“Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 15-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Уг хуульд:
- Хотын зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх,
- Ухаалаг хотын хөгжлийг мэдээллийн технологийн дэвшилд тулгуурлан дэмжих,
- Хотын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг ил тод байлгах асуудлыг тусгасан байна.
Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газраар батлуулах, эхний ээлжийн бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх шаардлага үүсээд байгаа юм.
Үндэсний хорооны хуралдаан
Энэхүү ажлын уялдааг хангах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргах зорилгоор “Шинэ Хархорум” хотын Бүтээн байгуулалтын үндэсний хороо өнөөдөр (2025.02.21) төрийн ордонд хуралдлаа.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцсэн байна:
- "Хархорум" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал
- 2025 оны байгаль экологийг сэргээх, мод тарих төлөвлөгөө
- Төсөл арга хэмжээ, нисэх буудлын ТЭЗҮ
- Ундны усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа
- Төмөр замын судалгааны явц
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Шинэ Хархорум” хотын эдэлбэр газарт хэрэгжүүлэх төслийн ажлын явцыг сонсож, төслийн ач холбогдлыг эрэмбэлэн, дараагийн хуралдаанаар хэлэлцэхийг чиглэл болгожээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Сэтгэгдэл (1)