x

Л.Болд: Прокурор "Цензургүй яриа"-гаар ярьсан мэдээллээ гишүүдэд өгөх ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-д өргөн мэдүүлсэн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг солих саналыг хэлэлцэж, холбогдох хууль зөрчсөн гэж үзсэн юм. Түүнчлэн өнгөрсөн даваа гарагт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэсэн "Цензургүй яриа" нэвтрүүлгээр С.Зориг агсны хэрэгтэй холбоотой олон нийтэд ил болоогүй зарим материал, баримтыг дэлгэсэн асуудлыг хаалттай хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. 

 

-АТГ-ын дарга, эрхэлсэн комиссар Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан, дуусаагүй гэдэг маргаан эцэслэгдээгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг олон нийтийн санал асуулгаар тодруулж, өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүллээ. Гэвч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн ч хүлээж авсангүй. Харин УИХ дахь АН-ын бүлэг АТГ-ын даргын бүрэн эрх дууссан эсэх маргаанд ямар байр суурьтай байна вэ?

-Бүлэг байр сууриа хараахан нэгтгээгүй байна. Гэхдээ энэ асуудлыг бид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр олон талаас нь ярилцах ёстой. АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацааг хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Бүрэн эрх нь зургаан жил гэж заасан бол түүгээрээ л байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, АТГ-ын дараагийн даргыг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн мэдүүлдэг. Гэтэл манай улсад ямар практик бий болж байна гэхээр сонгуулийн өмнө шинэ бүрэн эрх эхлүүлдэг болох нь. Ерөнхийлөгчийн сонгуулиар бий болсон дүн, сонгуулиар гарах ард түмний сонголтыг залилах гэж байна. Уг нь, АТГ-ын бүрэн эрх шинэ төрийн тэргүүн сонгогдсоны дараа жил нь дуусгавар болох ёстой.

Гэтэл сонгуулийн үр дүн тодорхойгүй учир юмыг яаж мэдэх вэ гэдэг үүднээс шинэ бүрэн эрхийг эхлүүлж байна. Энэ бол шударга бус зүйл юм. Үүнийг парламент хэлэлцэж шийдвэр гаргах нь зөв. Энэ бол төрийн ажилд байж болохгүй зүйл л дээ. Гэвч энэ хүний бүрэн эрх дуусахаар өөр хүн гарч ирнэ. Тэр нь санасан, бодсон хүн нь биш байх магадлалтай учир баталгаажуулж, өөрсдийнхөө бүрэн эрхийн хугацаанд өөрийнхөө хүнийг томилж, дахиад дараа нь хэн ч гарсан өмнөх хүмүүсийн хүч нөлөөг хүлээн зөвшөөрч, ард түмний шинэ сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөлийг л бүрдүүлж байна. Ийм буруу тогтолцоо Монголын төрд байж болохгүй.  

-Та хүнийг нь биш тогтолцоог нь эсэргүүцэж байгаа юм байна, зөв үү?

-Тийм. Бүрэн эрх нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дуусах ёстой. Хэн сонгогдох нь мэдэгдэхгүй ч тэр сонгогдсон Ерөнхийлөгч л бүрэн эрхийнхээ хүрээнд дараагийн хүнээ томилох, нэрийг нь УИХ-д оруулж ирэх ёстой. Тэр эрхийг урьдчилж харж, улмаар булааж аваад сонгуулиас өмнө тэр бүрэн эрхийг нь эдэлж байна. Энэ болохгүй л дээ. Энд л асуудал байгаа юм. Үүнийг бид цаашид засахгүй бол хэзээ ч дуусахгүй. Чөтгөрийн тойргийг эхлүүлж байгаагаас ялгаагүй. Эрх зүйн хувьд тэс өөр ойлголт юм л даа. Энэ талаас нь л харж байна. Түүнээс надад АТГ-ын дарга хэн байх, хувь хүн нь хэн бэ гэдэг нь чухал биш. 

-Өнгөрсөн даваа гарагт сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл боллоо. С.Зориг агсны хэрэгтэй холбоотой өмнө нь олон нийтэд ил болж байгаагүй зарим материал, баримтыг сэтгүүлч, ярилцагч хоёр дэлгэлээ. Та нэвтрүүлгийг нь үзсэн үү?

-Би хальт харсан. 

-Энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаалттай хэлэлцлээ. Яг ямар шийдэлд хүрэв, юу ярилцав?

-Мэдээж асуудлыг ярьсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хоёр шийдвэр гаргалаа. Энэ хэрэг дээр Ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл Ажлын хэсэг өмгөөлөгчдийнх нь үгийг ил тод сонсоно. "Цензургүй яриа"-гаар бол яллагч талын л байр суурийг хүргэлээ шүү дээ. Хоёрдугаарт, прокурор хэвлэлд ярилцлага өгч байна. Тэгвэл УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дараагийн хурал дээр прокурор гишүүдэд мэдээлэл өгнө. Учир нь, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хоёр долоо хоногийн өмнө энэ хэрэгт Ажлын хэсгийг байгуулсан.   

-Та Ажлын хэсгийн гишүүн байх аа?

-Х.Нямбаатар гишүүн ахалж байгаа. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын таван гишүүн багтсан. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг ажлаа эхлүүлж чадаагүй явна.

-Яагаад тэр вэ?

-УИХ-ын 40 гишүүн энэ хэрэгтэй холбогдуулан түр хороо байгуулах санал гаргасан. Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ээлжит хуралдаанаа хийгээгүй. Хуралдаагүй учраас Ажлын хэсгээ ажлуулах тодорхой чиглэл өгч чадаагүй. Энэ мэт шалтгаанаас болж цаг хугацаа алдсан гэж ойлгож болно. 

-"Цензургүй яриа" нэвтрүүлгээр Ажлын хэсэгт багтсан хоёр гишүүнийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх утга бүхий зүйлийг ярьсан. Энэ ямар учиртай мэдээлэл вэ, үнэн үү?

-Үнэхээр Улсын ерөнхий прокурорын орлогч тэгж ярьсан. Ажлын хэсэгт орсон хоёр гишүүнийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж хэвлэлээр мэдээлсэн. Яг үүнтэй холбогдуулан гишүүдээс маш олон асуулт ирсэн. Гэхдээ хаалттай хуралдаж, тодорхой тайлбарыг өглөө.  

-Гол нь энэ үнэн мэдээлэл үү?

-Хаалттай хуралдаж тайлбарыг нь өгсөн байгаа. 

-Бас Ц.Нямдорж сайдыг С.Зориг агсны хавтаст хэрэгтэй танилцсан байх боломжгүй. Хэрэв танилцсан бол хууль зөрчсөн, эсвэл хулгайгаар хавтаст хэргийг олж авсан байх магадлалтай гэдэг зүйлийг ярилаа. Ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гишүүдийн зүгээс Ц.Нямдорж сайдаас С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан эсэх талаар асууж, лавлав уу?

-Тэрийгээ Ц.Нямдорж сайд өөрөө тайлбарлах байх. Миний хувьд бол УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ярилцаж байгаа бүх асуудлыг харахад энэ хэрэгтэй танилцсан, мэдээлэл авсан нэг ч УИХ-ын гишүүн байхгүй. Тэр бол ойлгомжтой байна. Бүгд л хэвлэлээр гарсан л мэдээлэлтэй байна. Надтай ч гэсэн Олон улсын парламентын холбооноос шалгалт, дүгнэлт хийдэг Ажлын хэсэг уулзсан. Би цахим хэлбэрээр ч тэдэнтэй харьцдаг. Лавлагаа, мэдээлэл ч авдаг. Тэнд бол зөвхөн хэвлэлийн мэдээллийн хүрээнд л мэдээлэлтэй байдаг. Яг үүн шиг гишүүд ч гэсэн хэвлэл мэдээллээс авсан хүрээндээ л мэдээлэлтэй байгаа нь харагдсан. 

-Тийм гэж үү. Тэгвэл та бүхнээс илүү мэдээлэл сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд байна гэсэн үг үү?

-Харин УИХ-ын гишүүдээс хэд дахин мэдээлэл сэтгүүлчдэд байна. Ямартай ч нэг сэтгүүлчид лав байгаа юм билээ. Тийм гэдгийг нь телевизээр л анх харлаа шүү дээ, бид. Маш их шинэ мэдээлэл сонслоо.

-Та бүхний мэдээгүй, сонсоогүй мэдээллийг гартаа оруулсан сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд ямар нэгэн хэрэг үүсгэх үү. Жишээ нь, яаж "нууц" материалыг гартаа оруулж авав гэдэг ч юм уу, түүнээс тодруулах уу?

-Тэрийг хуулийн байгууллагаас асууна.  

-Ярилцлагаар Олон улсын парламентын холбооны үйл ажиллагааг ч хөндөж байсан. Гэтэл та сая тэдэнтэй холбоотой байдаг гэж хэллээ. Үнэхээр тэд С.Зориг агсны хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөөд байгаа юм биш биз дээ?

-Маш гуйвуулж ярьж байна лээ. Нэгдүгээрт, Олон улсын парламентын холбоо бол улс хоорондын байгууллага. Зөвхөн НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон орнуудын парламентын байгууллага. Гэтэл төрийн бус байгууллага гэж ярьсан, тийм биш юм. Энэ бол төр хоорондын байгууллага. Ямар үндэслэлээр энэхүү байгууллагыг төрийн бус гэж хэлснийг ойлгоогүй. Нөгөө талаараа Олон улсын парламентын холбоог гүтгэж байна лээ. Монголын дотоод асуудалд орсон, хянасан, шалгасан, хууль зөрчсөн гэж. 

-Үнэхээр тийм биш үү. Учир нь, тус холбооноос С.Зориг агсны хэрэгт холбогдож шүүхээс ял авсан гурван этгээдийг "өмөөрч" зөвлөмж ирүүлсэн шүү дээ?

-Тийм зүйл байхгүй. Тэд бол олон улсын хууль, журмыг ягштал мөрддөг. Дандаа зөвлөмж өгдөг. Тэр зөвлөмж нь Монгол Улсын төлөө. Ил тод, нээлттэй, ойлгомжтой, хүний эрхийг дээдлээч зэрэг бүх талын ойлгомжтой болгооч гэдэг. Түүнээс ярьсан шиг нь бидний тусгаар тогтнолыг булааж авч байгаа зүйл байхгүй шүү. Тэр байгууллагыг гүтгэж болохгүй. Юмыг жаахан зөв ярих хэрэгтэй л дээ. 

-Ингэхэд АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан та хоёрыг ТЕГ-ын дарга Б.Хурцын гомдлын дагуу гэрчээр дуудаж, байцаалт авсан. Тухайн үед Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийхдээ хэзээ мөдгүй яллагдагчаар татах нь гэх утгатай зүйлийг ярьж байсан. Энэ хэрэг тань юу болсон бэ?

-Тухайн үед ТЕГ-ын дарга Б.Хурцын томилгоотой холбогдуулан зургаан гишүүн гомдол ирүүлсэн иргэдийн саналыг сонссон л доо. Тэр гомдол дээр нь хэрэг үүсгэсэн юм бол уу гэж бодсон үгүй байсан. Хүнийг гүтгэсэн байж болно шүү дээ. Гэтэл иргэдийг сонссон нь УИХ-ын гишүүн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм билээ. Гэтэл УИХ-ын гишүний үүрэг нь хууль санаачлах зэрэг байна. Иргэдийг сонсох гэж алга л даа. Гэхдээ иргэдээс сонгогдсон гишүүн иргэдээ л сонсоно биз дээ. Энэ бол хуульд бичигдээгүй үүрэг шүү дээ, бидний. Жишээ нь, Үндсэн хуульд амьд явах эрхтэй гэж заасан байдаг. Түүнээс агаар амьсгалах эрхтэй гэж бичээгүй байдаг биз дээ. Яг үүнтэй ижилхэн УИХ-ын гишүүн ард иргэдээ сонсохгүй яаж ард иргэдээ төлөөлөх юм. Тэгэхээр үүний цаана улс төрийн зорилго байна л гэж харж байна. 

-Б.Хурц уу, эсвэл өөр хэн нэгэн улстөрч үү?

-Ямарч байсан хэн нэгэн хүнд илүү эрх мэдэл, илүү нөлөө байна л гэсэн үг. 

-Та саяхан ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нартай уулзсан байдаг. Дээр нь АН-ын дарга С.Эрдэнэ намынхаа гишүүдийг ямар нэгэн байдлаар хамгаална гэдэг зүйлийг ярьж байсан. Одоо нам болон та бүхний зүгээс ямар нэгэн алхам, шийдэл хийхээр төлөвлөсөн зүйл байна уу?

-Намын асуудал нь тусдаа байх. Энэ бол улсын асуудал юм. Ч.Сайханбилэг сайд өөрөө тов тодорхой үндэслэлээ ил захидалдаа бичсэн байна. Хуулийн байгууллага тэр бүх үндэслэлийг үзэж, цаана нь улс төрийн захиалга байх ёсгүй гэдэг нь их чухал. Үгүй бол бид эцсээ хүртэл явна. Монголын төр ч явна. Хууль, шүүхийн буруу хайчинд орж болохгүй. Харин ч эцсээ хүртэл явна шүү.  

Эх сурвалж: NEWSPRESS.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Харвардын их сургууль Трампын засаг захиргааг шүүхэд өглөө 16 цаг 8 мин Клаус Шваб ДЭЗФ-ын удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа огцорлоо 16 цаг 9 мин Алтны үнэ шинэ дээд түвшинд хүрэв: Худалдааны зөрчлөөс үүдэн хөрөнгө оруулагчид эрсдэлгүй активт шилжиж байна 16 цаг 10 мин АНЭУ хууль боловсруулалтад хиймэл оюуныг бүрэн ашиглах анхны улс болно 16 цаг 11 мин Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг хэрэгжүүлэгч 13 дахь орон боллоо 16 цаг 13 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа 16 цаг 14 мин НҮБ-ын ESCAP-ын 81 дүгээр чуулганд Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг онцлов 16 цаг 16 мин Азийн 3.3 бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт анх удаа зохион байгуулагдана 16 цаг 18 мин Туулын хурдны замын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дахин зарлалаа 16 цаг 19 мин “Баганат өргөө” цогцолборт 1500 хүүхдийн сургуулийг энэ онд ашиглалтад оруулна 16 цаг 20 мин АШУҮИС, МУИС хамтран анагаахын физикч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ 16 цаг 22 мин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна 16 цаг 23 мин “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу гурав дахь удаагаа Степп Арена-д болно 16 цаг 24 мин Монгол орны нутгийн ихэнхэд бэлчээрийн ургамал цухуйжээ 16 цаг 25 мин “Оскар”-ын саналаа өгөхөөс өмнө бүх киног үзсэн байхыг шаардсан шинэ дүрэм мөрдөгдөнө 16 цаг 26 мин Допингийн эсрэг үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, 2025 оноос комисс байгуулан ажиллуулахаар болов 16 цаг 27 мин Японы NTT компани аянга удирдах дрон зохион бүтээж, амжилттай туршив 16 цаг 28 мин АНУ, Энэтхэг худалдааны хэлэлцээр байгуулахад ахиц дэвшил гарчээ 16 цаг 30 мин “Цайрт Минерал” баг Үндэсний дээд лигийн аваргаар тодров 16 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын элчин сайдтай визийн нөхцөлийн талаар уулзалт хийв 16 цаг 33 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу?
Top