Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газар орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхлээд байгаа. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Ухаа худгийн ордыг "Энержи Ресурс" компанид олгосон нь хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар ажлын хэсэг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийг ахалж ажиллахаар болсон.
Үүний дараа "Энержи Ресурс" компанийн толгой компани болох "MCS" группэд хуулийн байгууллагууд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг хоёр хоногийн өмнө баривчлан саатуулсан. /Хэвлэлүүдэд мэдээлснээр түүнийг ажлын цаг дууссаны дараа "Japan Town" дахь гэрийнх нь орчмоос баривчилсан байдаг/.
Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Нийслэлийн прокурорын газраас З.Төрмандахыг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.
Мөн түүнийг “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокуророос Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Анхан шатны шүүх уг саналыг өчигдөр буюу 19-ний өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж, 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.