Авлигатай тэмцэх газрын (АТГ) Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 16-нд зохион байгуулсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжийн төлөвлөлт, хяналтыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үр дүнд удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
51 барилга байгууламжийн 90 орчим хувь нь сургууль, эмнэлэг, дотуур байр
Хэлэлцүүлгээр, 2009-2024 оны хооронд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж эхэлсэн ч он дамнан удаашралтай зогссон болон асуудалтай 51 барилга байгууламж байгаа нь тогтоогдсон байна. Эдгээрт анх 215 тэрбум төгрөг төсөвлөгдөж, гэрээний дагуу 88.2 тэрбум төгрөг олгогдсон ч барилгын ажлын явц зогсонги байдалд орсон нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж болзошгүй нөхцөл үүсгэжээ.
51 барилга байгууламжийн 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал зэрэг нийгмийн салбарт чиглэсэн барилгууд байгаа нь онцлох асуудал болж байна.
Хэлэлцүүлгийн үр дүн
Хэлэлцүүлэгт оролцогчид он дамжин баригдаж буй барилга байгууламжийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, төсвийн хөрөнгийн зарцуулалтад дүгнэлт хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, Зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
АТГ-аас хүргүүлсэн Зөвлөмжийн дагуу, удаашралтай болон ажил зогссон барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүн гарч буйг Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатан 2025 оны 2 дугаар сарын 7-нд ирүүлсэн 01/270 тоот албан бичигтээ дурджээ.
17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэсэн
- 51 төсөл, арга хэмжээнээс
- 12 барилга байгууламжийн гэрээг цуцалсан
- 2 төсөл арга хэмжээг ашиглалтад хүлээн авсан
- 3 барилга байгууламжийн үлдэгдэл ажлын тоо хэмжээг баталгаажуулан төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлсэн
Ингэснээр нийт 17 төсөл, арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж, удаашралтай байсан барилга байгууламжуудын ажлыг эрчимжүүлэх боломж бүрдээд байна.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар