Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлснээр, Монгол Улсад улаанбурхан өвчний гурав дахь тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Энэхүү тохиолдол нь улаанбурхан өвчлөлийн дэлхий дахинд бүртгэгдэж буй дэгдэлтийн нэг хэсэг бөгөөд өвчин Вьетнам улсад аялсан хүнээс илэрсэн байна. Тус өвчин Вьетнам улсад дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж, халдварлах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Дэлхий дахинд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 3,106 улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдварын ихэнх нь олон улсын аялал, зорчих хөдөлгөөнтэй холбоотой байна.
Монгол иргэдийн зорчих чиглэлд бүртгэгдсэн улаанбурхан өвчний тохиолдол:
- Тайланд улсад – 103 тохиолдол
- БНСУ-д – 1 тохиолдол
- Вьетнам улсад – 114 тохиолдол
Эдгээр улс орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт өндөр байгаа тул мэргэжилтнүүд гадаад улс руу зорчих иргэдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
Иргэд аялал хийхээсээ өмнө халдварт өвчний тархалтын нөхцөл байдалтай танилцаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь чухал гэдгийг ХӨСҮТ-өөс онцолжээ.