x

Үндэсний гадуурхал, глобаль Булли

Үндэсний гадуурхал, глобаль Булли

     Булли бол өнөөдрийн топ сэдэв. Манайхны үгээр бол “Үндэсний аюулгүй байдлын асуудал”. Бид чинь хэлсэн үгэндээ сүр хүч оруулах гэж “Үндэсний аюулгүй байдал”, “Энэ бол геноцид”, “Аюулын харанга дэлдэж байна” гэж дүвчигнэсээр байгаад Үндэсний аюулгүй байдал ч гэж юу юм бэ, яавал утгаараа геноцид болдог, жинхэнэ аюулын харанга ямар байх зэргийн утгыг бол алдагдуулсаан, алдагдуулсан. Хожмын маргааш Үндэсний аюулгүй байдал алдагдаж, үндэстнээрээ нь аймаглан устгуулж, аюулын харанга утгаараа дэлдэхэд “За даа, Мояа нар рэкээтээ хийж, амьтан хүн айлгаж ичээж яваа биз” гээд цочих хүн гарахгүй болтлоо дөжирсөн гэхэд болох. За энэ ч яахав, одоохондоо “Үндэсний аюулгүй байдлын асуудал” болж амжаагүй сэдэв.

     Монгол хэлнээ ойрмогхон шинээр орсон “Буллидэх” гэдэг үг “бүлэглэн гадуурхах” утгатай. Уг үг нь сайхан найз, манай талын хүн гэсэн утгатай Голланд үг байснаа хоёр зууны тэртээгээс утга шилжин, жигших гадуурхахыг заах болсон гэх. Яг монгол хэлний “сайн, сайхан” гэдэг тэмдэг нэр заримдаа утга шилжиж “Сайн эр”(хулгайч), “Сайхан гар”(яаж ч мэдэх нэгэн) болохоороо эсрэг чанар заадаг шиг юм уу даа.

    Өнөөдөр, ялангуяа нийгмийн сүлжээнд болон сурагчдын дунд байдаг Булли заримдаа олныг доргиож байна. Ёс суртахуунаа өмч хөрөнгөөсөө дээгүүр тавьдаг, нэр төрөө мөнгөнөөс чухалчилдаг Солонгос зэрэг оронд нийгмийн гадуурхалд өртсөн алдартнууд амиа хорлох ч тохиолдол нэг бус. Тохиолдол бидний дунд арай ч яригдаагүй байна. Гэхдээ, гэнэн ариун багачуудын амиа хорлолтууд гадуурхлаас үүдсэн цөхрөлтэй холбоотой байх нэн магадтай ч хэрэг явдал далд үлдээд байгаа.

    Харин Монголын насанд хүрэгчдийн дунд гадуурхагдснаас болж амиа хорлох нь барагтай болов уу? Учир нь нүүдэлчид тодорхой утгаараа “гадуурхлын дархлаатай” хүмүүс. 

   Дайн тулаан, харийн эрхшээл, улс төрийн аллага, цаг агаарын хүнд сорилтыг туулж өдий хүрсэн Монголчуудын “Амьдралын цагаан толгой”-н эхний үсэг нь “яаж ийгээд амиа авч гарах” гэдэг философиос эхтэй. Бид тулгамдсан ямар ч бэрхшээлийг “Өвчин зовлон бишээс хойш туулаад л гарна”, “Сүртэйшдээ, ямар үхсэн биш”, “Эцэг эхээ алдсан аятай юундаа урвайгаа вэ”, “Амьд хүн аргатай, аргалын гал цогтой” гэдэг зарчим баримталж давдаг. Нэг үгээр бол “Амьд байх нь ёс суртахуунаас дээгүүр”, “Амьд байх нь нэр төрөөс дээгүүр” гэдэг зарчим л даа. Ийм философи зарчимтай ард түмэн барагтай Буллиг даваад л гарах дархлаатай байж таарна.

    Нөгөө талаасаа нүүдэлчний амьдрал нь байгалийн сорилтыг даахгүй нэгнээ гадуурхах адгууслаг зөнг байнга сэрээж ирсэн бололтой. Амьтад, зарим шувуу үр ангаахай дундаасаа сул доройг нь өөрөө устгадагтай төстэй юм уу даа. Дайсан болон араатнаас зугтаах, гал түймэр, үерийн гамшгийг давах цагт зугтаах чадвартай хэсэг нь амь гарах, ингэхдээ эхнэр хүүхэд гэхчлэн өөрийг нь залгамжлагч хийгээд түүнийг төрүүлэгч эхийг дав дээр аврах хэрэгтэй болно. Хөгшид хийгээд хөгжлийн бэрхшээлтэн, өвчтөнүүд хаягдахдаа тулна. Учир иймээс, тэд булли гадуурхлын менежмэнттэй болж, түүнийгээ хэрэгжүүлэх аргыг хүртэл боловсруулжээ. Монгол ардын “Ам барих ач” гэдэг хэллэг ч эндээс гаралтай. Нүүдэл даахгүй болсон хөгшдөө буллидэхээр барахгүй, гадуурхлаа албажуулж, аманд нь булууны яс гудирч алдаг технологитой байж. Булли нь шүүхийн шийдвэр маягтай гарч, ялын тогтоолоо ач хүүгээр нь гүйцэтгүүлдэг байж уу гэмээр. 

    Гэвч цагийн эрхээр, шашны нөлөө, амьтныг гаршуулан тээврийн хэрэгслэл болгосноор нүүж суухад хялбар болсон зэрэг хүчин зүйлийн хаялгаар энэ ёс устаж, мөнөөх ам барих ачийн хэрэг явдал, “Эцэг эхийн ач хариулах” ёс суртахуунаар солигдсон бололтой. Гэхдээ л нүүдэл даахгүй, байгалийн сорилтод сөхрөхүйц нэгэндээ таагүй хандлага нь удтал арилсангүй. 

   ХХ зуунд социализм байгуулан хотшиж эхэлсэн Монголчуудын нүүдэлчний булли арилсангүй. Арилсангүйгээр барахгүй социалист аж төрөх ёсын нэг хэсэг болон албажив. Харанхуй мухар сүсэгтнүүдийн дунд байсан “шашны дайсан”, “ландрам”, “муу юм шүглэсэн этгээд” хэмээх ойлголт нь “Ангийн дайсан”, “хар шар феодал” гэдэг хувьсгалт агуулгаар солигдов. 

   Нүүдэл даахаа больсон хөгшдийг хахааж алдаг байсан бол коммунизмд чиглэсэн үсрэлтийн замын хань болохгүй гэж үзсэн “хувьсгалын эсэргүү”, “ангийн дайсан феодалуудыг” шууд л буудаж алсан нь насанд хүрсэн таван Монгол эрийн нэгийг хороосон явдал болов. Балар цагийн харанхуй нүүдэлчид ч таван эр тутмынхаа нэгийн аманд чөмөг чихэж алсан нь юу л бол?

    Улмаар, эсэргүү гэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдийг ажил сургуулиас хөөж, нийгэмд жигшүүлэх кампанит ажил зохиох болов. Тэдний үзсэн туулсны хажууд өнөөгийн сурагчдыг сошл булли бол нохойн наадам санагдахаар харгис. Тэр үеийн “Лоохуузыг үзэн ядах цуглаан”, “Намын эсрэг бүлгийг илчилсэн МАХН-ын бүгд хурлын шийдвэрийг хүлээн авах хөдөлмөрчдийн хурал”-аа байг гэхэд наяад оны эхээр “академич Б.Ширэндэвийг хэлэлцсэн ШУА-ын намын хорооны хурлын протокол”-ын хажууд өнөөгийн сошл хуйлраан, “Мояа давалгаа”, “Лодойг баалах” энээ тэрээ бол зүгээр л хоолны хачир.

   Нийгэм харьцангуй дулаарсан гэх ХХ зууны жараад оноос хойш ч сахилгагүйтсэн сурагчдыг анги хэсүүлэн шийтгэх хэмээх “Сурган хүмүүжүүлэх булли” цэцэглэв. Ариун цэврийн талаар тааруу, ялангуяа бөөстэй гарсан гэх хүүхдийг анги хэсүүлэн жигшээхийн хажууд өнөөгийн “Чи үхээч, Манай сургуулиас зайл” гэхчлэнгийг сошл булли юу юм бэ? Ахуй амьдралын бэрхшээлтэй, халуун усгүй хүйтэн гэрт амь зуудаг охин хүүхдээс бөөс гарав хэмээн сургууль даяар харуулан хөтөлсний дараа нийгмийн дунд амьд явахад ямар байхсан!

   Тухайн цагтаа хэвийн л санагддаг байсан, социалист уралдаанд хоцорсон хүмүүсийн нэрийг самбарт зарлах, нохой гахай унуулан зураад олон хөлийн газарт тавих зэрэг нь өнөөгийн хүний санаанд багтахгүй.

   Та өнөөдөр нэг байгууллагаар ороход үүдэнд нь “Манай байгууллагын хамгийн муу хүмүүс” гээд хэдэн хүний зураг хадсан байвал хэрхэн лайвдаж, фээстээ поост хийж дуулиан хадаах бол доо? Гэтэл тэр нь социалист нийгмээ улам сайхан болгох төрийн бодлогын нэг хэсэг байсан гээд бодчих!

    Өнөөгийн бидний гайхаад байдаг, үр хүүхэдээ “хүний дор орохооргүй” хүн болгох гэдэг үзэл санаа ч нийгмийн буллийг тэсэн давах сэтгэлийн тэнхээтэй, түүнд өртөхөөргүй хүн болгохоос эхтэй буйзаа. 

   Үнэндээ бол, “Хүний дор орохгүй хүн” гэдэг нь дарга даамал, оройлогч болно гэсэн санаа бус, харин ч нийгмийн буллид өртөхгүй, өртлөө ч амиа хорлочихгүй даваад гарах хэмжээний нэгэн байх гэдэг утгатай ч байж мэднэ. 

   Өнгөрсөн нийгэмд хүмүүс гадуурхлын талаар гомдоллохын оронд үр хүүхдээ түүнийг тэсэх дархлаатай болгохыг л чухалчилжээ. Гомдоллоод ч яах билээ, булли нь төрийн бодлого болоод сургууль соёлын газарт хэрэгжиж байхад чинь.

    Өнөө цагийн нээлттэй нийгэм, олон нийтийн цахим сүлжээнд олон сул тал бий. Гэхдээ нийгмийн гишүүд сүүдрээ харах, хянах боломж олгож байдаг нь сайхан. Сошл ертөнцөд буй гадуурхал, ялангуяа хүүхэд багачуудын дунд байгаа “Үе тэнгийнхний Булли” бол яриуштай чухал сэдэв мөн. Гэхдээ, Монголчуудын дунд байгаагаагүй гай гамшиг гэнэт гараад ирсэн юм биш. Олон хүн “хэзээ ийм юм байлаа”, “Монголчууд ийм ч болох гэж дээ” гэхчлэн халаглаж байгаа ч, үг нь гадаад ч үйлдэл нь "үндэсний брэнд” үзэгдэл. Хүүхдүүд нэгнийхээ нэрийг хар самбарт бичих, нохой гахай унуулан зурж доромжлох, анги хэсүүлэн гадуурхах уламжлалыг голж орхиод илүү орчин үеийн технологи ашиглах болжээ л гэж ойлгоход болно. Гэвч цаашдаа технологио л солиод суртлаа солихгүйгээр хөгжих боломжгүй.

Муухай байна, гэхдээ бид муухайгаа мэдэж авч байна.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө алджээ 8 цаг 11 мин Удаашралтай баригдаж буй 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэж эхэллээ 8 цаг 12 мин Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь 8 цаг 14 мин Чингэлтэй дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна 8 цаг 15 мин Улаанбаатар хотын 5 дүүргийн 46 байршилд халиа тошин үүсээд байна 8 цаг 17 мин Нийслэлийн хэмжээд 446 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна. 8 цаг 17 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ 8 цаг 18 мин Улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээг ашигласан хар тамхины хууль бус наймаатай тэмцэх асуудлаар уулзалт зохион байгуулав 8 цаг 20 мин “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа 8 цаг 20 мин Улаанбурхан өвчин гэж юу вэ? 8 цаг 21 мин Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага байна 8 цаг 22 мин "Монгол" нүүдэлчин өвлийн фестиваль зохион байгуулагдаж байна 8 цаг 24 мин ЕБС-ийн төвлөрлийг сааруулах зорилгоор гэр хороололд 26 бага сургууль барина 8 цаг 24 мин “ДСЦТС-2025” физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа 8 цаг 25 мин Б.Лхагвасүрэн: Ирэх сард мөнгөний бодлогын хүүг өсгөж магадгүй 12 цаг 43 мин Вьетнам улсад аялсан монгол иргэнээс улаанбурхан өвчний тохиолдол илэрчээ 13 цаг 12 мин Delta Air Lines компанийн нисэх онгоц Канадын Торонто хотод осолдож, зорчигчид амьд гарлаа 13 цаг 23 мин “Бид эх орны ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж байна 13 цаг 34 мин "The MongolZ" баг "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн наймд "Astralis"-тай тоглоно 13 цаг 37 мин “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд сэтгүүлчидтэй уулзлаа 13 цаг 55 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Баялгийн хараал Украин дээр буусан нь энэ юм болов уу? "Урсгал" кино дэлгэцнээ: Хэн үзэх ёстой вэ? Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч сал... "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий... Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахыг шаардав Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэрги... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төм... Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар ш... Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын с... TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаа...
Top