x

“Далий” Давос

Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлээр Альпийн нуруунд орших Швейцарын Давос хэмээх жижигхэн хотод Дэлхийн Эдийн Засгийн Форум болдог. Давос мэтийн том форумын талаар яригддаг гол мессеж бол орчлонгоос тасарч, амьдралаас хөндийрсэн зөвхөн элит, дэлхийн томчууд оролцдог цуглаан гэх ойлголт байдаг. Энэ форумд үнэхээр дэлхийн топ компанийн эзэд, тэдний удирдлагууд, мөнгөө цацаж ядсан баячууд, шунахай хөрөнгөтнүүд, олны анхаарыг татах гэсэн улстөрчид, урлаг, спортын одод цуглаж оролцдог юм уу? Яг энэ өнцгөөс нь харж хэвлэл, мэдээллийнхэн багагүй шүүмжлэлтэй ханддаг. Харин маш цөөхөн хүмүүс энэ форумын ач холбогдлыг ойлгож, зөв өнцгөөс нь харж, үр шимийг нь хүртэж чаддаг. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хүртэл “Энэ форумын үр шимийг хүртэх, шууд хамааралтай гол хүмүүс Давост ирдэггүй, магадгүй хэзээ ч ирж оролцож чадахгүй байх” гэж хэлсэн байдаг. Тэгвэл ямар гээчийн этгээдүүд нь Давосын чуулганд оролцдог юм бол?

Дэлхийн эдийн засгийн форум ойролцоогоор 3000 орчим хүмүүсийг нийгмийн бүх салбараас жендерийн квоттойгоор жил бүр форумдаа онцгойлон урьж оролцуулдаг. Тухайлбал, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, залуучуудын төлөөлөл, хэвлэл мэдээлэл, урлаг соёл, спорт гэх мэт. Энэ өнцгөөс харвал үнэхээр манай нийгмийн цөөн хэдхэн хүмүүс л шүүгдэж энэхүү форумд оролцдог гэдэг нь үнэн. Хэдий тийм ч жил ирэх тусам Давост оролцогчид улам солонгорч байгаа статистикийг сайтаас нь чөлөөтэй харж болно. 

2025 оны Давосын чуулганд дэлхийн 130 орны улстөрч, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, урлаг, соёл, спортын манлайлагчид болох 3000 гаруй лидерүүд тусгай мандаттай уригдав.

Нийт оролцогчдын талаас илүү нь буюу 1600 хүн хувийн хэвшлийг төлөөлж байснаас дэлхийн хамгийн том, шилдэг 900 компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга нар хүрэлцэн иржээ. Дэлхийн Эдийн Засгийн Форум хувийн хэвшилтэй түншлэх ажиллах олон загвартай байдгийн хамгийн дээд түвшин нь Стратегийн түншлэл байдаг. Энэ жил Монгол Улсаас Худалдаа Хөгжлийн Банк ийм статустай оролцож буй нь онцлог байлаа. 

Энэ жил 60 гаруй улсаас төр ба засгийн тэргүүн, сайдын түвшинд 350 гаруй төлөөлөгч оролцов. Үүнээс гадна Давосын тойрсон жижиг тосгон, хотуудад таран байрласан 40 гаруй мянган хүн үндсэн хуралдаанд орж чадаагүй ч өөрсдөө тусгай, хаалттай болон нээлттэй арга хэмжээ, хурал, уулзалтуудыг зохион байгуулав. Эдгээрийг дэлхийн 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага шууд дамжуулан хүргэж, мэдээ мэдээлэл цацав. Энэ тоог дэлхийн хүн амтай харьцуулбал мэдээж өчүүхэн бага хувьд тооцогдох хэдий ч онлайнаар нээлттэй цацагдсан хурал, хэлэлцүүлгүүдийг дэлхий даяар хэдэн сая хүмүүс чөлөөтэй үзэж мэдээлэл авч болж байв. Мэдээлэл нээлттэй болж, энэ арга хэмжээний тухай олон хүн мэдэх тусам эргээд уг чуулганд оролцож чадаагүй, философи болон зорилготой нь санал нийлдэггүй бүлэг хүчтэй шүүмжилж, үнэ цэнийг нь багасгахыг эрмэлздэг хандлага дэлхий даяар тод ажиглагдав. Бүр Анти Давос, The Zeitgeist гэх зэрэг хөдөлгөөн, нийгмийн бүлгүүд ч үүссэн байдаг.

Тэгвэл Давосын форумын зорилго яг юу юм бол? Дэлхийн Эдийн Засгийн Форум бол төр ба хувийн хэвшлийн түншлэлийн жишиг болж чадсан дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн бус, ашгийн бус байгууллага юм. Гол зорилго нь нийгмийн оролцогч талуудын хооронд гүүр болох, итгэлцлийг нь бэхжүүлэх, хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн төлөөх шинэ санаа, санаачилгыг гаргах. Энэ эрхэм зорилгын хүрээнд 1970-аад оны эхээр байгуулагдсан энэхүү институт өдгөө жил бүр Европ тивийн хамгийн өндөрлөг хэсэгт орших Швейцар Улсын Давос хот улстөрчид, шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгч, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэнийн нийгмийн төлөөлөл, нийгмийн идэвхтэй манлайлагчид, хэвлэл мэдээллийн салбарынханыг цуглуулж хуралддаг болсон түүхтэй.

Ингэхдээ аль нэг улс эсвэл байгууллагын ашиг сонирхлыг төлөөлөхгүй бөгөөд засаглал болон ёс зүй, сэцэн ухааны хамгийн дээд түвшинд асуудалд хандан шийдвэр гаргахын зорьдог. 1974 оноос хойш зохион байгуулагдаж буй, жил бүр чуулахдаа хэдэн зуун тусдаа хэлэлцүүлэг, нээлттэй мэтгэлцээн, хаалттай уулзалтууд хийдэг энэхүү чуулганы чанарын үр дүнг нарийн хэмжихэд тун төвөгтэй. Гэсэн хэдий ч маш олон орон худалдааны хэлэлцээрээ энэ чуулганы үеэр хийж, төр болон хувийн хэвшлийн засаглалын шинэ загварууд эндээс туршигдан практикт нэвтэрснээс гадна дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралуудыг оношлох, эмчлэх халуун мэтгэлцээн энэ л тосгонд өрнөж, олон дайн байлдаан, зөрчилдөөнтэй нөхцөл байдлыг энэ хурлын үеэр зогсоож намжааж байсан түүхүүд яригддаг. Үүгээр нь Дэлхийн Их Хуралдайтай зүйрлэмээр. 

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганыг олон хүн асуудал шийддэг газар гэж ойлгодог. Тэр өнцгөөр харсан хүмүүс шүүмжлэх нь аргагүй. Гэхдээ үйл ажиллагааг нь сайтар анзаарч харвал энэ байгууллага бусдын асуудлыг шийдэж өгдөггүй бөгөөд харин олон улсын хамтын нийгэмлэгийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцүүлэн зөвшилцөлд хүргэж, нийгмийн өөрчлөлтийг хурдасгах катализатор байхыг эрмэлздэг.

Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, хүйсийн тэгш эрх, нийгмийн шударга бус байдал зэргийг дэлхийн шийдвэр гаргагчдын анхааралд оруулж, нийгмийн шинэ соёл, нормыг бий болгон, эрх мэдэлтэй хүмүүсийг дэлхийн тулхтай хөгжлийн төлөөх шийдэл гаргахыг уриалдаг. Өөрөөр хэлбэл, Давосын чуулган дэлхийн элитүүд, улс орны бодлого боловсруулагчид, төрийн эрх баригчид, нөлөө бүхий шийдвэр гаргагчдыг дэлхий дахинд хэрэгтэй, шаардлагатай буй өөрчлөлтийг хийх эзэд, биет төлөөлөгч, үлгэр жишээ манайлагч байх шахалт үзүүлэх замаар одоо буй нийгмийн хэм хэмжээг илүү сайн сайхан руу чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэг. 

Сайн сайхан зүйл хүсч мөрөөдөн, түүний төлөө тэмүүлж буй ч дэлхийн нийтийн төлөөх шийдвэр гаргалт ардчилагдаж чадаагүй байна. 

Дэлхийн хүн амын 1% нь тоглоомын дүрмийг тогтоож, 5% нь энэ дүрмээр тоглож, үлдсэн 95% нь тоглоомын нэг хэсэг болж буйгаа ч анзаарч мэдэхгүй ажиллаж амьдардаг гэдэг яриа байдаг.

Ийм учраас аль болох олон хүн, аль болох нийгмийн олон төлөөлөл шийдвэр гаргах процесст оролцох, саналаа өгөх, нээлттэй хэлэлцүүлэгт дуу хоолойгоо хүргэх, мэтгэлцээнд орох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэний оролцоогоо идэвхжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр оролцоотой болох хэрэгтэй байна. 

Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улс анх удаа ”Mongolia House”-аа сүндэрлүүлж, өргөө цагаан гэрийнхээ суурийг Давосын гол гудамж болох Променадад тамгалж, улс орноо сурталчилахаас гадна маш завгүй цуврал хэлэлцүүлэг, танилцуулгыг гадаадын хөрөнгө оруулагчдад хийж, хөрөнгө оруулалтын пийчүүдийг цаг минут алдалгүй хийж чадав. 5 хүрэхгүй хоногийн дотор давхардсан тоогоор 3125 хүн зочлов. Маш тодорхой, хэмжигдэхүйц, бодитой үр дүнд хүрэв. Тухайлбал:

Дэлхийн эдийн засгийн форум дэргэдээ Strategic Intelligence Hub буюу Стратегийн оюуны төвийг ажиллуулдаг. Энэ платформд дэлхийн алдартай бүхий л судалгааны институт, топ экспортүүд датагаа нийлүүлж, анализаа нэгтгэдэг бөгөөд эдгээрийг нь хиймэл оюун ухаан ашиглан дурын тайлан репорт, анализ дүгнэлт, мэдээ, мэдээллийн эх үүсвэрийн жагсаалт, товч танилцуулгыг ёстой хэдхэн хормын дотор авдаг. Өөрөөр хэлбэл, цэгцтэй бөгөөд зөв мэдээлэл авч шийдвэр гаргахын тулд олон зуун хуудас материал унших, тоо баримтыг ойлгох, үүнд цаг зарцуулах ямар ч шаардлагагүй гэсэн үг. Энэ платформд дэлхийн 400 гаруй судалгааны байгууллага, их дээд сургуулиуд, бодлого судалгааны институтуудын 4000 гаруй судлаачид, эрдэмтэд, аналистууд, хувийн хэвшил, ТББ-ын төлөөлөл мэдээллээ нийлүүлж хамтран ажилладаг. 55 дахь удаагийн Давосын чуулга уулзалтын үеэр Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай гэрээ байгуулж дэлхийн уураг тархи болсон энэхүү дэд бүтцийг ашиглах гэрээг Шадар сайд Т.Доржханд, Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Үйл ажиллагаа хариуцсан захирал Оливер Шваб нар гарын үсэг зурлаа. Яг ийм гэрээг Арабын Нэгдсэн Эмират улс жилийн өмнө ДЭЗФ-тай байгуулсан бол Монгол Улс хоёр дахь улс нь болж чадлаа. 

Энэхүү платформ нь улс орнуудын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг түргэтгэх, дэлхий дахинд гарч буй олон түвшний өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, стратегийн шийдвэр гаргалтыг илүү үр дүнд хүргэх зэрэг ач холбогдолтой. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү дэвшилтэт платформ төрийн байгууллагуудын стратеги, төлөвлөлтийг илүү боловсронгуй, үр дүнтэй болгон төрийн бүтээмжийг дээшлүүлж, шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолж байна. Энэ системд монгол судлаачид мэдээлэл, дата нийлүүлэх, эрдэм шинжилгээний ажлаа оруулах, хамтарсан судалгаа хийх нь нээлттэй гэсэн шүү.

“Mongolia House” дотор Монгол Улсын Засгийн газар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай маш чухал баримт бичиг гарын үсэг зурж чадав. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7% бууруулах Парисын гэрээний амлалтын дагуу 1 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины эх үүсвэр, эрчим хүч хадгалах зай хураагуурт олгох, эрчим хүчний эдгээр төслийг хувийн хэвшлээр хийлгэхээр тохиролцож баталгаажууллаа. Эхний 500 мв-ийн төслийг ирэх 3 жилийн дотор хийж дуусгах, хамгийн анхны төслийг энэ ондоо багтаан эхлүүлэх, эхний төслийн ажлыг бататгахаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны тэргүүн дэд ерөнхийлөгч энэ оны төгсгөлд Монголд очихоор боллоо. 

Дээрх хэлэлцээрийн дараа бас нэг чухал баримт бичиг зурагдав. Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо дэлхийн ногоон эрчим хүчний тэргүүлэгч Энвижн Энержи компанитай гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаагаар Монгол Улсын “Алсын хараа-2050” болон Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор эрчим хүчний хуримтлуур станц барьж, сэргээгдэх эрчим хүчний экспорт хийхээр тохиролцжээ. Энвижн компани нь саяхан Багануур дүүрэгт 50МВт/200МВт.ц эрчим хүчний хуримтлуур станцын ажлыг 77 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн нь одоогоор дээд амжилтанд тооцогдож байна. Энэхүү компани 2024 оны TIME 100 буюу ногоон бизнесийн хамгийн нөлөө бүхий дэлхийн 100 компанийн нэгээр шалгарсан төдийгүй 2024 оны FORTUNE сэтгүүлийн дэлхийг өөрчилж буй бизнесийн байгууллагаар 2 дахь жилдээ дарааллан шалгарчээ. Энвижн компани Өвөр Монголд уг бизнесээ хийж гэж байсныг Монгол руу татан авч ирж чаджээ. Энэ хэлэлцээрийн дагуу 10 хүртэлх ГВ сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэн хуримтлуулж Хятад руу экспортлох зорилготой ажээ. Мэдээж энэ эх үүсвэрээс Монгол Улс авах боломжтой. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл төслийн өртөг, хөрөнгө оруулалтын дүн 10 тэрбум ам.доллараар хэмжигдэхээр байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 12 дугаар сард Саудын Араб улсад айлчлах үеэрээ ногоон эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах талаар ярилцсан яриа албажих тал руугаа оржээ. Үргэлжилсэн уулзалтуудыг Давост Шадар сайд Т.Доржханд хийж, ACWA power компанитай сэргээгдэх эрчим хүчний салбарт 5-10 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэх, санхүүжилтын эх үүсвэр босгох хэлцэл явж байгаа аж. Дээрх хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал Монголд 20 тэрбум ам.доллар буюу бараг 70 ихнаяд төгрөгийн хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүчний салбарт орж ирж, манай улс утгаараа эрчим хүчний экспортлогч болж, Хятадын сүлжээнд нийлүүлэлт хийх юм байна. Энэ төслүүдийн хүрээнд устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэл болон түгээлт ч орж байгаа юм билээ. Дээрх компаниудын амбиц нь ч гэсэн сэргээгдэх эх үүсвэрийг ашиглан газрын тосны нөөцтэй өрсөлдөхөөр зорьж байгаагаа хэлж байв.

Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож буй Тони Блэйр "Mongolia House"-т зочилж хүндэтгэл үзүүллээ. Бидний мэдэх Англи буюу Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Ерөнхий сайд асан, Хөдөлмөрийн намыг нь 10 гаруй жил тэргүүлсэн энэ эрхэм улсынхаа түүхэнд алдарт Маргарет Тетчерийн дараа Британийн хуанлид хамгийн удаан эрх барьсан Ерөнхий сайдад тооцогддог. Дэлхийн эдийн засгийн форумд оролцож, Давосын гол буюу хамгийн алдартай их хөлийн гудамж болох Promenade-д анх удаа өргөө гэрээ зассан Монгол Улсад баяр хүргэхийн сацуу саяхан таалал төгссөн П.Очирбат ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлж яриагаа эхэлсэн.

Орос, Хятад гэсэн хоёр том бас хэцүү гүрний дунд орших Монгол Улсын амин эрдэнэ нь ардчилал юм. Энэ үнэт зүйлээ хайрлан хамгаалж явахын сацуу улс орноо дэлхий нийтэд улам өргөн дэлгэр байдлаар нээх ёстойг хэлэв. Учир нь одоог хүртэл Монгол дэлхийн олон оронд, олон улсын хамтын нийгэмлэгт нууцлаг буюу нээгдэж мэдэгдээгүй улс хэвээр буйг анхааруулав. Тийм учраас хүн бүрийг Монголд заавал зочилж үзэхийг цугласан түмний өмнө уриалж, манай улсын амбассадор боллоо. Ярианыхаа төгсгөлд мань эр хувь, хувьсгалын ажилдаа Чингис хааны түүх, туршлагыг мөрдөж судалж ажилладаг тухайгаа хэлээд “Морин дээрээс дэлхийг дайлах амархан, мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү” гэдэг сургаалийг бараг монголоор хэлээд тайзнаас буулаа.

Дэлхий асар хурдацтай өөрчлөгдөж байна. Монгол Улс Давост идэвхтэй оролцож, "Mongolia House"-таа хэлэлцүүлэг уулзалтууд зохион байгуулж, мэдээ, мэдээлэл хийж байгаа нь маш чухал. Учир нь олон хүнд Монгол "нууц" байдаг буюу хангалттай мэдээлэлгүй байдаг. Монголд 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулалт хийсэн Рио Тинто групп одоо байгаагаасаа илүүг хийж бүтээнэ. Францууд Монголын уул уурхайн салбарт албан ёсоор орж ирсэн нь бодитой өрсөлдөөнийг хэдийнэ үүсгээд эхэлсэн гээд Риогийн Зэсийн группын захирал хэлж байна. WoodMac-ийн судалгаа болон таамаглалаар 2030 онд буюу ердөө 5 жилийн дараа Оюу Толгой дэлхийн тэргүүлэх том зэсийн уурхай болж, Чилийн Escondida (BHP/RT), Индонезийн Grasberg (PT Inalum/ Freeport), Конгогийн Kamoa Kakula (Ivanhoe Mines/ Zijin), Чилийн Collaguasi (Anglo/ Glencore) гээд уул уурхайн аваргуудтай нэг зиндаанд очих нь ээ.

Тогтвортой эсвэл тулхтай хөгжлийг дан ганц компанийн ашиг, орлого бий болгож чадахгүй. Хэт их ашиг нэг талдаа нийгмийн бусад салбарт эрсдэл үүсгэж байдаг. Иймээс нийгэм, эдийн засгийн зохистой тэнцвэрийг барьсан тулхтай хөгжлийн загвар хувийн хэвшилт сонголт биш зайлшгүй даган хэрэгжүүлэг үүрэг болж байгааг банк, санхүүгийн салбарынхан хэлж байв. "Би Монгол Улсыг дэлхийд зардаг хүн. Өнгөрсөн хугацаанд маш хэцүү байсан. Учир нь хөрөнгө оруулагчид Монголыг тоохгүй, итгэхгүй, хамтран ажиллах сонирхол хүслийг нь төрүүлэхэд хүнд байсан. Харин одоо нөхцөл байдал шал өөр болж байна. Үүнд хоёр зүйл хүчтэй нөлөөлсөн. Нэгт: Эрчим хүчний үнийг чөлөөлсөн, хоёрт Францын Орано групптай хамтран ураны төслөө эхлүүлсэн. Энэ хоёр мессеж дэлхийд маш хүчтэй эерэг дохио өгч чадлаа. Олон хүн монголын эдийн засгийн төлөв байдлыг 2010 оны үсрэнгүй үетэй харьцуулж ярьж байна. Үгүй, 2010 оны өндөр өсөлтөөс ч илүү том ирээдүй биднийг хүлээж байна. Тогтвортой эсвэл тулхтай хөгжлийн цөм нь өөрөө тогтвортой бодлого, тунгалаг засаглал, тууштай зорилго шүү" хэмээн ХББ-ны Коппа захирал онцолж байлаа.

Лондонд төвтэй Дэлхийн өнцөг булан бүрт санхүүгийн мэдлэг, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг дэмжин ажилладаг Абрахам Хаус Монголын финтек салбарын түүчээлэгч Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор цогцлоосон Ард Аппын технологийн шийдлийг олон улсад иргэдийн санхүүгийн хэрэгцээнд нэвтрүүлэхээр болж, хамтран ажиллах гэрээг Давост байгуулав.

Уг ажлын хүрээнд талууд нь харилцагчдынхаа санхүүгийн ойлголт, хэрэглээг ижил тэгш, өрсөлдөхүйц хэмжээнд байлгах зорилгод бодитой хувь нэмэр оруулна гэж үзэв. Абрахам Хаус байгууллага нь Дэлхийн санхүүгийн боловсролын аяныг 2023 онд Файнэншл Таймсын (Financial Times) Гүйцэтгэх захирал Жон Риддингтэй хамтран эхлүүлж, дэлхий даяар 1 тэрбум хүнд хүрэх зорилготой бөгөөд санхүүгийн боловсрол болон санхүүгийн хэрэглээнд шинэ жишиг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Давосын чуулганд оролцсон Монгол Улсыг онцолсон гадаадын хэвлэлүүдийн талаар мэдээлэл хуваалцъя. Эдгээр нь зөвхөн миний анзаарснууд нь шүү. Хурлын сүүлийн өдөр Financial Times Трамп, Милэй, Бэкхамыг тоймлосон өөрийн нийтлэлдээ Монголыг мөн онцлов. 

“Заншил ёсоор Давосын төв гудамжийг Salesforce, Meta, Cloudflare, Microsoft зэрэг дэлхийд алдартай том компаниуд, олон улсын эдийн засагт нөлөөтэй технологийн аваргууд эзэгнэв. Энэ жилийн хувьд эдгээр аваргуудын дунд хиймэл оюун ярьсан Азийн нэгэн улс хөрөнгө оруулалт татахаар зэрэгцэн хаусаа барьж өрсөлдөж байсан нь Монгол Улс байлаа”

хэмээн онцолж, энэ мэдээ нийтлэлийг бичсэн эрхэм өөрөө монголын зохион байгуулагчид руу ярьж бичин тусгайлан баяр хүргэв. 

Дэлхийн Эдийн Засгийн Форум тухайн өдрийн хурлууд, үйл ажиллагаагаа тоймлон өдөр бүр имэйл, цахим сонингоор мэдээлэл дамжуулж байсан бөгөөд энэүү листэнд олон сая хэрэглэгчид бүртгэлтэй байдаг. Энэ цахим сонингоор дамжуулан Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай стратегийн оюуны төвийг нь ашиглах гэрээ зурсан тухай мэдээг гаргаж, үүнийгээ Special Announcement болгон зарлав. Улс төр, төрийн бодлогоор дагнан контент хийдэг АНУ-д төвтэй, Транс Атлантик бүсийг хамарсан сүлжээтэй, Хойд Америк болон Европт 1100 гаруй ажилтантай POLITICO сайт Давосын мэдээг өдөр бүр тоймлож байв. Энэ сайт Монгол хоёр удаа онцлов. 

Эхнийх нь “Давост монголчууд яг л барууны улс шиг байршжээ” хэмээн онцолж, хоёр том хөршийн дунд байдаг жижиг эдийн засагтай хэдий ч ардчиллын баянбүрд монголчууд хөрөнгө оруулалт татах олон улсын тоглоомонд эргэн ирлээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт ЕСБХБ-тай хамтран ажиллахаар боллоо, Оросоос шатах тослох материалын хамааралтай энэ улс Хятад руу ногоон эрчим хүч экспортлоно гэж дурджээ. Энэ сайтын сэтгүүлч Доржханд сайдаас тусгайлан ярилцлага авчээ. Чуулганы төгсгөлд POLITICO “Давосын шагнал” буюу аль улсууд хурлын үеэр бусдын анхаарлыг хамгийн их татаж ялгарсан гэдгийг шалгаруулав. Энэ шалгаруулалтанд зочиддоо бэлэглэж байсан монгол ноолууран ороолтоор Монгол Хаус шалгарчээ.

Энэ том нүсэр ажлыг олон сар, жилийн турш төлөвлөн амжилттай зохион байгуулсан, оролцсон, хамтран ажилласан, түншилсэн бүх хувь хүн, байгууллагуудад талархал илэрхийлье!

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө алджээ 18 цаг 14 мин Удаашралтай баригдаж буй 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ 18 цаг 15 мин Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь 18 цаг 16 мин Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна 18 цаг 17 мин Улаанбаатар хотын 5 дүүргийн 46 байршилд халиа тошин үүсээд байна 18 цаг 19 мин Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна. 18 цаг 19 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ 18 цаг 20 мин Улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээг ашигласан хар тамхины хууль бус наймаатай тэмцэх асуудлаар уулзалт зохион байгуулав 18 цаг 22 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа 18 цаг 23 мин Улаанбурхан өвчин гэж юу вэ? 18 цаг 23 мин Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага байна 18 цаг 25 мин "Монгол" нүүдэлчин өвлийн фестиваль зохион байгуулагдаж байна 18 цаг 26 мин ЕБС-ийн төвлөрлийг сааруулах зорилгоор гэр хороололд 26 бага сургууль барина 18 цаг 27 мин “ДСЦТС-2025” физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа 18 цаг 28 мин Б.Лхагвасүрэн: Ирэх сард мөнгөний бодлогын хүүг өсгөж магадгүй 22 цаг 45 мин Вьетнам улсад аялсан монгол иргэнээс улаанбурхан өвчний тохиолдол илэрчээ 23 цаг 14 мин Delta Air Lines компанийн нисэх онгоц Канадын Торонто хотод осолдож, зорчигчид амьд гарлаа 23 цаг 25 мин “Бид эх орны ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж байна 23 цаг 36 мин "The MongolZ" баг "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн наймд "Astralis"-тай тоглоно 23 цаг 39 мин “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзлаа 23 цаг 57 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэ... БНСУ тактикийн шинэ баллистик пуужинг зэвсэглэлдээ хүлээн ав... БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жэк Ма тэргүүтэй бизнес эрхлэгчидт... Монголын тамирчид Евро-Азийн гараар татах хүчний тэмцээнд та... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а...
Top