x

ТИТЭМ УХААРАЛ

Масктай ч дэгжин харагдаж болно

Масктай үед нүүрээ будах ч шаардлагагүйг хүүхнүүд аль хэдийнэ мэдэрсэн. Хүмүүсийн дунд байхдаа нүүрнийхээ ихэнх хэсгийг “гивлүүр”-тэй өнгөрөөж байгаа тохиолдолд өөр маягийн будалт шаардлагатай болох нь. Үнэндээ маскинд уруулын будаг, крем нялгадах тиймхэн. Сэргэлэн хүүхнүүд “нүүр номдоо” хөгжилтэй шийдэл хэлцгээнэ. Нэг нь лав “Нүүрнийхээ ил харагдах хэсгийг будчихаад явж байна даа” гэсэн байна лээ. Масктай ч загварлаг харагдаж яагаад болохгүй гэж. Нэгэнт л бүгд маск хэрэглэх ёстой юм бол маскны загвартаа анхаарвал ямар вэ. Хамгийн нэгдүгээрт маск хамгаалах үүргээ биелүүлж, эмч нарын шаардаж байгаа стандартыг хангасан байх учиртай.

Харин өнгө болоод, чимэглэл нь бидний мэдэлд үлдлээ. Эмийн санд ороод маск асуусан хүмүүс “Байхгүй” гэсэн хариу авч дасав. Монголд бүү хэл дэлхийн хүмүүст ч маск олдоц багатай үед “Гарьд магнай” кинон дээр хэлдэгчлэн “Амь амиа бодоорой” гэдэг л болдог байгаа даа.

Мэргэжилтнүүдийн зөвлөж буй N95 маск олдохгүй бол ядаж бусдын шүлснээс хамгаалцгаая. Бага байхад ээж нар самбай давхарлаад, дэгээ зүү ашиглан эмжиж, маск хийгээд өгчихдөг л байсан. Эмжээр нь харин өнгө өнгийн байсан даа. Зүрхний Б.Болдсайхан эмч зурагтаар ярихдаа “Ерээд оныг хүртэл маск найм давхарласан марль байсан” тухай дурдана лээ.

Өөрийнхөө нус цэрийг хүн рүү үсчүүлэхгүй, бусдынхыг авахгүй байх механик хаалт байхад л болох юм байна. Энэхүү “механик хаалт”-ыг хэрхэн зөв хийх талаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө илүүдэхгүй. Энэ зуур маскийг самбай, даавуу бүр сальфетка ашиглан хийж болох нь “илрэв”.

Сальфетка ашиглан нэг удаагийн амны хаалт хийж болох аргыг хятад бас япончууд ч сошиалд санал болгож байна лээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэртээ суудаг ээжүүд ч эрэлт ихтэй энэ бүтээгдэхүүнийг урлах замаар ашиг орлогоо нэмэгдүүлж болох юм. Маскны хомсдол биднийг бухимдуулах шалтгаан биш. Гэр гэртээ тогооч гэдэг шиг л гэртээ маск урлаж яагаад болохгүй гэж. Стресс бухимдал дархлааг маань лав сайжруулахгүй. Хэцүүхэн үед ч амьдралыг ягаан шилээр харцгаая.

Соёлын хувьсгал хийцгээе

Муу юманд ч бас сайн тал бий. Дэлхийн хүмүүсийг цочроосон халдварт өвчин бидний олон сул талыг мэдрүүлсэн. “Муусайн хужаа” гэгддэг хүмүүсээсээ хэчнээн их хамааралтайг маань манай эдийн засгийн байдал харуулав. Маскны түүхий эдээс авхуулаад, сайжруулсан түлшний барьцалдуулагч бодисыг хүртэл урд хөршөөсөө нийлүүлдэг болж таарав. Дундад зуунд бол тэдний л асуудал болоод өнгөрөх зүйл харилцаа холбоогоор хэрэн сүлжсэн өнөө үед бидний ч асуудал болж хувирчээ. Урд хөршийн Ухань хотоос 33 монгол иргэнээ Монгол Улс авчирсан. Бага насны хүүхдээ халдвар авчих вий хэмээн эмээсэн ээжийн сэтгэлээр дамжуулан Уханий шаналлыг монголчууд мэдэрсэн билээ.

Ерөнхийлөгч маань ч “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн үгийг бодитоор хэрэгжүүлэв. Хөршийн гэнэтийн айлчлал, халуун хошуут малын бэлэг, монголчуудын дулаан сэтгэлийг урд хөршид маань хүргээ байлгүй.

Хүн хүнийхээ дэмээр амьдардаг хорвоо. Жирэмсэн ээжүүддээ цалинтай чөлөө олгож, бага насны хүүхэдтэй ээжүүдийн ажлын цагийг багасгах, ажилтнууддаа гэрээсээ ажиллах боломж олгох гэх мэтээр сайн жишгийг цөөнгүй байгууллага тогтоов. Автобусанд ч хүмүүс амаа хамхиж явж сурч байна.

Дэмий үг чалчиж, шүлсээ үсчүүлж байгаа амны хаалтгүй мэдрэмжгүй хүмүүс амьтны ад болохоор байна. Гудамжинд, автобусны буудал дээр нус цэр, шүлсээ хаяж, “морь хардаг” хүмүүсийг Зөрчлийн хуулиар шийтгэхээ хотын захиргаанаас мэдэгдсэн нь дэмжүүштэй шийдвэр. Өнгөрсөн зууны бүдүүлэг зуршлыг элдэв халдвартай хамт эгнэгт тонилговол таарна. Соёлын хувьсгал хийцгээе.

Алтыг нь аваад авдрыг нь хаясан газар дэлхийд хүүхдүүд маань амьдарна

Коронавирусийн уг шалтгааныг уламжлалт анагаах ухааны үүднээс тайлбарлахыг хүсэхэд “Манба Дацан” эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Одонцэцэг ийнхүү тодорхойлсон билээ. “Уламжлалт анагаах ухаанд нянгийн өвчнийг адын шалтгаантай гэж үздэг. Хүмүүс нийт олноороо гол, мөрөн, далайн ус бохирдуулах, газар шороо ухах, ан амьтныг олноор нь алж устгах зэргээр байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах. Элдэв муу үзлийн улмаас өөр хоорондоо тэрсэлдэж биесээ хөнөөх, тэрсэлдэн тэмцэлдэх, тангараг санваараа зөрчих, эгэл ардууд ёс суртахуунаа алдах зэрэг муу үзлийн цөв ихэд дэлгэрэх.

Мөн элдэв янзын бохир муу зүйл шатааж хиншүү хярвас тавих, улай хийж, амьтны амь таслан мах цусны бузар үнэрийг хамаа замбараагүй түгээх зэрэг бузар муу үйлийг ихээр үйлддэг. Энэхүү үйлдэлд огторгуйгаар зорчигч Мамо хандо хилэгнэж, рид хувилгаанаар халдварт өвчний вирус илгээдэг байх нь” хэмээсэн.

Монголчууд байгальтайгаа зохицож амьдарч ирсэн уламжлалтай. Буурин дээрээ хогоо үлдээдэггүй, голын усаа сүүтэй шанагаар хутгахаас ч цээрлэж ирсэн ард түмэн. Бидний өвөг дээдэс уул, усаа шүтэж ирсэн. Байгаль эхтэй хүйн холбоотой явж ирсэн монголчуудын минималист амьдралын хэв маяг хүн төрөлхтний хэтийдсэн хэрэглээнээс болж хогондоо дарагдах шахсан орчин үеийн дэлхийг аврах зөв амьдралын хэмнэл бус уу.

Гал түймэрт нэрвэгдэж, халуун тамд шатах дөхсөн австраличуудыг үерийн аюул бас тойроогүй. Гал усны гашуун зовлонг хүмүүс амсах болсон нь хэзээ хийсэн үйлийн үр билээ. Гамшигийн давтамж нэмэгдэж, элдэв халдварт өвчин дэлхийн хүмүүсийг айлгах нь ихэслээ. Үнэндээ коронавирус бол хүн төрөлхтөнд ирсэн эхний бас сүүлчийн айдас биш ээ.

Давааны цаана даваа гэдэг шиг л үүнийг давсан ч дахиад л шинэ сорилттой тулгарсаар байх вий. Энэ бүхэн цөхрөлд автсан дэлхий ээжийн сануулга, дохио биш үү? Дэлхий зөвхөн хүний хорвоо биш шүү. Амьтан, ургамал ч бас дэлхий ээжийн хүүхдүүд гэж сануулж байна. Тэднийг хүмүүс хэчнээн их хядсан билээ. Амьтнаас гаралтай вирус тахал бол тэр бүхний үр дагавар. Хэтэрсэн хэрэглээгээ танаж, хог хаягдлаа багасгаж, байгальд хор хөнөөлгүй амьдрах цаг нь болжээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад паспорт дахин захиалахад илүү хялбар болсон 8 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 8 цаг 21 мин Долгион бид хоёр 8 цаг 27 мин Монголын анагаах ухааны эртний номуудыг ЮНЕСКО-н жагсаалтад бүртгэв 8 цаг 48 мин "Төрийн байгууллагууд тендерт шалгарсан мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа дамжуулна" 9 цаг 59 мин Хөгжлийн банкыг Экспорт, импортын чиглэлтэй болгон шинэчлэх хуулийн төсөл боловсруулагдаж байна 12 цаг 3 мин “Power Expo & Festival” автомашин, мотоциклийн наадам ирэх сард Улаанбаатарт болно 12 цаг 4 мин "Аспак-2025" чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна 12 цаг 5 мин Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ 12 цаг 6 мин Ноолуур бэлтгэлийн санхүүжилтэд вексель гаргаж, малчдын орлогыг дэмжинэ 12 цаг 7 мин Засгийн газраас нийслэлийн дөрвөн байгууллагыг татан буулгах шийдвэр гаргалаа 12 цаг 8 мин Засгийн газар улаанбурханы дэгдэлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо 12 цаг 9 мин Азийн цаг уурын байгууллагуудын төлөөлөгчид цахим чуулганд оролцож байна 12 цаг 10 мин Винисиус ФИФА-гийн ёс зүйн дүрмийг зөрчсөн хэргээр хоёр жил тоглох эрхгүй болох эрсдэл үүсжээ 12 цаг 11 мин Хомын талд энэ жилийн анхны унага “Эх дэлхийн өдөр”-өөр мэндэлжээ 12 цаг 11 мин Туркийн эрх баригчид Курдийн Ажилчны Намыг тараах шийдвэр гаргахаар төлөвлөж байна 12 цаг 12 мин Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан 14 цаг 30 мин О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой 15 цаг 2 мин Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна 15 цаг 22 мин Өнөөдөр нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлана 18 цаг 3 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х...
Top