Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээ үзүүлэгч иргэн, ААН-ийн төлөөллүүд”-тэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар шуудан, карго ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг нэмэгдэж буй асуудал, түүний хор уршиг, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.
Гэмт хэргийн нөхцөл байдал
Сүүлийн 8 жилийн хугацаанд Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн 76 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд:
-
37.9% нь газраар,
-
12.1% нь агаараар,
-
50% нь шуудан илгээмж, карго ашиглан үйлдэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэг цөөн хүн амтай Монгол Улсад аюул учруулж болзошгүй тул хууль хяналтын байгууллагууд хяналт, шалгалтыг чангатгах шаардлагатай байгааг онцлов.
Гаалийн хяналтыг чангатгаж байна
Гаалийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор:
-
Рентген төхөөрөмж, тандагч багаж хэрэгслээр гаалийн хяналтын бүсүүдийг тоноглох
-
Шуудан, карго ашиглан хар тамхи нэвтрүүлэхийг завдах чиглэл, урсгалд хамтран хяналт тавих ажлуудыг хэрэгжүүлж байна.
Хууль хяналтын байгууллагуудын хамтарсан хяналт үр дүнтэй байна
Тагнуул, Цагдаа, Гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны эхний хоёр сарын байдлаар 4 удаагийн гэмт хэргийг илрүүлж, холбогдох этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд мансууруулах бодисын хор хөнөөл, хууль бус наймааны нөхцөл байдал-ыг танилцуулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлагатай байгааг онцлов.
Цаашид шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд хяналт шалгалтын шаардлага нэмэгдэж, хар тамхитай тэмцэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцжээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар