлсэн. Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гээд буцаасан байна лээ. Таны байр суурь ямар байгаа бол?

-Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга болон дэд даргад нэр дэвшүүлсэн асуудлыг Их хурал хэлэлцэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Учир нь хуулийн тодорхой заалтын хүрээнд хэлэлцэх учиртай тул үүнийгээ зөрчих гээд байгаа юм. Тиймээс хэлэлцэх боломжгүй.

Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ удаа АТГ-ын даргыг олон түмний саналаар нэр дэвшүүлж байгаа гэсэн “шоу" тоглолт хийж байна. Ядаж дэвшүүлж байгаа хоёр хүнийг нь нийгэм таньдаг юм уу. Их өндөр санал авлаа л гээд байгаа. Ах дүү, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс нь л таних байх. Явуулсан санал асуулга нь ч ойлгомжгүй байна лээ. Ард түмнээр хэлэлцүүлэх асуудал байж болохоос ард түмнээр хэлэлцүүлсэн нэртэй тэдний нэрийг барьж өөрсдийнхөө явуургүй тоглолтыг хийж болохгүй. Өмнө нь ийм хандлага гаргах гэж улстөрчид оролдсон ч бүтэлгүй болж байсан. Ардчиллын болон ард түмний нэрийг барьж улс төрийн жижиг тоглолт хийх гэсэн оролдлого бүр бүтэлгүйтдэг. Тэр үйл явцын л нэг байх. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хуульч, эрх зүйч, салбарынхаа түүчээ болсон хүмүүс байсан бол өөр хэрэг. Би Монголын төрд зүтгээд 20 орчим жил болж байна. Энэ хоёр хүнийг нь бол танихгүй юм билээ. Жирийн иргэдийн түвшинд тийм өндөр санал өгсөн гэдэгт эргэлзэж байгаа юм.

Сүүлийн хоёр парламент дамжин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах том асуудлыг ярьж байгаа шүү дээ. Үүндээ Ерөнхийлөгчийн эрх мэдэл ямар хүрээнд байх юм, Ерөнхийлөгч гэж хэн юм, түүний институци нь ямар эрх үүрэгтэй байх вэ гэдгийг тойроод байгаа нэг согог нь энэ. Ерөнхийлөгч болсон хүн бүр хууль хүчний удирдлагуудыг өөрийн үзэмжээр солих гэж оролдож, тэр хүмүүс өөрсдөд нь үйлчилдэг. Өнөөдрийн Ерөнхийлөгч биш өмнөх Ерөнхийлөгч нарын үед гарч байсан зүйл давтагдаж байна. Цагаан дээр хараар бичсэн хуулийнхаа хүрээнд асуудлаа оруулж ирээд төрийн ажил явдаг дэг жаягаараа асуудлаа тавиад явбал парламент хэлэлцээд нэг талд нь гаргаад явах байх.

-Яг ямар хууль зөрччихөөд байгаа юм бэ?

-Хууль зүйн байнгын хороон дээр тодорхой хуулийн заалтыг ярилцсан байна лээ. Их хурлын институцийн байр сууриа илэрхийлээд энэ хүрээнд нэр дэвшүүлээд явбал хэлэлцээд явна. Тэгээд ч одоогийн АТГ-ын даргын бүрэн эрх хүчин төгөлдөр байна уу, үгүй юу гэдэг нь маргаантай байна. Мөн өргөн барьсан процесс нь алдаатай. Тийм учраас хуулийн зөрчилтэй зүйлийг Их хурал хэлэлцэх шаардлагагүй.

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Ерөнхийлөгч 100 хувь олгох саналтайгаа илэрхийлсэн, Засгийн газар 80 хувьд нь олгоно гэсэн. Хоёр институци төслөө хамтдаа хэлэлцэхээр болсон байгаа?

-Засгийн газар хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох нь зүйтэй. Хүүхдийн мөнгөөр дамжин тодорхой халамжийн бодлого явагдаж байна. Нөгөө талдаа хүн амаа өсгөх, иргэдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд бодлого явагдаж байгаа тул өнөөгийн нөхцөлд 80 хувьд нь буюу зорилтот бүлэгтээ чиглэсэн нийгмийн халамжийн бодлого явуулж байгаа нь зөв гэж үзээд Засгийн газар бодлогоо өргөн барьсан. Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг 100 хувь олгоё гэсэн. Парламент хэлэлцээд нэг асуудал юм байна гээд хамтад нь хэлэлцээд тогтоол гаргаж байгаа. Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно. Ерөнхийлөгчийн 100 хувь олгох ёстой гэдэг асуудлыг судалж үзэх хэрэгтэй.

Сүүлийн 10 жилд хүүхдийн мөнгө олгож ирсэн түүхийг авч үзэхээр иргэдийн 20 хувь нь хүүхдийн мөнгөө авдаггүй. Хүүхдийн мөнгөө авахаар банк руу яваад байх шаардлага бага байдаг юм шиг байна лээ. Магадгүй цаашид 20 хувь нь хүүхдийн мөнгөө авъя гэсэн хүсэлтээ өгөөд авдаг хэлбэр рүү орж болно. Үүнийг судлахын тулд тогтоолын төслийг гаргаж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Малчин (27.123.214.116)
    ТӨРД АЖИЛЛАЖ БАЙГАА ТЭР ТУСМАА ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД АЛДАА ГАРГАХ ЁСГҮЙ.ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (27.123.212.134)
    Uuruu holbootoi bolool nvhee maltaj sain hvnii dvrd togloj bna
    2018 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.118.178)
    Юу хуцаад байгаа юм бэ? Үндэсний аюулгүй байдал ард түмний эсрэг шийдвэр гаргасан бол хариуцлагаа хүлээх л хэрэгтэйшүүдээ...
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (202.131.234.242)
    Тэнэгтдэг байна ш дээ. Улсаа худалдах шийдвэр гаргавал төрийн өндөр албан тушаалтны гаргасан бодлого гээд өнгөрөөх үү
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
  • Иргэн (150.129.143.249)
    Иргэн бүр тэгш эрх үүрэгтэй гэдгийг энэ хүн мартсан бололтой. Монгол улсыг онц их хэмжээгээр хохироосон луйвирчид, урвагчид хариуцлага хүлээх ёсгүй юм бол бусад бүх хоригдож байгаа хэрэгтнүүдээ суллах хэрэгтэй! Тэд эдний дэргэд бараг хоройд хоргүй байх шүү харьцуулбал.
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
  • tsermaa mengtei dalii am (211.236.147.95)
    ene Sodbaatar gj xulgaich bn a chimeegu bj ideed l odo ex ornoso yrvsan xulgaich naraas mongo avtsan bs ooroo tsaashdaa xulgai xiij chadaxgy gj uxex gj bn a muu xuvalz
    2018 оны 05 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 15 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 16 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 16 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 18 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 20 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 21 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 23 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 24 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 26 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 27 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 29 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 30 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 31 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 32 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 33 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 34 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 35 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 37 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 38 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 39 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top