Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайд бөгөөд Султаны бие төлөөлөгч Аса’ад Бин Тарик Аль-Саидтай уулзав.
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж
Талууд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцжээ. Тухайлбал:
- Монгол Улсаас Оманд мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох
- Оманаас Монголд загас, хасарваань, хуурай жимс импортлох боломжтойг онцолсон байна.
Дээд түвшний харилцааг гүнзгийрүүлэх зорилго
Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ чухал гэдгийг онцолж, цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Соёл, урлагийн хамтын ажиллагаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалынхаа хүрээнд Оманы Хааны нэрэмжит дуурийн ордноор зочилж, Монголын дуурийн шилдэг дуучдын тоглолтыг уг театрт зохион байгуулах талаар ярилцлаа. Түүнчлэн дээд, өндөр түвшний айлчлалын үеэр Морин хуурын чуулгын бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулах боломжийг судлахаар тохиролцсон байна.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам