“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд олгох ногдол ашиг олгох шийдвэрийг компанийн ТУЗ-өөс гаргасан. Ногдол ашгийг хоёр хувааж олгох бөгөөд эхний 100 мянган төгрөгийг иргэдийн дансанд энэ сарын 28-нд, ирэх дөрөвдүгээр сард 93 мянган төгрөгийг хуваарилахаар болсон байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн удирдлагууд өчигдөр /2025.02.20/ 2024 оны үйл ажиллагааны тайлангаа сэтгүүлчдэд танилцуулсан. Ингэхдээ компанийн санхүүгийн тайлан Үндэсний аудитын газраар баталгаажсан болохыг хэлсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт хийж, 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн байна.
Мөн 2024 онд Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийн нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн гэв.
2023 оноос биржийн арилжааг эхлүүлж өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 115 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж, 2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25 сая тонн нүүрсийг биржээр борлуулсан байна. 2023 онд 9.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол 2024 онд 15.3 сая тонн болгон нэмэгдүүлсэн. Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 50 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг компанийн удирдлагууд онцолжээ.