Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандартын хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар хамтран "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль"-ийн төслийг өргөн барихтай холбоотойгоор "Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин" сэдэвт урьдчилсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн гол сэдвүүд
Барилгын ерөнхий хуулийн төсөлд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, хотын стандарт, тулгамдаж буй асуудал, барилгын тохирлын үнэлгээний итгэмжлэл зэрэг асуудлуудыг хэрхэн тусгаж, шинэчлэх талаар мэргэжилтнүүд санал солилцлоо.
Барилгын стандартын өнөөгийн байдал
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү:
- Барилгын салбарын стандартын эрх зүйн орчин бол бүхэл бүтэн тогтолцоо бөгөөд одоогийн байдлаар манай улсад 404 стандарт хүчинтэй мөрдөгдөж байна.
- Стандарт шинэчлэх үйл явц тасралтгүй явагддаг ч зарим нь хуучирч, уялдаа холбоо муутай байгаа нь тулгамдсан асуудал болж буйг онцлов.
- Хэлэлцүүлгээс гарсан үр дүнгийн дагуу барилгын стандартын тогтолцоог боловсронгуй болгож, салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготойг тодотголоо.
Эх сурвалж: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам